Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Тайра Банксийн хөтөлдөг загварын шоуны монгол хувилбарыг хийнэ

АНУ-ын “CBS Studios International” компанийн “America’s Next Top Model” реалити шоуг монголчууд андахгүй. Америкийн загвар өмсөгч Tyra Banks-ын хөтөлдөг загварын шоуны монгол хувилбарыг ирэх арваннэгдүгээр сард Монголд хийхээр болжээ. Тус шоуны албан ёсны эрхийг Боловсрол суваг телевизийн хамт олон авсан байна.

Дэлхийн 170 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг уг реалити шоу нь Монголын телевизийн салбар дахь гурав дахь томоохон хэмжээний шоу гэдгийг албаныхан онцолсон юм.

Мөн “America’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн продюсер монголд хүрэлцэн ирж, зөвлөгөө өгч ажиллах гэнэ. Одоогоор уг шоуны оролцогчдын бүртгэл эхлээгүй байгаа бөгөөд моделиор ажиллах хүсэлтэй бүхий л залууст энэ боломж нээлттэй юм байна. “Моngolia`s Next Top Model” реалити шоуны оролцогчоор зургаан эрэгтэй, найман эмэгтэй нийт 14 моделийг шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин “Моngolia`s Next Top Model” шоуны шүүгчид хэн байх нь нууц хэвээр байна.

Уг шоуны продюсерээр ажиллаж буй загвар өмсөгч Э.Энхболд хэлэхдээ “Цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уях ээлжит реалити шоуны ялагч жинхэнэ утгаараа “Супер од” болно. Ялагч модельд мөнгөн шагналаас гадна Хонгконгийн “SMI Movie” энтертайнмент агентлагтай нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ, Монголын ивээн тэтгэгч байгууллагын дүр төрх болох зэрэг шагналыг гардуулна. Мөн нэвтрүүлгийн багийн зүгээс реалити шоуны үеэр сонирхолтой даалгаваруудыг өгөх болно. Сонирхолтой содон зүйл төлөвлөж, гадны загварын ертөнцөөс хүндтэй зочид ирнэ. Энэ томоохон төсөл хэрэгжсний дараагаар монголын загварын салбарт тодорхой ахиц гарч, иргэдэд эерэг хандлагыг төрүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Уг шоуны Монгол хувилбарт оролцогчид нь 16 цуврал нэвтрүүлгийн туршид “Моngolia`s Next Top Model” –ийн төлөө өрсөлдөх юм. Сонирхуулахад “America’s Next Top Model” шоу анх 2003 онд АНУ-д гарч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *