Categories
мэдээ цаг-үе

Сү.Батболдын нэр холбогдсон оффшорын хоёр дахь дуулиан

УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр холбогдсон оффшор дансны хоёр дахь дуулиан өчигдөр дэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Багамын арлуудад бүртгэлтэй компаниудыг ил болгожээ. 176 мянган компани, сангийн захирлуудын нэр багтсан уг мэдээллийн системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц гарч ирээгүй. Гэхдээ The Guardian сонин Багамын арлуудад бүртгэлтэй оффшор дансны тухай нийтлэхдээ олон улсад алдартай компани, улстөрчдийн нэрс байгааг мэдээлсэн. Тэр дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд бий гэдгийг онцолсон байна. Энэ талаар өчигдөр eagle.mn сайтад тодорхой мэдээлсэн билээ. The Guardian сонинд “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ. Мөн түүний нэр холбогдсон оффшор данс нь цаг хугацааны хувьд Засгийн газрын гишүүн болохоос нь өмнөх явдал гэдгийг ч тайлбарлажээ. Энэ тухай eagle.mn сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтад 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй. Тэрээр хэдэн жилийн өмнө Багамын баримттай холбоотой нийтэд мэдээлэл хийхдээ “Boroo Mon­golia Mining Corporation Lim­ited” компани Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байдлаар явуулдаг хэмээн мэдэгдэж байжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын материалд нэр нь холбогдсон тухай байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна” гэжээ.

УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 140 орчим улстөрчийн оффшор дансны материалыг ил болгоход Монголоос цөөнгүй нэр дурдагдсаны нэг нь Сү.Батболд байсан. Уг мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Сү.Батболд хэвлэлийн бага хурал зарлаж “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004 оны нэгдүгээр сарын 5-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийнхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй. Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэж байсан. Түүнээс хойш хуулийн байгууллагад хандсан эсэх нь, хуулийнхан шалгаад ямар дүгнэлт хийсэн нь ч тодорхойгүй байсан.

МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа оффшор данстай холбоотой эрх зүйн зохицуулалт хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Хууль зүйн хариуцлага гэдэг нь тухайн байрлуулсан мөнгө нь бохир, авлига авах, мөнгө угаах, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгээсээ хамаараад одоогийн Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, ийм зохицуулалттай. Тусгайлан хориглосон заалт байгаагүйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн чиглэлийн дагуу ийм зохицуулалттай болгохоор ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэгдээд УИХ-ын намрын чуулганд оруулна” гэсэн. Мөн тэрбээр “…Энэ хууль батлагдчихвал гурван сарын дотор оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч байх юм бол түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой. Цаашид ийм үүрэг хүлээх юм. Харин хаасан мөнгөө Монгол Улсдаа оруулж ирэх шаардлагатай. Ингэлээ гээд түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. С.Баярцогт сайдын жишээн дээр их ярьж байна. Мөн “Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшор мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг” гэсэн юм.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *