Categories
мэдээ соёл-урлаг

М.Уянсүх: Яруу найргийн тухай ярина гэдэг шүлэг бичихээс хэцүү юм

БНСУ-ын Чанвон КС-ийн нэрэмжит Олон улсын утга зохиолын ХХYII фестивальд яруу найрагч М.Уянсүхийн тавьсан илтгэл

Яруу найргийн тухай ярина гэдэг шүлэг бичихээс хэцүү юм. Учир нь хүн төрөлхтний оюун сэтгэлгээний холбоосууд, эрин цагийн гайхамшигт үйл явдлууд, хүн байхын утга учир, эх байгалийн мөн чанар, зүрх сэтгэлийн хөг эгшиг, далд ухамсрын тайлагдашгүй нууцууд гээд ертөнцийн бүхий л юмс үзэгдлийн ил, далд шалтаг шалтгааныг тэмтрэн мэдэрч, дотоод чанадын билиг билгүүнийг нээх шид увдисаараа яруу найргийн ертөнц өөрөө аугаа юм. Энэ нь зүйрлэбэл тэнгэрийн дээрх тэнгэр, далайн гүн дэх далай билээ. Нууцын гүн дэх сансар, нүдэн доторх нүд билээ. Би бол энэ аугаа ертөнцийн хязгааргүй тойрогт эргэлдэн буй хумхийн тоосны ширхэг төдийхөн үзэгдэл. Тийм хэдий ч өнөөдөр надад олдсон эрхэм завшааныг ашиглан та бүхэнтэй Монголын яруу найргийн тухай өөрийн бодлоо хуваалцахыг хүсэж байна.

Монголын яруу найраг маш эртний улбаатай. Тодорхой бус цаг үед тэмдэглэгдэн үлдсэн хадны сүг зургийг хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний илэрхийлэл, яруу найргийн сүнс хадгалсан дүрс тэмдэглэгээ гэж үзвэл монголчуудын хувьд энэ нь даруй 100 000-70 000 жилийн өмнөх цаг үед хамаарна. Мэдэгдэж байгаа эх сурвалжаар Монголын яруу найраг НТӨ II зуун буюу Хүннү гүрний үеийн 121 оноос эхэлжээ.

“Хүннүгийн дуу” хэмээх харууслын аяст шүлгийн:

“Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Ягаан уулаа алдаад
Эхнэр хатад минь оо энгэсэггүй боллоо” хэмээсэн гайхамшигт мөрүүд үүний гэрч юм.

Ер нь Монголын сонгомол хүүрнэл зохиолууд өөртөө эртнээс нааш шүлэг, яруу найргийн зүйлийг их хэмжээгээр ашиглаж ирсэн онцлогтой бөгөөд монгол угсаатны эртний улсууд болох Сүмбэ, Нирун, Кидан улсуудын үед зохиогдсон бичгийн дурсгалууд ч үргэлжилсэн үг, яруу найраг хослуулан бичдэг уламжлалыг хадгалж ирсэн нь Монголын яруу найргийн хөгжилд ихээхэн ахиц дэвшил авчирсан гэж хэлж болно. Түүхэн сурвалжийн мэдээгээр 500 гаруй шүлэг дуулал зохиосон Кидан зохиолч байсан юм билээ. Он цагийг түүчээлсэн Монголын яруу найргийн уламжлал энэ мэт өртөөлөн явсаар ХIII зуунтай золгожээ.

ХIII зуун буюу Монголын их гүрний сэргэн мандлын үед бичигдсэн түүх-уран зохиолын хосгүй дурсгал бол “Монголын нууц товчоо” судар юм. Зохиогч нь тодорхойгүй энэ судар түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн бөгөөд домог үлгэр, угсаатны зүй, цэрэг, аян дайны үйл, төрт ёсны түүх, соёл, зан заншил, гүн ухаан, яруу найргаас бүрдсэн цогц бүтээл юм. Энэ сударт монгол шүлгийн уран тансаг шигтгээнүүд нэн элбэг бий. Гэвч тэр бүхнийг энэ богино илтгэлд бүрэн багтаан дурдах боломжгүй тул та бүхнээс энэ удаа хүлцэл өчиж байна. Энэ цаг үед Чойжи-Одсэр, Сэчигүр бичээч, Чинга чинсан, Болд чинсан, Аргусан хорч, Маш-Их, Тогтох, Тогоон, Ариун, Шаазгай, Цагаан зэрэг олон яруу найрагчид төрөн гарчээ.

Дорно дахины яруу найргийн нэгэн тод содон өнгө төрх болсон Монголын эрт эдүгээх яруу найргийн амин сүнс нь баатарлаг туульс, бөө мөргөлийн дуудлага, ардын цэцэн билэгт сургаал үгс, буддын гүн ухааны судар бичгүүд, уламжлалт болон орчин цагийн яруу найрагчдын сонгомол бүтээлүүдэд хадгалдагдаж байдаг юм.

Монгол орны баруун хязгаарт Ойрад ястан амьдардаг. Би бол тэдний нэг. Өндөр цаст уулс шигээ дайчин эрэмгий зан төрхтэй ч их нуурууд шигээ уужуу тайван байж чаддаг миний ард түмэн баатарлаг туульсын эцэг нь билээ. Мөнх цаст Алтайн уулсаар нутагтай Ойрадууд тууль, биелгээ, хөөмий, цуур зэрэг монголчуудын язгуур урлагийн өв санг жинхэнэ утгаар нь хадгалан үлдсэн ард түмэн. Товшуур хөгжмийн аялгуунд хайлдаг баатарлаг тууль гэхэд дунджаар 10 000 шад шүлгээс бүтнэ. Туульч хүн ийм урт туулийг цээжээр хайлна. 7 өдөр, 7 шөнө тасралтгүй хайлдаг тууль ч бий. Бурангуй харанхуйг сөнөөж, гэрэл гэгээ дагуулж төгсдөг баатарлаг тууль нь яруу найргийн томоохон хэмжээний бүтээлийн төрөлд багтах бөгөөд Ойрадын их туульч М.Парчингийн бүтээлүүд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэнийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Чухам ийм л хязгаар нутагт миний бага нас өнгөрч, яруу найргийн онгод шидийг би өнө мөнхийн хөх уулсаасаа авсан билээ. Монголын яруу найргийн ай сав баатарлаг туульсаар нэн баялаг байдгийн жишээ нь алдарт “Жангар”, “Гэсэр” тэргүүтэн 1000 хол давсан хөлгөн туульсын өв сан юм.

Монголын яруу найргийн бас нэг содон дурсгал бол Цогт хун тайжийн хадны шүлэг. 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *