Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтоо: Өвөг эцэг маань анхдугаар Үндсэн хууль батлалцаж, ач хүү нь ардчилсан Үндсэн хууль түшилцэж яваагаараа бахархдаг

Ерөнхий сайдын сэнтийд 1930-1933 оны үед заларч байсан Дарьгангын Жигжиджав гэж алдаршсан Цэнгэлтийн Жигжиджавын ач хүү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор Шарын Цогтоотой ярилцлаа. Ц.Жигжиджав хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан гэнэ. 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ. Ирээдүйн Ерөнхий сайд бага насандаа гэрийн багшаар монгол бичиг, сампин заалгасан юм байж. Тэрбээр өөрийн болон төрсөн ахынхаа, бас өрх тусгаарласан хүүгийнхээ мал хөрөнгөөс нийт 80 бод гаргаж, төрийн санд хандивлан, төр засгаа бэхжүүлэх явдал чухал байгааг уриалсан нь архивын баримт болж үлджээ. Ерөнхий сайд мөн Дарьгангын сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа түрийвчнээсээ хүүхэд бүрт нэг төгрөг хүртээж, ном сурахыг ерөөж байсан удаатай. Тэрбээр ном бичсэн хоёр Ерөнхий сайдын нэг. А.Амар Ерөнхий сайд “Монголын товч түүх” ном бичиж байсан бол Цэнгэлтийн Жигжиджав “СССР ба БНМАУ” хэмээх ном бичжээ. Тэрбээр Манжийн сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмчид шилжүүлэх тухай Намын төв хороо, Засгийн газрын тогтоол боловсруулан батлуулж, нутгийнхаа иргэдийг мал хөрөнгөтэй болоход хувь нэмрээ оруулж байсан нэгэн.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавын удмынхан яаж шуухан амьдарсан тухай яриач. “Буу алдаж, амиа егүүтгэсэн” гэгдэж өөд болсон Ерөнхий сайдыг хожим нь хэлмэгдүүлж, Лхүмбийн гэх эсэргүүний хэргийн удирдагч болгосон гэдэг. Энэ бүхний дараа хүүхдүүдийнх нь хувь заяа яаж эргэв?

-Ж.Дагва-Осор гээд том хүү нь насаараа мал маллаж, худалдааны ажил хийсэн. Аавыгаа хэлмэгдсэний дараа зургаан жил цэргийн алба хааж, аюул өнгөртөл нутаг нугаасаа дайжсан хүн. Овог, нэрээ ч сольсон. Хоёр хүүхэдтэй. Том нь Сүхбаатар ах, бага нь Буянсүрэн эгч. Дараагийн хүү Ж.Лхамсүрэн РАФАКТ сурч байсан, Сангийн яамны хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн яаманд бас том ажил алба хашиж, их сургуульд багшилж байсан. Аавдаа тохоосон хэргийн үнэн мөнийг олох гэж зүтгэж, шаналж, үүнээсээ болж өвдөж өөд болсон доо. Тэднийх бас тав, зургаан хүүхэдтэй. Дараагийн хүү нь манай аав Шар. Аавыгаа хэлмэгдсэний дараа найман жил цэргийн алба хаасан. 1946 онд гэртээ ирсэн гэдэг. Мөн л нэр, овгоо сольсон. Зургаан хүүхэдтэй хүн.

-Танай аав нэрээ солиод хэн болсон бэ?

-Манай аавыг Шар гэж нэрлэдэг байсныг цэрэгт явахад нь Лхамсүрэн болгосон юм билээ.

-Ахтайгаа адилхан нэртэй гэсэн үг үү?

-Ахыг нь Ханддорж гэж нэрлэдэг байсан юм. Хүн ойлгохын аргагүй ингэж л нэр усыг нь солино шүү дээ. Алж хядчих гээд байвал ямар л арга ухаан байна, тэр бүгдийг л хүн хэрэглэх болно. Сүүлдээ манай нутгийнхан их, бага Лхамсүрэн гэдэг байсан юм.

-Жигжиджав Ерөнхий сайдыг нас барангуут л Лхүмбийн хэрэгт холбогдуулсан шиг байсан?

-Гурван сарын дараа.

-Тэр хооронд л хөвгүүдээ цэрэгт явуулж хамгаалсан байх нь ээ?

-Ээжийнх нь шийдвэр. Манай эмээ айхавтар хүн байсан. Нутгийн ах дүү нар тусална. Хамаатан садан, найз нөхдийг нь нэг нэгээр нь аваачиж алаад байхаар хөвгүүдээ насанд хүрэнгүүт нь санд мэнд овог, нэрийг нь солиод цэрэгт явуулаа биз дээ.

-Хөрөнгийг нь хураасан гэсэн үү?

-Хүүхдүүд нь цэргээс ирэхэд юу ч үгүй болсон байж. Манай аав цэргээс ирээд Замын-Үүд рүү цэрэгт байсан газар руугаа гурван хөтөлгөө морьтой явж наймаа хийгээд, долоон тэмээтэй ирсэн гэдэг. Нүүж чаддаг байж малаа өсгөнө шүү дээ.

-Таны аав Шар гуай хүүхдүүддээ бага насныхаа тухай ярьдаг байсан уу?

-Юу гэж ярих вэ дээ. Аавыгаа их эрдэм номтой хүн байсан л гэж хэлдэг. Морь чөдөрлөж байхдаа номын хуудас хийсэхээр чулуугаар дарчихаад, номоо хардаг байсан гэж ярьдаг сан.

-Эхнэр нь хэр урт насалсан бэ?

-Манай эмээ ная гарсан. Тэр үеийн бүх хүний амыг үдчихсэн юм чинь бас л юм ярьдаггүй хүн байлаа.

-Ц.Жигжиджаваас үлдсэн зарим дурсгалыг орон нутгийн музейд өгсөн гэж уншиж байсан. Ер нь танд энэ хүний дурсгал өвлөгдөж ирсэн үү?

-Энэ хүнээс үлдсэн зүйлс манай ах дүү нараар тарсан байдаг. Надад хэт цахиур, мөнгөн аяга нь байдаг. Бас өвөг эцгийн маань Доржзодов судар, бурхан тахил эмээгийн дараа манай ээжид дамжаад, одоо манайд бий. Өвөг эцгийг маань сугандаа мөнгөн бурхан зүүж явдаг байсныг нутгийн хүмүүс ярьдаг юм.

-Танай аав сүүлд мэргэжил эзэмшсэн үү?

– Эцгийг нь алаад, эхийг нь хэдэн хүүхэдтэй нь хар нутаг дээр хаячихаар ямар юмных нь боловсрол эзэмших вэ. Малаа л хариулна шүү дээ.

-Аав тань хоёр дайнд оролцсон гэлүү?

-Манай аав ахмад дайчин хүн. Хоёр дайнд хоёуланд нь оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд мордохдоо өөрийнхөө адуунаас алаг морь унаж явжээ. Урт зам туулахдаа мориныхоо эмээл, хазаарыг авч, амрааж л явсан байлгүй. Гэсэн ч Жэхэд очоод, эмээлээ автал мориных нь нурууны арьс эмээлтэй нь хуураад ирж гэнэ. Хөөрхий морио өрөвдөөд, нуруунд нь шороо үрж, хазаарыг нь мултлаад тавьсан гэдэг. Аав цэргээс ирээд хоёр жилийн дараа нэг өглөө адуун дээрээ очтол алаг морь нь сүрэгтээ ирчихсэн, нуруунд нь цагаан үс ургачихсан байсан гэдэг. Аавынх тэр үед Хужиртын Ар булаг гэдэг газар нутаглаж байсан. Жэхэд хазаарыг нь мултлаад тавьсан морь шүү дээ. Тэр өндөр уул хад, гол мөрөнг яаж гэтэлсэн юм. Чоно нохойг яаж давсан юм. Ямар ч байсан алаг морь нь адуундаа иржээ. Тэгээд “Жэхэ алаг” гэдэг шүлгийг Ц.Ганхуяг гэдэг хүн зохиосон түүхтэй. Энэ хүний аав нь манай аавынхтай айл хөрш байсан юм л даа.

-Ерөнхий сайдын эхнэр хүүхэд нь нутагтаа малаа маллаж байсан гэдэг. Уг нь гэргий нь хот орох гээд бэлтгэл хийж байснаа гэнэт больсон гэдэг юм билээ?

-Гайгүй өнгөтэй дээл хувцсаа өмсөөд, юу юугүй явахаар бэлтгэж байснаа эмээ маань гэнэт явахаа болиод дээлээ авдартаа хийчихсэн гэдэг. Өвөг эцэг маань нутгаараа хоёр долоо хоног машинтай явсан шиг байгаа юм. Машин нь эвдрэхээр нутгийн дарханд “Ийм юм хэрэгтэй байна” гэсэн чинь түүнийг нь зороод машиныг нь хөдөлгөсөн гэдэг. Модоор зорсон байлгүй дээ гэж хүмүүс хэлдэг юм. Дарьгангынхан бол төмөр хайлуулж байгаад л зорсон байх.

-Ерөнхий сайдын гэргийг хэн гэдэг байсан бол, тэр үед хүүхдүүд нь хэр том болсон байв?

-Төгсжаргал гэдэг байсан. Том нь 17-той, манай аав 11-тэй байсан гэсэн.

-Бусад хүүхдүүд нь яав?

-Манай Должин эгч нэг хүү төрүүлсэн. Манай ургийн бичээс Сүхбаатар ахын том хүү Энхжаргалд байдаг юм.

-Энэ хүний ураг удмынхан их дэлгэрчээ?

-Ач гуч олонтой. Дарга, цэрэг, ажилчин, малчин зөндөө хүн бий. Сүхбаатар аймгийн Халзан суманд бараг нэг баг айл байгаа. Ах дүүсийнх нь хүүхдүүд дунд алдарт уяач, мянгат малчин ч бий.

-Та 1990 онд нутагтаа нэр дэвшсэн гэл үү?

-Сонгуульд үзэж байсан. 1990 онд МоАХ-ны нэр дээр АИХ-ын депутатад нэр дэвшиж байсан. МоАХ-ын нэр дээр 1990 онд нэр дэвшинэ гэдэг миний хувьд эр зоригийн хэрэг байсан шүү.

-Та Ерөнхий сайдын гэр бүлээс төрсөн ганц улстөрч нь үү?

-Үгүй ээ. Манай Д.Сүхбаатар ах насаараа Үйлдвэрчний төв зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга хийсэн хүн. Ц.Жигжиджавын төрсөн ахын хүүхэд нь генерал Ш.Дорж агсан шүү дээ. Би юу гэж ганцаараа байх билээ. ШУА-ийн толгойд академич Д.Цэрэнсодном гээд зээ дүү нь байна шүү дээ. Гавьяат багш Н.Оюунханд гэж миний үеэл байна. Манайхан дунд багш, хуульч, эмч нар олон. Сүхбаатар ахын хүү Энхжаргал гадаадын том төслүүдийг хэрэгжүүлдэг том сургуулийн захирал, компьютерийн удирдлагын анхны том мэргэжилтнүүдийн нэг. Миний дүү Цогтбаатар Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байна. НҮБ-д Монголоо төлөөлж байсан О.Оч бол Ерөнхий сайд Ц.Жигжиджавын үр удмын нэг. Энэ мэтээр энэ хүний удам судрынхныг тоолоод барахгүй.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавтай хамт амьдарч байсан бүсгүй хүүхэдтэй үлдсэн гэдэг. Энэ хүмүүстэй танайхан ямар харилцаатай байсан бол?

-Бид маш элгэмсэг харилцаатай байдаг. Уулздаг, хамт хоол иддэг. Зуун жилийн дараа сонин юм яриад явж болохгүй ш дээ. Түүх юм даа. Тэр үеийн удирдагчид дотор эмэгтэй хүнтэй холбогдоогүй гэвэл А.Амар сайдаас өөр хүн дуулаагүй юм байна.

-Таныг удаан хугацаагаар шүүхээр зарга хийж явсныг мэднэ. Яггүй заргач гэж хэлж болох байх?

-Хууль завхруулагчдын эсрэг нэг удаа шүүхэд гомдол мэдүүлээд, долоо, найман жил шударга үнэний төлөө явсан. Тэрнийг заргач гэх юм уу, мэдэхгүй.

-Таныг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж, шүүхийн шийдвэр есөн удаа таны талд гарсан гэдэг бил үү?

-Тэрний үр дүнд элэггүй болсон. Хууль завхруулагчид, дээрэмчид, тонуулчид, луйварчидтай тэмцэхэд хүн ингэж л хохирдог.

-Тухайн үед таны хүүг элэгнээсээ аавдаа өгсөн гэж сонссон?

-Тэгсээн тэгсэн. Аргагүй сайн хүү дээ. Одоо бие нь сайн байгаа. Миний хүү мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэгдсэн сайн мэргэжилтний нэг юм шүү дээ.

-Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. Хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн очдог алба болов уу?

-Ямар ч байсан хуульч мэргэжилтэй хүмүүсийн хүрч очих оргил нь мөн.

-Та хуульч хүний хувьд санаа тавьж анхаарч судалж байдаг асуудал бий юу?

-Үндсэн хуулиа л мөрдөх ёстой. Үндсэн хуульд нийцэж гарсан 555 хууль, 180 гаруй олон улсын гэрээ үйлчилж байгаа. Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байгаа хүмүүс ийм олон юмны рамыг ганхуулна гэсэн үг. Дэлхийн практикийг харахад Үндсэн хуульд нэмэлт л ордог, өөрчлөлт бараг хийдэггүй. Миний багш профессор Б.Чимэдийн “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн долоон өөрчлөлт бол тэр чигээрээ өнөөдрийн засаг төр ухаанаа олохгүй байгаагийн үндэс болсон. Сайд дарга нар улам их эрх мэдэлтэй болох гэж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархдаг. Тэр нь бүтдэггүй. Улс орон хөгжихөд Үндсэн хууль саад болоогүй. Үндсэн хууль бол хөгжлийн хөтөлбөр биш шүү дээ.

-Алдартай хүний үр удам байх сайхан мөртлөө амаргүй гэж та хэлсэн?

-Тэр нэр төрийг авч явах хэцүү. Надад байгаа энэ зовлон өнөөдрийн төр, засгийн удирдлагад байгаа бүх хүний хүүхдэд хамаатай.

-Та Ц.Жигжиджавын тухай ном гаргахыг хүсдэг үү. Ерөнхий сайд Ц.Жигжиджав сангийн зүгээс юунд анхаарлаа хандуулах бол?

-Би амьтны атаа жөтөө хүргэсэн юманд дургүй. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын Баруун-Уртад сүндэрлэсэн хөшөөг л шинэчилж гоё болгох юмсан гэж боддог. Миний өвөг эцэг Монгол Улсыг шинэчлэх шинэ улс болгох анхны Үндсэн хуулийг батлалцсан төрийн зүтгэлтэн хүн. Өвөг эцэг маань анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан бол Ардчилсан Үндсэн хуулийг ач хүү нь түшилцэж яваагаараа бахархдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *