Categories
мэдээ улс-төр

Судалгааны багийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.10.07/ Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны багийн ахлагч, бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан зөвлөх Нагаяма Кацүхидэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын урт хугацааны төлөвлөлтийг хийх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт, үнэлгээ хийж, үр дүнг тооцох тогтолцоог чадавхижуулж, бэхжүүлэх чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааг хийгээд дуусах шатандаа ороод байгаа, гэхдээ шинэ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалттай уялдуулан судалгааны тайланд зарим нэмэлт оруулах шаардлагатай байгааг судалгааны багийн ахлагч уулзалтын эхэнд Байнгын хорооны даргад танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг нь улс төрийн намуудын дэмжлэг, ажлын хэсэг, судлаачдын уйгагүй зүтгэлийн үр дүнгээр боловсруулагдаж батлагдсан чухал баримт бичиг болсныг онцлоод цаашид бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд ажлын хэсэг, судлаачдын оролцоог хангахад анхаарах нь чухал байгааг хэллээ. Энэ чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.

Байнгын хорооны дарга Н.Энхболд өнгөрсөн УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг гэсэн хоёр чухал баримт бичгийг батлан гаргасныг дурдаад эдгээр хууль, үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг УИХ-ын тогтоолоор Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан. Тиймээс тус байнгын хороо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалахад анхаарч, хэрэгжилтийг нь хангахад хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн урт хугацааны бодлогын баримт бичгийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх үүднээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Иймээс судалгааг цаашид үргэлжлүүлэхдээ энэ чиглэлд анхаарч тодорхой санал боловсруулж өгвөл чухал байгааг хэлээд тус Байнгын хорооны зүгээс бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *