Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

“Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе” уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын Эрдмийн өргөөнд боллоо. Тус өдөрлөгийн хүрээнд Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон байна.

Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар нь ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа нь хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа нь үйлчлүүлэгчдэд таатай байдлыг бүрдүүлжээ.

Архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан өөрөө өөртөө туслах бүлгийг нээж ажиллуулсан нь архины хамааралтай үйлчлүүлэгчдийн эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж байгаа гэнэ. Архины хэвтэлтийн клиникт шинэ сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PEPS хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үйлчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд сэтгэцийн эмгэгийн талаар боловсрол олгоход үр дүнтэй болсон байна.

Эмүүдийн тухай

Солиорлын эсрэг эм:

Солиорлын эсрэг эмийг хурц догширол, дэмийрэл, хий үзэгдэл, гажуу тусгал, бодит зүйлийг хувирган мэдрэх, айдсын эмгэг, төрх үйлийн догширлын үед хэрэглэнэ. Солиорлын эсрэг эмүүд нь тархинд байгаа химийн бодис болох дофамингыг тэнцвэржүүлэх хэвийн болгодог үйлчилгээтэй. Энэ үед солиорлын шинж тэмдэг буурах буюу арилдаг байна.

Эмийг хэрэглэж эхэлснээс хойш эмчтэй зөвлөлдөхгүйгээр эмийн тунгаа хасаж, нэмж, зогсоож болохгүй. Ихэнх эмчлүүлэгчдэд эмчилгээний 4-6 дахь долоо хоногоос илэрхий үр дүн өгдөг.

Солиорлын эсрэг эмүүдийн гаж нөлөө: Гар хөл салганах, шүлс гоожих, булчингууд чангарч хөшингө болох, бөгтийсөн явдалтай болох, хэлээ булталзуулах, хүзүү ар тийшээгээ гилжийх, шээхэд бэрхшээлтэй болох, шээс хаагдах, гэдэсний хөдөлгөөн саатах, хүүхэн хараа өргөсөх, зүрхний хэм алдагдах, биеийн жин нэмэгдэх, биений юм хаагдах зэрэг нөлөө илэрнэ.

Сэтгэл гутралын эсрэг эм:

Сэтгэл гутралын эмийг сэтгэл гутрал, түгээмэл сэтгэл түгших эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг, нийгмийн айдас, сэтгэлзүйн гэмтлийн дараах стрессийн үед хэрэглэнэ. Сэтгэл гутралын эсрэг эм нь биед эмчилгээний үйлчилгээ үзүүлэх хүртэл харилцан адилгүй хугацаа шаарддаг. Ихэнх хүмүүс 2-3 долоо хоногийн дотор, зарим хүмүүс 8 долоо хоног хүртэл юм уу түүнээс арай удаан хугацааны дараа эмийн үйлчилгээ илэрдэг.

Эмүүдийг хэрэглэсний дараа ам хуурайших, шээхэд бэрхшээлтэй болох, өтгөн хатах, зүрхний хэм түргэсэх, хөлс ялгаралт ихсэх, толгой өвдөх, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, хэл тультрах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх гүйлгэх, гэдэс дүүрэх шинжүүд илэрнэ.

Сэтгэл гутралын эсрэг эмүүдийг тайвшруулах эмийн бодис, архитай хамт хэрэглэвэл донтолт үүсгэдэг тул хамт хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Хөдөлгөөн удааширч болох тул машин жолоодох, техниктэй ажиллахдаа анхаарах шаардлагатай юм.

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл гутралын үед уйтгар гуниг нь маш хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь таны ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг бий болгодог.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ТАЛААС:

Сэтгэл хөдлөл аажмаар буурах

Идэвх сонирхолгүй, баяр баясгалангүй болох

Итгэлгүй, горьдлого тасрах

Арчаагүй дорой болох

Өөрийгөө буруутгах, дорд үзэх

Өөрийгөө гэм буруутай гэж бодох, буруутай мэт сөрөг хадлага гаргах

Анхаарал сулрах, тогтоох чадвар буурах

Амиа егүүтгэх тухай бодол төрөх

БИЕ МАХБОДИЙН ТАЛААС:

Хөдөлгөөн удаашрах

Амархан ядрах, бие сульдах

Зүрх дэлсэх, өтгөн хатах

Нойр хямрах

Хоолны дур өөрчлөгдөх /жин буурах, ихсэх/

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

Үхэл хагацал тохиолдох

Гэр бүл хоорондын маргаан

Ажилгүйдэл

Нүүх, шилжих

Санхүүгийн бэрхшээл

Улирах солигдох

Архаг өвчнүүд

ӨӨРТӨӨ ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

  • Хэрвээ муу мэдээ сонсох, амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал үүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ бодож яваагаа ярихыг хичээ.
  • Хэт хэцүү зорилго урдаа битгий тавь, том зорилгыг бага багаар хувааж, алийг нь хэдийд хийхээ төлөвлө.
  • Ямар нэгэн зүйл хий. Та ажлын чадваргүй юм шиг санагдсан үедээ өөрийнхөө сонирхолтой ажлыг хийхийг хичээ. Энэ нь таныг гутранги бодлоосоо ангижирахад тусална.
  • Архи хэрэглэхийг тэвч. Архи сэтгэлийг түр зуур тайвшруулах боловч эцэст нь илүү гутралд оруулдаг.
  • Та сэтгэл гутралын талаар ойлголттой байх.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *