Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Дорно дахины музейд монгол гэр бэлэглэв

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Бүгд Найрамдах Чех Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Монгол Улс 1957-1963 он. Лумир Йислын түүхэн гэрэл зургууд” үзэсгэлэн 9 дүгээр сарын 7-29-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины улсын музейд гарч, хаалтаа хийлээ.

Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан зохион байгуулж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, Москва хот дахь Чехийн соёлын төвийн захирал Марек Гавличек, Дорно дахины музейн Ерөнхий захирал А.В.Седов нар оролцов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Чехословакийн нэрт археологич Лумир Йисл гэрэл зургийн хальсандаа баримтжуулан үлдээсэн Монгол Улсын 1957-1963 оны нийгмийн амьдрал, үзэсгэлэнт байгалийн зургуудыг Москва хотын оршин суугчид, тус хотын зочдод танилцуулах сайхан боломж олгосон зохион байгуулагчдад талархал илэрхийлээд музейн хашаанд үзэсгэлэнгийн үеэр барьсан монгол гэрийг Дорно дахины улсын музейд бэлэглэж байгаагаа хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол гэр бол хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд түүхэн явцдаа төгөлдөржиж ирсэн нүүдэлчдийн гайхамшигтай сууц юм. Нүүдэлчдийн олон сууц байдаг ч монгол гэрийг 2013 онд хүн төрөлхтний соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэсэн. Ийм соёлын гайхамшигтай бүтээлийг танай музейд бэлэглэж байгаадаа баяртай байна” гэв.

Дорно дахины улсын музейн Ерөнхий захирал А.В.Седов хэлсэн үгэндээ “Музейнхээ хашаанд монгол гэр барьж москвачуудад үзүүлэх нь бидний хүсэл байлаа. Энэ хүслийг биелүүлсэн Элчин сайд танд музейнхээ нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан бөгөөд Москва хотын соёл, гэгээрлийн томоохон төвүүдийн нэг юм. Тус музей нь 147500 үзмэртэй бөгөөд сан хөмрөгт нь 100 гаруй орны дүрслэх урлагийн бүтээл хадгалагдаж байна. Төв Азийн танхимд Монголын 18 дугаар зуун, 20 дугаар зууны эхэн үеийн дүрслэх урлагийн бүтээлийн үзмэрүүд томоохон байр эзэлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *