Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонтулга: Манай IT инженер 30 удаа“E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь худлаа

Манай улс татварын асуудлыг цэгцэлж “E-ba­rimt” системд шилжсэн. Энэхүү систем хэрэгжсэнээр ихэнх аж ахуйн нэгжийн данс, тооцоо ил болж товчхондоо хуулийн дагуу татвараа төлдөг процесс бий болсон хэмээн олзуурхаж байгаа. Гэвч сүүлийн үед “E-barimt”-тай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдах боллоо. Тиймээс Гааль, татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулгаас дараахь тодруулгыг авлаа.

-“E-barimt” системийг иргэд хэр идэвхтэй ашиглаж байгаа вэ. Энэхүү системийн талаар хамгийн сүүлийн үеийн баримт мэдээллийг та хүргэхгүй юу?

-Энэ системийг хэрэглэж байгаа 800 мянган айл өрх бий. Мөн 56 мянган аж ахуйн нэгж “E-barimt” системийг хэрэглэж байна. Хуучин НӨАТ-ын падаан ашигладаг байсан байгууллага хоорондоо одоо энэ системийг ашиглаж байна. Бид дунджаар 18 сая баримт хэвлэдэг, цуглуулдаг томоохон системийг Монгол Улсад бий болгочихоод байна шүү дээ. Улсын төсөвт бүрдүүлэх төлөвлөгөөгөө 96 хувьтай биелүүлээд явж байна. Гол нь НӨАТ. Энэ ачааллыг иргэдийн оролцоотой хийж өгч байна. Та худалдан авалт хийгээд баримтаа гэртээ очоод бүртгүүлээд сууж байна гэдэг чинь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ажлыг хийж байна гэсэн үг. Бүртгүүлэх тоолонд та тухайн байгууллагын орлогыг бүртгүүлж, мэдээлж байгаа юм. Иргэн маань буцаагаад хоёр хувиа авах эрх хуулийн дагуу үүснэ. Ийм том тогтолцоог хэрэгжүүлж байна.

-Сүүлийн үед НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орно. Иргэдийн хоёр хувийн буцаан олголт болон “E-barimt” сугалааны тохирол ч зогсоно гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Иргэдийг ингэж үндсээр нь хөдөлгөчихөөд зүгээр л зогсоочих ажил байсан юм гэж үү?

-Анх удаа иргэд НӨАТ-ын хоёр хувийн ойлголтоо авах боломж үүссэн. Өнгөрсөн есөн сарын турш ажилласнаа бид эргэн харвал маш том үр дүн харагдана. Хуулийн талдаа ч иргэдийн идэвх талдаа ч ийм өндөр байхад энэ системийг зогсооно, өөрчилнө гэдэг маш буруу. Энэ бол худал, цуу яриа. НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийн талаар огтхон ч яригдахгүй байгаа. Тиймээс иргэд 2017 оны эхний улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаалтаа авах тал дээр бат итгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хууль маань байна.

-Хууль яагаад өөрчлөгдөхгүй гэж. Таны иргэдэд өгч байгаа баталгаа ямар үндэслэлтэйг сонирхож болох уу?

-Огтхон ч яригдахгүй байгаа. Ташаа мэдээлэл. Иргэд элдэв худал мэдээлэлд битгий итгээсэй гэж хүсч байна. Ерөөсөө л аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх механизм боловсронгуй болсон. Энэ том ололт. Хуучин НӨАТ-ын падаанаас болж хичнээн аж ахуйн нэгж ямар асуудалд орж байсан билээ. Бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдал руу, буцааж ухарсан алхам хийхийг оролдсон нөхдүүд л худал яриа гаргаж байгаа нь ойлгомжтой.

-Та татварын системд 56 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа гэсэн. Ер нь татвар төлөх ёстой хичнээн мянган аж ахуйн нэгж байдаг юм бэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг. Үндсэндээ 70 орчим хувийг нь НӨАТ-ын системд хамруулсан гэж хэлж болно.

-Бараг жил болох гэж байхад бусад нь яагаад энэ системд нэвтрэхгүй байгаа юм бэ?

-Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэнх нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээтэй. Тухайлбал, Нарантуул олон улсын худалдааны төв баримтын системд ороогүй байна. Зуун айлд байрлах барилгын худалдааны төвүүд байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 22 худалдааны томоохон төв энэ системд хамрагдаагүй байгаа.

-Ямар нэг шаардлага тавьдаг юм уу. Энэ худалдааны төвүүд иргэдийн худалдан авалтын гол хэсэг шүү дээ?

-Манай байгууллагын хувьд мэдээлэл, технологийн иннавоцийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мөрдүүлэх үүрэгтэй агентлаг нь Татварын ерөнхий газар. Тэгэхээр дээрх газрууд энэ чиглэлдээ төлөвлөсөн тодорхой ажил хийж байгаа байх. Мэдээж дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь бүгд хуулиа тэгш мөрдөх ёстой. Нэг хэсэг нь хуулиа идэвхтэй хэрэгжүүлж, нөгөө хэсэг нь ард хоцроод улсын ажлыг хойш татаад байж болохгүй.

-Саяхан танай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэх мэдээлэл байна. Үнэхээр тийм зүйл болсон уу?

-Манай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл.

-Дэлгүүрийн касс, шатахуун түгээх газрын ажилтнууд хэдэн мянган сугалаа бүртгүүлж, олон удаа азтан болж байгаа. Үүнийг мөн л зохицуулах хэрэгтэй юм шиг?

-Татварын ерөнхий газар хариуцна л даа. Манайхаас мэдээж ямар сугалаа азтан болсон зэрэг холбогдох бүх мэдээллийг явуулдаг.

-“E-barimt”-ын сугалааг хэрхэн явуулдаг юм бэ. Инженерүүд программ дээр ажиллаж байгаа юм чинь өөрийн сугалааны дугаарыг унагаах боломжтой юм биш үү?

-Иргэд сугалааны тохирлыг их амархан схемээр явагддаг юм шиг ойлгодог. Би яг ямар журмаар сугалааны тохирол явагддаг болохыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.Бөмбөг үлээх замаар бид сугалааг зохион байгуулдаг. Тухайн үед хяналтын хэд хэдэн байгууллага ажилладаг.Татварын ерөнхий газар, Гаалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яам, иргэдийн төлөөлөл гэсэн хяналттай сугалааны тохирол явагддаг. Эдгээр төлөөллийн гарын үсэгтэйгээр тухайн үлээгдсэн тоог баталгаажуулаад азтан болсон иргэдийн систем дээр та азтан боллоо гэсэн мэдээллийг нэгдсэн журмаар илгээдэг. Мөн системд бүртгэлтэй гар утасны дугаар руу нь та азтан боллоо гэсэн мессэжийг нэгдсэн журмаар явуулдаг болсон байгаа. Дараа нь орж ирсэн тоонуудыг ялгаад Татварын ерөнхий газрын Орлого хяналтын газар очно. Ингээд Сангийн яамны Төрийн сангаар хянагддаг. Энэ бүхний эцэст Төрийн сангаас азтан болсон иргэдийн мөнгийг гуйвуулах ажлыг гүйцэтгэдэг. Үндсэндээ таваас зургаан хяналтын механизмын шатлал дор сугалааны тохирол явагддаг. Иргэдийн яриад байгаа шиг шүүрэн шанага шиг, хаа хамаагүй хүссэн хүнийг азтан болгодоггүй. Бүх зүйл хууль, журмын дагуу л маш хатуу хяналттай явагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нэг компанийн ажил биш. Төрөөс зохион байгуулж буй том ажил. Ташаа мэдээллээс болж иргэдийн оролцоо буурах вий гэдэгт санаа зовж байна.

-Анх худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй байсан ч сугалааны тохиролд оролцдог байсан. Гэтэл журамд өөрчлөлт оруулж баримтаа системд бүртгүүлсэн тохиолдолд сугалаанд оролцдог болсон. Яагаад журамд ийм өөрчлөлт оруулах болов оо?

-Иргэд баримтаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх үүсэх журмын өөрчлөлтөөр зохицуулагдах болсон. Яагаад гэвэл баримтаа сугалааны тохирлоос өмнө системд бүртгүүлээгүй нөхөж бүртгүүлдэг байсан нь хуурамч баримт гарч ирэх гол шалтгаан болсон шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдалд тааруулж журамд өөрчлөлт оруулсан.Харин хоёр хувийн буцаан олголт бол та худалдан авалт хийсэн баримтаа тухайн жилдээ л амжаад бүртгүүлчихвэл таны НӨАТ-ын буцаан олголт хуулийн дагуу орох боломжтой.

-Журамд өөрчлөлт оруулсан нь нэг талаараа иргэдийн эрхийг хязгаарлаж байгаа мэт. Худалдан авалт хийсэн л бол сугалааг хонжворт тохиролд оруулж болдоггүй юм уу?

-Өмнө нь иргэдээс их гомдол ирдэг байсан. Зөвхөн баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд сугалааны тохирлыг явуулж болдоггүй юм уу, сугалаагаа бүртгүүлэхгүй хаячихаад байгаа тэр хүмүүсийн баримтыг заавал сугалаанд оруулах хэрэг байна уу гэхчилэн. Харин журамд өөрчлөлт оруулснаас хойш ямар нэг гомдол иргэдийн зүгээс ирэхээ больсон. Тэгэхээр шинэ журам иргэдийн эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаж байгаа гэж бодохгүй байна. Харин ч сугалаа шударга явагдаж байгаа гэж ойлгодог. Иргэд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Энэ хэсэг бүлэг хүмүүс, нэг компанийн ажил биш. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй том ажил. Татварыг цэгцэлж буй том схем. Бид үр дүнг бодитоор харж байна. Энэ л том амжилт.

-Одоогоор иргэдэд хичнээн төгрөгийг сугалааны хонжвороор олгоод байна вэ?

-Наймдугаар сарын сугалааны тохирлын дараагаар 53 мянган айл өрх азтан болсон байна. 14 удаагийн сугалаа явагдаж иргэдийн дансанд нийт 2.2 тэрбум төгрөг орсон байна. Цаашдаа томоохон худалдааны зах, төвүүдийг энэ системд шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн татварын буцаан олголтын хувь хэмжээ өснө. Олон улсад системийг их үнэлж байгаа. Манайхан дотроо элдэв цуу яриа гаргаж шүүмжлээд байгаа боловч хийчихсэн технологийг аваад үзэх юм бол их том амжилт. Олон улсад үнэлэгдэж байна. Уганда, Славок, ОХУ зэрэг улсууд ийм татварын системд шилжихийг хүсч, судалж байна. Тиймээс бид ийм том ажлыг эхлүүлчихсэн учраас технологио илүү боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна. Иргэд заавал баримт авч явахгүйгээр бүртгүүлэх хувилбарыг бид бий болгохоор ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *