Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Б.Энхчимэг: Мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү донтолтыг үүсгэдэг

Жил бүр 10 дугаар сарын 10-д “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг зохион байгуулдаг. Монгол Улс энэхүү өдрийг тэмдэглээд 17 жил болж байна. Манай улсад сүүлийн 25 жилд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд ДЭМБ-ын тооцоолсноор ойролцоогоор 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй байна гэж гарчээ. Мөн манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг байна.

Энэ талаар СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүмүүс хэр ойлголттой байдаг вэ?-

-Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн эрүүл мэндийн судлах үндсэн гол асуудлуудын нэг юм. Өнөөгийн байдлаар дэлхийн 4 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчиний 5 нь сэтгэцийн эмгэг байна. Хүмүүс дунд нэг буруу ойлголт байдаг. Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр заавал солиоролтой, өвчтэй, хяналтанд байх ёстой хүмүүс гэж ойлгодог. Гэтэл бидний өдөр тутмын амьдралд маань нийгэмд янз бүрийн хямрал явагдах тусам түүнийг дагаад хувь хүн бүрт сэтгэхүйн хямрал, янз бүрийн асуудлууд тулгамддаг. Энэ бүх асуудлуудыг зөв шийдвэрлээд явахгүй бол ямарваа нэг донтолтын өвчлөлүүд, ядаргаа сульдал гэх мэт өвчлөлүүд даамжирч явдаг. Тиймээс хувь хүний стресс гэж юу юм бэ, түүнийг яаж даван туулах вэ, стресс тайлах ур чадварыг яаж эзэмших вэ гэх зэргийг мэдэж байх ёстой байдаг.

Үүнээс үүдээд буруу зуршлууд, донтолтууд үүсдэг. Архинд донтох, тамхины хэрэглээ, PC тоглоом, хар тамхи, мансууруулах бодис гээд энэ бүхний суурь нь стрессээс болдог. Хүн түр зуурын тайвширсан байдалд оронгуутаа тухайн хэрэглэж байгаа бодисоо дахин дахин хэрэглэх гэсэн сэдэл төрсөөр байгаад яваандаа донтох өвчин рүү ордог. Тэгэхээр энэ бүхнийг хүмүүст ойлгуулснаар ерөөсөө стрессгүй, тодорхой хэмжээнд сэтгэцийн эрүүл мэнд гэдэг асуудлын талаар хүн бүр багаасаа ойлголттой болчих юм бол хожим хойно өөрийгөө ямар нэг сэтгэцийн өвчинөөр өвдүүлэхгүй, донтолтоор өвчлүүлэхгүй байх ёстой юм.

  • Танайд ямар судалгаа хийдэг вэ? Хамгийн сүүлд хийсэн судалгааныхаа талаар ярьж өгөөч?
  • Манайд хамгийн сүүлд 6 төрлийн судалгаа хийгдсэн. Архинд донтох өвчин, архины хэтрүүлэн хэрэглээ, Нойргүйдэл, Стресс, Гутрал, Сэтгэл түгшилт гэх мэтчилэн.Сэтгэцийн эрүүл мэндийн төв маань үйл ажиллагаагаа явуулахдаа нэг хэсэгт нь хордлого тайлах, сэтгэл зүйн эмчилгээ явуулдаг. Нөгөө талаар дан ганц хэвтэн эмчлүүлснээр үр дүн тийм сайн байдаггүй учраас гадагшаа чиглэсэн өдрийн эмчилгээг энэ ондоо илүү түлхүү хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Хуучин бол амбулаторийн эмчилгээ маань үр дүнтэй явж байсан. Гэхдээ СЭМҮТ-өө түшиглэсэн өдрийн үйлчилгээ гэж байгаагүй, 2016 оноос эхлэн шинээр нээсэн байгаа.
  • Өдрийн эмчилгээнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
  • Өнөөдөр дийлэнх хүмүүс маань архины асуудалтай байна. Цөөн тооны хар тамхины асуудалтай хүмүүс хамрагддаг. Тиймээс ерөнхийдөө донтолт гэж юу юм бэ, одоо ууж байгаа хэмжээ, давтамж маань зохистой хэрэглээ мөн үү, биш үү гэдгийг үйлчлүүлэгчдэдээ ойлгуулж өгнө. Тухайн хүний “Би архичин биш ээ” гээд өөрийгөө үгүйсгээд байгааг нь дарах зорилгоор мэдээлэл, мэдлэгээ олгох ёстой. Хэдий чинээ энэ өвчиний талаарх мэдээлэл, мэдлэгтэй болно тухайн хүн маань өөрийнхөө хэрэглээн дээр хяналт тавьж ойлгож эхэлдэг. Хувь хүнийхээ талаас өөрөө ингэж өөрчлөгдөхөөс гадна ар гэрийнхнийгээ ялангуяа үр хүүхдээ архидалттай орчин яаж гэмтээж байна, хожим хойно тэр хүүхдүүд стрессээс шалтгаалсан сэтгэцийн өвчтэй болох уу үгүй юу гэдгийг ойлгодог. Өдрийн эмчилгээг СЭМҮТ дангаараа хийхээр үр дүн бага байдаг учраас энэ жилээс тодорхой архины хэрэглээтэй байж байгаад өөрөө архины хэрэглээнээсээ татгалзаад арван хэдэн жил болчихсон үр дүнтэй байгаа хүмүүстэй хамтарч ажилладаг. Мөн энэ чиглэлээр хүмүүст туслах үйл ажиллагаа явуулдаг “Амьдралын зөв шийдэл” ТББ-тай хамтраад ажиллаж байна. Ингэснээр бид мэргэжил, онолынхоо үүднээс ойлголт мэдээллээ өгнө. Нөгөө ТББ-ын хүн маань өөрөө эдгэрсэн хүн учраас бодит амьдрал дээр яаж өөрчлөлтөнд орсон, энэ өвчлөл миний амьдралд яаж нөлөөлж байсан болон эргээд эрүүл саруул болоход амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж сайхан болж байна, үр хүүхэд нь ямар амжилттай хичээл сургуульдаа явж байна гэх мэтчилэн бодит амьдралаасаа ярьж өгдөг. Тийм учраас эмчилгээний үр дүн маш сайн байдаг. Өдрийн эмчилгээгээ 6-10 хүнтэй нэг бүлэг бүрдүүлээд явуулдаг. Энэ бүлэгтэйгээ гурван долоо хоногийн турш өдөрт 2-3 цагийн турш сургалт, сэтгэлзүйн эмчилгээ явуулж байдаг.
  • Энэхүү сургалтын дараа хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
  • Энэ сургалтын дараа хүмүүс хэтэрхий хожуу энэ мэдлэг мэдээллийг авч байгаадаа харамсдаг. Бид нарын ч мэдээлэл тийм байдаг. Тэгэхээр Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас нь авахуулаад хичээлийн сургалтын программд энэхүү сэтгэцийн эрүүл мэнд, стресс тайлах, донтолтын талаарх мэдээллүүдийг анхаас нь суурьтай өгөх хэрэгтэй болж байна. Ингэж өгөлгүй хожуу хойно нь сургалтанд хамруулж тухайн хүнийг эдгэрүүлж байгаа ч гэсэн анхнаас нь зөв өгсөн бол ийм буруу алдаануудыг гаргахгүй байх боломжтой.
  • Донтох эмгэгийн талаар гадагшаа чиглэсэн сургалтуудыг хэр хийдэг вэ?
  • Нэг хэсэг бид нар Ерөнхий боловсролын сургуулийн “Эрүүл мэндийн хичээл” ордог багш нарт сургалт явуулдаг байсан. Харамсалтай нь сургуулиудад нэг чиглэсэн багш байдаггүй, дандаа хавсарсан ажилтай байдаг. Зарим нэгэнд нь химийн багш нь ордог байхад, заримд нь биеийн тамирын багш нь орох жишээтэй. Багш нарт хичээл орж байхад тэдний мэдлэг мэдээлэл маш дутуу байдаг. Гурван өдрийн сургалт семинарыг зөвхөн нэг чиглэлээр зохион байгуулахад эхлээд гайхдаг. Ийм урт хугацаанд ямар мэдээлэл өгөх гэж байгаа юм бол гээд. Гэвч дөрөв дэхь өдрөө дүгнээд ярилцаад сууж байхад гурван өдөр хангалтгүй юм байна гэцгээдэг. Стресс тайлах аргад суралцсан хүүхэд бол хүнтэй их зөв харьцдаг болдог.
  • Интернет хөгжсөнөөр хүмүүс бие биенээ их шүүмжилдэг, илт бие биенээ дайрч доромжилдог болсон. Энэ ер нь өмнө нь ч гэсэн байсан асуудал уу?
  • Энэ бол хувь хүний соёл, ёс суртахуунтай л холбоотой. Хэдий нет хөгжсөн байлаа ч бүх хүн тэгж бие биенээ дайрч доромжлохгүй байгаа. Хэсэг бүлэг завтай хүмүүс л тэгж коммент бичиж, бие биенрүүгээ дайрч давшилдаг байх гэж бодож байна. Цөөн тооны л тийм хувь хүний биеэ авч явах соёлгүй хүмүүс байгаа.
  • Мансууруулах бодистой холбогдолтой хэргүүд сүүлийн үед их гардаг болсон. Энэ талаар?
  • Сүүлийн үед мансууруулах бодисыг залуус их хэрэглэж байгаа. Манайд сайн дураараа ирэх хүмүүс байгаа ч гэсэн албан хүчээр, ар гэрийн шахалтаар ихэнхдээ ирдэг. Мансууруулах бодис нь өөрөө хуулийн асуудалтай гэдэг утгаар тэр болгон хүмүүс ил болгож ирдэггүй. Гэхдээ мансууруулах дон гэдэг нь архинд донтохоосоо 60 дахин илүү донтолтыг үүсгэдэг учраас ямар нэг байдлаар үүний сэжүүрээс бариад авахад цаашаа улам даамжирах нь их байдаг. Тийм учраас үүнийг багаас нь зөв мэдээлэлтэй болгож зөв төлөвшүүлэх, стресс тайлах аргад суралцуулах юм бол өөрсдийгөө илүү дутуу ийм зүйлээс аваад гарах чадвартай болох юм. Өнөөдөр сайхан гэж мэдрэмж аваад байгаа тэр зүйлс чинь бүгд тархиныхаа мэдрэмжийг гэмтээн байж авч байгаа гэдгийг хүүхдүүд ойлгодоггүй учраас бусдын нөлөөнд автаад бие биенээ дуурайгаад хэрэглээд байгаа. Тийм учраас энэ мэдээллийг л бага наснаас нь өгч байх хэрэгтэй юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *