Categories
мэдээ цаг-үе

34 аж ахуйн нэгж холбогдсон 104 тэрбум төгрөг хаачив?

325 сая төгрөгийн үнэтэй нүх

-ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭДЭЭС 615 НЬ ТҮРЭЭСИЙН СУУЦАНД АМЬДАРЧ, 400 ИРГЭНГЭР ОРОНГҮЙ, ГУДАМЖИНД ГАРЧЭЭ-

2012-2016 он хүртэл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдаг аж. Өнөөдрийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц бүрэн зогссоныг тогтоожээ. Үүнээс гурав нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй царцаасан гэнэ. Энэ мэт шалтгаанаар төлөвлөсөн ажил удаашралд орсон байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч үүнийхээ нэг хувьд ч хүрээгүй гэдгийг аудитын дүгнэлт хэлж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбож буй. Мөн олон газар тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй аж. Хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч буй бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчээ. Мөн өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл бодит байдалд энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа аж. Дээрх мөнгийг зарцуулах зүйлд нь зарцуулсан бол 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтойгоос гадна мөн одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломж байсан гэнэ. Харамсалтай нь энэ 104 тэрбум төгрөг ямар ч үргүй зарлагадсан гэсэн тооцоо гараад байгаа юм. Үүнд 34 аж ахуйн нэгж холбогдож байна. Удахгүй энэ компаниудыг олон нийтэд зарлаж, ямар гэрээ, сонгон шалгаруулалтаар дээрх хөрөнгийг авсан гэдгийг нь дэлгэх гэнэ.

Тухайлбал, Мамба дацан хийд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр “Их өргөө” компани өнгөрсөн 2014 оны зургадугаар сард гэрээ хийжээ. Гэрээ ёсоор бол тус компани орон сууцжуулах ажлаа өнгөрсөн 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Нийтдээ гурван тэрбум төгрөгөөр хийх ажил байжээ. Харамсалтай нь тус компанийн хариуцсан газар юу баригдсан, ажлын явц нь ямар байгааг дээрх гэрэл зургаас харж болно. Зүгээр л нэг усан тогтоолоор дүүрсэн ухсан нүх. Ухсан нүх орхисноос тэр хавийг хариуцаж ажиллаж байгаа, мэдэж байгаа хүн биднийг очиход байсангүй.

Газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл

Энэ асуудлыг хариуцсан гэх Гэр хорооллын хөгжлийн газар очиход ерөнхий инженер А.Аранжин угтав. Дээрх Мамба дацан хийд орчмын тухай асуухад “Их өргөө” компанийн эзэд гэх хүмүүстэй холбоо бариагүй, тэд сураггүй болсон. Тус компанийн төслийн ажил зогссонтой холбогдуулан иргэдээс их гомдол ирж байгаа. Иргэд гурван асуудлыг тавьж байна. Төслийн гурван талт гэрээний хугацаа дууссан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ тал дээр нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэх, түр оршин суух зардлыг тогтоосон хугацаандаа олгож байх гэсэн шаардлага тавьж байна. Баасан гариг болгон ирж уулздаг болсон. Зөвхөн Мамба дацан хавийн иргэд ч биш үйл ажиллагаа нь зогссон олон газар бий. Тухайн байршлаасаа хамаарч иргэд холбоо, төрийн бус байгууллага байгуулсан. Тэд нэгдсэн холбоо байгуулсан байна лээ. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Их өргөө” компанид уламжилж 20 гаруй шаардлага хүргүүлсэн. Сүүлдээ холбоо барих боломжгүй болсон” гэж хэлэв.

“Их өргөө” компани нь барилгын ажлыг эхлүүлэхдээ урьдчилгаа болгож 325 сая төгрөгийг авсан байдаг юм байна. Ер нь бол нийтдээ гурван тэрбум 689 сая төгрөгийг шугам сүлжээнд зарцуулахаар төлөвлөсөн аж. Хамгийн гол нь 80 орчим айлын газрыг чөлөөлөөд авчихсан гэнэ. Тус газрын иргэд нь хоёр жилийн хугацаанд байр байшин байхгүй, түрээсээр аргацаасан байдалтай байгаа аж. Шугам сүлжээ татагдаад барилга баригдах бүх шаардлага нь хангагдчихсан, зургийнхаа мөнгийг аваад цаашаагаа бүх юмнууд нь төлөвлөгдчихсөн байхад компани нь ажлаа хийгээгүй ийм дүр зураг бууж байгаа юм. Нэг ёсондоо цаад компани иргэд хоёрыг хооронд нь тулгаад шугам сүлжээ барьж өгнө гэж хэлээд ажлаа хаяад явчихсан. Яг үүнтэй холбоотойгоор цаана нь 400 гаруй айл байгаа гэнэ. Эхнээсээ энэ бүхнийг харж тооцоолж болох байсан нэг зүйл нь байрыг хэсэг хэсгээр нь төлөвлөөд хотын ерөнхий төлөвлөлтийг эвдээд энд тэнд компаниудад дахин төлөвлөлтийг зарлаад, тэрэндээ шугам сүлжээ хүргэх нэрээр 104 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдсан гэх явдал. Нөгөө талдаа хуулийг буруу хэрэгжүүлсэн асуудал ч байгаа гэнэ. Учир нь 325 сая төгрөг бол төрөх эмнэлэг нэгийг барихад хангалттай хүрэх мөнгө. Энэ хэмжээний мөнгийг шууд гэрээ хийгээд өгчээ. Хууль ёсоороо бол тодорхой хэмжээний шалгаруулалт явуулж байж өгөх ёстой аж.

Иргэд бол амьдрах эх үүсвэр болох байртай болохыг зорьж газраа чөлөөлсөн. Тэрнээс биш түрээсийн мөнгө ч юм уу, байранд түр байх нь иргэдийн гол зорилго биш. Зарим компаниудын оффис нь ч нүүгээд олдохоо байсан гэнэ.

Энд тэнд сарзайсан байшин, карказ, нөгөө л нэг ухсан нүх хоёр л байж байдаг. Олон тэрбум төгрөг гарчихсан гэдэг ч очоод үзэхээр ийм байдалтай байна.

БАЙРАНДАА ОРЖ ЧАДААГҮЙ БҮХ АЙЛ ӨГСӨН ГАЗАР ДЭЭРЭЭ БУУХ БҮРЭН ЭРХТЭЙ

Иргэдийн төлөөлөл болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Т.Төмөртогоотой энэ талаар ярилцлаа.

-Та хэзээ анх газраа чөлөөлж өгсөн бэ?

-Манайх газраа өгөөд бүтэн гурван жил, таван сар болж байна. Нэг ч айл энэ хугацаанд байрандаа ороогүй. Түрээсийнх нь мөнгө төгрөгийг яг сар сардаа өгдөггүй. Алдаг оног өгдөг. Эхний жил бөөнд нь өгөөд, дараагийн жил бөөнд нь өгөөгүй. Манайх эхлээд түрээсээ 700 мянгаар тохирсон. Эхний жилдээ 700-гаар өгөөд дараагийн жилдээ 350 мянган төгрөг авч байгаа. Бид хэцүү байна. Энэ хооронд хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдох юм. Нэг айлаас гэхэд л гурван хүн нас барсан. Үүн дээр хүний сэтгэл дутаад байна.

-350 мөнгөн төгрөгийн түрээсийн байр олдож байна уу, ямархуу байр олдох юм?

-350 мянган төгрөгийн байр гэж нийслэлийн хаана ч байхгүй. Нийтийн байранд л орно уу гэхээс өөр арга байхгүй. Хүмүүс хэрүүлтэй, хараалтай мөнгөө олж аваад зарим нь өөрсдөөсөө 150 мянган төгрөг нэмээд 500 мянган төгрөгийн байранд орцгоож байгаа. Ийм байранд орохоор ердөө л нэг өрөө олдоно. Арван хэдүүлээ умгар өрөөнд амьдарч байгаа айл ч бий. Та нар очиж үзэх хэрэгтэй. Түрүүчээсээ түрээсэнд мөнгөө зарцуулаад өмсөх хувцасгүй, унах унаагүй, ээмэг бөгжгүй, юу ч үгүй л болж байна.

-Компанийн захиралтай уулзаж үзсэн үү?

-Тэд чинь бидэнтэй уулздаггүй юм. Анх гэрээ ч хийж байгаагүй, төлөөнийх нь хүнтэй уулзаж гэрээ хийсэн. Компани, иргэн, Гэр хороолол хөгжлийн газар гээд гурвалсан гэрээ хийсэн юм.

-Одоо тэгээд яах юм бэ?

-Одоо бол байрандаа орж чадаагүй бүх айл өгсөн газар дээрээ буух бүрэн эрхтэй. Аргаа ядаад бид холбоо байгуулсан. Хамтарч тэмцэнэ. Өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байгаа. Хэвлэлийн хурал дээр асуудлыг тавина. Хохирсон болон эрх нь зөрчигдсөн бүх айлын төлөөлөл тэнд очно.

-Гэр хороолол хөгжлийн газартаа хандсан уу?

-Хандсан, энэ газар чинь эрх мэдэл байхгүй юм билээ. Яагаад гэвэл энэ компаниудыг торгох эрх байхгүй. Барилгаа барьж чадахгүй байгаа компаниудын эрхийг цуцлах эрх байхгүй. Тэгэхээр гурвалсан гэрээ хийсэн Гэр хорооллын хөгжлийн газар гэдэг нь өөрсдөө байгууллагаа торгодог, иргэдийнхээ эрхийг зөрчөөд байгаа компаниудынхаа эрхийг цуцалдаг. Ядаж торгууль тавих эрхтэй, улсаас өгч байгаа мөнгөнд нь хяналт тавьдаг байх ёстой биз дээ. Тийм эрх мэдэлгүй учраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага хүргүүлж байна. Шинээр томилогдсон С.Батболд даргатай уулзах хүсэлт гаргасан. Ажил нь болдоггүй юм уу, уулзахгүй байна.

Д.Маргад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *