Categories
мэдээ цаг-үе

Д.Хурцбаяр: Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалаас гаргах хэрэгтэй байна


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Танай төв хэдэн өвчтөнд үйлчилдэг вэ?

-Манай тасагт 168 өвчтөн 30 аппаратан дээр үйлчлүүлж байна.

-Хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон бол?

-Одоогоор манай тасагт хүлээгдэж байгаа 45 өвчтөн бий. Хан-Уул дүүрэгт шинэ аппарат ашиглалтад орсон. Сонгинохайрхан дүүрэгт бас аппарат ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр харьяаллын дагуу зарим өвчтөнөө тийшээ явуулчихвал бид ахин хэдэн өвчтөн авах боломжтой.

-Хан-Уул дүүрэгт гемодиализийн төв нээлтээ хийсэн. Хэдэн аппараттай вэ?

-Гурван аппарат ашиглалтад орсон. Манай аппаратанд ордог хүмүүс эмнэлэгт хэвтээд байдаггүй шүү дээ. Нэг өдөр ирээд дөрвөн цаг аппарат залгуулж эмчилгээнд орчихоод явдаг.

-Сонгинохайрханд шинээр хэдэн аппарат ашиглалтад орох вэ, аппарат хүрэлцэхгүй, хүлээгдэл ихтэй байгаа тухай гомдол их явах юм?

-Аппарат хүрэлцээгүй байна гэж олон жил ярьж байгаа. Төр засгаас энэ асуудалд анхаарал тавьж, жил болгон аппаратны тоог нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч диализэд орох хүний тоо их болохоор хүрэлцэхгүй байна.

-Хувийн эмнэлгүүд ч бөөрний архаг дутагдалтай хүмүүст үйлчилдэг. Гэхдээ өвчтэй хүмүүс төлбөрийг нь тэр бүр дийлдэггүй учраас даатгалаас хувь, хувьсгалын гэлтгүй эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргаж байж хүртээмж нэмэгдэнэ гэж ярьцгаадаг?

-Хувийн эмнэлгийн аппаратууд тодорхой хэмжээгээр сул зогсч байгаа. Хувийн эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Харин хүмүүс маань мөнгө төгрөгийн боломж муутай. Тэгэхээр энэ үйлчилгээг хүссэн ч авч чадахгүй байна. Цаашдаа энэ төлбөрийг улсаас даах биш даатгалд хамруулах хэрэгтэй байна. Диализийн аппаратаар нэг хүнд үйлчилдэг урсгал зардлыг даатгалын систем гаргаж өгдөг болох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс биш хүмүүс бүгд даатгалтай л байгаа. Даатгалын хуульд диализийн үйлчилгээний зардлыг даатгал хариуцна гэсэн заалт байхгүй.

-Даатгал үлдэгдэлтэй гардаг гээд байдаг, ийм өвчтэй хүмүүсийнхээ зардлыг дааж болохгүй юм байх даа?

-Бид төсөв ямар байгааг мэдэж байгаа. Жишээлбэл, манайд 160 хүнийг аппаратанд оруулах мөнгийг улс өгч байна шүү дээ. Төсөв нэмэгдвэл энэ тоог нэмж болох байх. Гэхдээ ийм байдлаар хол явахгүй. Даатгалын системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Дэлхийн бусад бүх оронд даатгалын тогтолцоо үйлчилдэг. Хэдэн хувийг нь улс, хувь хүн, даатгал хариуцах юм бэ гэдэг нь улс орны онцлогоос хамаараад өөр өөр байдаг. Дунджаар эмчилгээний зардлын 70-аад хувийг нь даатгал хариуцах жишээтэй.

-Нэг өвчтөн долоо хоногтоо хэдэн удаа аппаратанд орж байна. Нэг орохдоо хэдэн цагаар ордог вэ. Ямар нэг стандарт байдаг уу, үүнийгээ хангаж чаддаг уу?

-Нэг өвчтөн долоо хоногт гурван удаа, нэг орохдоо дөрвөн цаг орох ёстой гэсэн дэлхийн стандарт байдаг. Аппаратын хүрэлцээгүйгээс болоод манай 170-аад хүний 60-аад хувь нь долоо хоногт гурван удаа орж байгаа. Долоо хоногт нэг, хоёр удаа орж байгаа хүн ч бий. Энэ хүмүүс аппаратанд орохдоо хувиасаа мөнгө төлөхгүй байгаа ч эм тариагаа өндөр үнээр авч уудаг. Бөөр гэдэг маань зөвхөн хор шүүдэг эрхтэн биш. Маш олон үүрэгтэй. Түүний нэг нь цус төлжүүлэх үүрэг. Эрдсийн солилцоонд бас оролцдог. Энэ бүхнийг нөхөх эмийг уудаг. Өндөр үнэтэй эмүүд шүү дээ. Кальци фосфорын солилцоонд ордог эм нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй ч байна, арав гаруй мянган төгрөгийн үнэтэй ч эм байна шүү дээ. Эднийг авч уух шаардлагатай болдог. Улсаар даалгаж гемодиализийн аппаратанд орж байгаа хүмүүст хэцүү байхад энэ зардлаа хувиасаа гаргадаг өвчтөнүүдэд яаж тусах нь ойлгомжтой.

Бид ацан шалаанд орж байдаг. Нэгэнт аппаратанд орж байгаа өвчтөнийг хүн шиг амьдруулмаар байна. Гэтэл гэнэт өөр нэг хүн болохоо байгаад хүрээд ирдэг. Тэр хүний амийг аврахын тулд нэг хүн аппаратанд орох хугацаанд ахиад өөр хүн оруулах болдог. Хүмүүсийг үхсэн, амьдын хооронд байлгаж болохгүй. Гэтэл стандартаа мөрдүүлье гэхээр гадаа хүн үхэх гээд байдаг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг тодорхой хэмжээнд зохицуулалт хийгээд явж байна.

-Хүлээлгэнд байгаа хүн хэр удаан хүлээдэг вэ?

-Манай аппаратанд орж байгаа хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох эсвэл хэвлийн диализийн эмчилгээнд орох, бурхан болсон тохиолдолд л нэг мест гарна. Ганц нэг хүн бөөр солиулах мэс засалд орж байна. Аппаратанд орж байгаа тохиолдолд нас баралт их биш. Тэгэхээр манай дараалал нэг их хурдан явахгүй.

-Танай аппаратанд хамгийн удаан орж байгаа хүн хэдэн жил болж байна?

-Дээд тал нь 16-17 жил орж байгаа хүн байна. Дунджаар 5-10 жил амьдарч байгаа хүмүүс дийлэнх нь.

-Бөөрөө солиулж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

-Манай эмнэлэгт саяхан 120 дахь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэн. Манай аппаратанд ордог хүмүүс мэс засалд ороход зовлон бий. Тэд байнга өндөр үнэтэй эм, тариа хэрэглэдэг учраас хагалгаанд орох хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаггүй. Мэс засалд ороход 20 гаруй сая төгрөг хэрэг болно. Дээр нь донор байх учиртай. Бөөр олдоц муутай. Цогцосны донор гэж байдаг ч манайд хараахан хөгжиж чадаагүй.

-Шийдвэр гаргагчдаас таны хүсэх зүйл юу вэ?

-Хамгийн их хүсч байгаа юм гэвэл манай эмчилгээг даатгалд хамруулбал олон хүний амийг аврахад тустай. Бид бас улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэж байна. Улсын бүртгэлд байхгүй болохоор компаниуд нь оруулж ирж чадахгүй. Манай өвчтөнүүдийн хэрэглэдэг эмүүдийг улсын бүртгэлд бас даатгалд хамруулчихвал олон хүнд тус болно.

-Ямар насныхан бөөрний өвчнөөр өвдөөд байна вэ. Юунаас шалтгаалаад хүмүүс ингэтлээ хүнд байдалд ордог юм бэ?

-Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс аппаратанд ордог юм. Бөөр үндсэндээ ажиллахгүй болоход орлуулж байгаа эмчилгээ нь ийм. Бөөрний архаг дутагдалд орж байгаа хүмүүсийн ихэнх нь түүдгэнцрийн үрэвслээр өвдсөн байдаг. Түүдгэнцрийн үрэвсэл хөдөлмөрийн насны ид залуу хүмүүст, бүр хүүхэд наснаас эхлээд тохиолддог өвчин. Тэр дундаа эрэгтэй хүмүүс илүү өртдөг. Манай үйлчлүүлэгчид ихэнх нь хөдөлмөрийн насныхан байх жишээтэй. Гэхдээ сүүлийн үед настай хүмүүс олширч байгаа. Чихрийн шижин өвчин маш хурдацтай тархаж байна. Сахараасаа болоод бөөр нь гэмтээд, ажиллагаагүй болдог. Даралт ихсэх өвчин бас бөөрний дутагдалд хүргэнэ. Монгол эрс тэс уур амьсгалтай орон. Хүйтэнд даарч хөрснөөс бөөр их өвчилдөг. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна. Үрэвсэлт өвчнүүдийг үүсэхэд хоолой өвдөх, гадна орчин, хоол унд, харшил нөлөөлнө. Бөөрний өвчнөөс болоод даралт нь ихэсдэг хүмүүс байна. Түүнчлэн даралт нь их байхаар бөөрөө гэмтээх нь ч бий.

-Бөөр өвдөж байгааг яаж мэдэх вэ. Хамгийн түрүүнд өрхийн эмчид хандах ёстой юу?

-Бөөр дүлий эрхтэн. Илрэх шинж тэмдэг бага. Эхний үед зовуурь өгөхгүй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өрхийн эмчдээ тодорхой хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Бид бөөрний өвчинг шинжилгээгээр л оношлодог. Шээсний шинжилгээгээр маш их юм илэрнэ. Шээсээр уураг, бага хэмжээгээр цус хаяхад хүнд мэдрэгдэхгүй. Тийм учраас шинжилгээ өгч байх хэрэгтэй. Өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай гэвэл дараагийн шатны эмчид хандахыг зөвлөдөг.

-Бөөрний архаг дутагдалд орсон 500 хүн байна гэсэн тоо сонсогддог. Яг нарийн судалгаа байдаг уу?

-Олон улсын жишиг бий. Нэг сая хүнд 150 орчим аппарат хэрэгтэй гэж үздэг. Бид одоо гурван саяулаа болчихлоо. Улсын хэмжээнд 120 аппарат л байдаг. Жил болгон аппаратанд орох шаардлагатай 60-70 хүн нэмэгддэг. Гэхдээ аппарат маань энэ хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна.

Д.Аззаяа: Будаг үнэртэхэд л бид хордлогонд ордог

Бөөрний архаг дутагдалд орсон гэсэн оноштой ч гемодиализийн аппарат хүртэхгүй хүлээж байгаа хүмүүс хэрхдэг бол. Энэ тухай тодруулахаар Д.Аззаяатай ярилцлаа. Тэр 45 настай ч ихэд ядрангуй харагдах бөгөөд хөөж хавагнасан хөлөө арай ядан зөөж байлаа.

-Юунаас болоод бөөрний архаг дутагдалд орчихов?

-Энэ өвчнөөр оношлогдоод жил гаруй болж байгаа. Энэ өвчний хэцүү тал гэвэл эмчилгээ нь өртөг өндөртэй. Одоо бол аппаратандаа цаг тухайд нь орж чадахгүй хэцүү байна даа. Бөөрний архаг дутагдал янз бүрийн шалтгаантай. Би чихрийн шижин өвчнөөр арав гаруй жил өвдсөн. Өвчний хүндрэл явсаар байгаад бөөрний архаг дутагдалд орчихсон. Дутагдалд орсноо мэдэхгүй явсан. Хөл хавдахаар нь үзүүлсэн чинь “Бөөрний дутагдалд ороод, эцсийн шатандаа шилжсэн байна” гэсэн.

-Тэр болтол нь танд илэрхий шинж тэмдэг мэдэгдээгүй юу?

-Хамгийн аймшигтай санагдсан юм нь хурц өвдөлтгүй байдаг. Бас энэ өвчнөөр залуу хүмүүс их өвдөж байгаад эмзэглэж байна. Диализийн аппаратанд 20-той охин орж байна. Тэр охин бөөрний дутагдалд орсноо мэдээгүй явсан гэнэ. Аппаратанд орж чадахгүй яваад байсан чинь цус харваад, өрөөл татуу болчихжээ. Тэр охины залуу нас, анхны хайр, үр хүүхэд хаачих юм бэ. Хамгийн айшигтай нь энэ л санагдсан.

-Та нэг жилийн хугацаанд гемодиализийн аппаратанд хэд орсон бэ?

-Оношлогдсоныхоо дараа муудсан үедээ гурван удаа орлоо. Зүгээр ороогүй, таньдаг мэддэг хүмүүсээр дамжуулаад, гуйж байж эмнэлэгт хэвтсэн. Эмч олдохгүй, оочер дугаар нь ч дийлдэхгүй юм билээ. Их хүнд байсан болохоор намайг гурван удаа аппаратанд оруулсан. Саяхан бас муудаад, сэхээнд дэмийрч очоод бас хэд орсон. Оношлогдсоны дараа нэгдүгээр эмнэлэгт оочерт бүртгүүлсэн л дээ. Би 49 дугаарт бичигдсэн. Миний ойлгосноор бол өмнөх хүмүүс маань бөөрөө солиулах юм уу, ямар нэг арга хэмжээ авагдсаны дараа би аппаратанд орох юм билээ. Саяхан утасдаад “Танай 14 дүгээр төв чинь удахгүй диализийн аппараттай болох гэж байна. Тийм учраас таныг оочероос хаслаа” гэсэн. 14 дүгээр төв болохоор долдугаар сарын 1-нээс хойш аппараттай болно гээд одоо болтол болоогүй л байна.

-Хувийн эмнэлэгт аппаратанд орох боломж байгаа юу?

-Хувийн эмнэлэгт аппаратанд нэг удаа ороход 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэсэн. Мөнгө нь байвал би давхиж очоод ормоор л байна. Аппаратанд орчихоор ямар сайхан болдог гээ. Бие хөнгөрөөд л эрүүл хүн шиг болно. Би одоо аалз шиг явж байгаа биз. Аппаратанд орчихвол бараг гүйнэ шүү дээ. Би хэвийн амьдрахын тулд сард хоёр сая гаруй төгрөг зарцуулах юм билээ. Аппаратанд болон авах ёстой уураг, эм тариандаа зарцуулахад л ийм мөнгө гарах юм. Хэрэв би барууны оронд байсан бол диализийн аппарат асуудал биш. Аппаратанд байнга ороод, үр хүүхэд төрүүлж, ажлаа хийх бүрэн боломжтой. Диализийн аппарат гэдэг бол бөөрийг л орлож байгаа төмөр машин шүү дээ. Таван км зам барих мөнгөөр бөөрний диализийн аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой гээд зарим хүмүүс тооцоо хийсэн байна лээ.

-Та эрүүл мэндийн даатгал төлдөг байсан уу?

-Төлөлгүй яахав. Би чинь улсад арав гаруй жил ажиллаж тасралтгүй даатгал төлж байсан. Одоо бол миний сарын орлого 196500 төгрөг. Үүгээрээ нэг удаа аппаратанд ороод дуусгачихаж болохгүй, амь дүйсэн үедээ л орно. Амьдрах, идэж уух хэрэгтэй.

-Бөөрний хагалгаа хийлгэхсэн гэж боддог уу, хамгийн их хүсч байгаа юм чинь юу вэ?

-Олон хүн ах дүү, амраг садан, эргэн тойрныхондоо битгий ингэж дарамттай амьдраасай. Аппаратыг нь хүртээмжтэй болгоод өгөөсэй. Надад үхэхэд айх, гомдох юм алга. Будаг үнэртэхэд эрүүл хүмүүс бол “Будаг үнэртэж байна” гээд л өнгөрнө. Бид бол шууд хордлогонд ордог. Бөөр гэдэг ийм л чухал эрхтэн юм байна. Бүх хүнд би энэ тухай заавал хэлмээр санагддаг.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *