Энэ жил хуримлах хосуудын тоо эрс цөөрчээ. Энэ нь эдийн засгийн хямралаас гадна бичин жилийн онцлогоос шалтгаалжээ. Тухайлбал монголчуудын дунд бичин жил хурим хийх муу гэсэн аман яриа ихэд дэлгэрчээ. Энэхүү ёсон болон энэ жилийн эдийн засгийн хямрал гэрлэх ёслолын ордоны энэ жилийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн талаарх Гэрлэх ёслолын ордны захиргаа аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдарийн яриаг хүргэе. Тэрээр “Бичин жилийн хувьд урьд урьдын жилүүдээ бодвол хуримын ачаалал маш бага байна. Энэ бол эдийн засгийн хямрал, бичин жилийн онцлогоос шалтгаалж байна. Монголчууд үр хүүхдийнхээ хурим найрыг хийхдээ ёс заншил, удам судраа харж байж хийдэг. Олон түмний дунд бичин жилд хурим хийдэггүй юм гэсэн аман яриаг даган энэ жилийн хувьд эрс багассан болов уу гэж бодож байна. Ноднингийн хувьд ерөнхийдөө есдүгээр сарын 18-ны үеэр буюу намрын дунд сарын шинийн 17-нд 60-70 хос хуримын ёслолоо хийдэг. Энэ жилийн хувьд 52 хос хуримаа хийхээр захиалгаа өгчихсөн байна. Тэгэхээр энэ нь эдийн засгийн хямрал ч нөлөөлж байна бичин жилийн онцлог ч нөлөөлж байна. Мөн хуримын ёслол хийж байгаа хүмүүсийн насны хувьд аваад үзэх юм бол 90-ээд оны залуучууд их байна. 90-ээд оны үед ид зах зээлийн хямралын үе байсан. Тэр үед төрөлт илт багассан байсан. Тийм үе байсан болохоор энэ жил яг тэр үеийн хүмүүсийн гэрлэлтээ батлуулж хуримлах тоо багассан үзүүлэлттэй байна. Ийм гурван шалтгааны улмаас энэ жил гэрлэх хосуудын тоо бага байна гэж бидний хийсэн судалгаагаар харагдаж байгаа. Гэр бүлийн баталгааг дүүргүүд дээр дээр хийдэг болсон. Манай энэ гэрлэх ёслолын ордонд бол гэр бүлийн баталгаатай хосуудын л хуримын ёслолыг л зохион байгуулдаг. Тэгэхээр дүүрэг болгон дээр хэдэн хүн бүртгүүлж байна, түүнээс хэд нь гэрлэх ёслолын ордонд орж байна гэдэг нь статистикийн тоогоор гарна. Түрүү жил буюу 2015 онд 1500-гаад хосын хуримын ёслолыг хийж байсан бол энэ жил одоогийн байдлаар 300 гаруйхан хос л хуримын ёслолоо хийж байна. Тэгэхээр харьцангуй багассан гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь түрүүн хэлсэн, эдийн засгийн онцлог, жилийн онцлог, зах зээлийн үед төрсөн хүүхдүүдийн тооноос хамаарч байна. Тэр үед бүгд мэдэж байгаа. Төрөх тасгууд бараг хоосон, жирэмслэлт болон төрөлт багасчихсан байсан үе шүү дээ. Ер нь бол бидний хийсэн судалгаа тэгж харуулж байгаа. Жилд ерөнхийдөө 8000 хос гэрлэлтээ батлуулсан байхад манайд 1500 нь л хуримын ёслолоо хийдэг. Хүн болгон хуримын ордонд хуримаа хийх чадал, боломж нь байдаггүй байх. Хийе гэж зорьж ирсэн хүмүүс л хийдэг.
Манай байгууллагын зүгээс бол хуримлагч хосуудад үзүүлэх үйлчилгээнүүд маань хэвээрээ байгаа. Хүмүүст өгдөг хуримын үйлчилгээ, гарын бэлэг, зураг жааз өгдөг. Үнэндээ багтсан бүх юмнууд нь орж байгаа. Энэ бүхний төлбөр нь нэмэгдээгүй ч гэсэн дээрх гурван онцлогуудаас шалтгаалаад энэ жил хуримлагч хосуудын тоо бага байна. Ажлын өдрүүдэд 759 мянга, амралтын өдөр буюу бямба, ням гаригуудад 803 мянга, балжинням, дашням давхацсан өдөр нэг сая 276 мянга байдаг. Энэ нь хуримын ачааллыг бууруулах зорилготой байдаг. Жишээ нь энэ жил есдүгээр сарын 18-нд гэхэд үүрийн 04 цагт эхлээд орой хамгийн сүүлийнх нь 19 цаг 30 минутад ордог. Тэгэхээр энэ өдөр хорин хэдэн цаг тасралтгүй хуримын ёслол явагдана гэсэн үг. Гадаадын иргэд манай хуримын ордонд хуримын ёслолоо хийх их сонирхолтой болсон. Ихэнх нь Хятад, Солонгос хүмүүс хоорондоо гэрлэж байгаа хүмүүс байдаг. Манай монголчууд ч гэсэн гадны иргэдтэй гэрлэдэг. Гэхдээ энэ нь харьцангуй бага байна. Жилд арван хэд л байдаг” гэв.
Харин бичин жилд хурим найр хийх тийм муу байдаг эсэх талаар зурхайч, шүтээн урлаач лам Д.Ухаанзаяагаас тодруулахад:“Тийм яриа байдаг. Гэхдээ жил, жилээрээ гайгүй байдаг. Жил нь таарахгүй байвал сайн сард бэр бууж болно. Сар нь таарахгүй бол сайн өдөр, сайн цаг нь таарч болно. Яг бич жил хурим хийж болохгүй гэсэн хатуу хориглосон, цээрлэсэн ёс байхгүй. Цаг нь таарахгүй байвал шүтэн барилдлага нь тохирсон байвал болно гэж үздэг. Хурим найр үүсгэх, бэр гуйх болон бусад зүйлд бид жил, сар, өдөр, цаг, суудал, хөлөл, барилдлага зэрэг нэлээд хэдэн тохиолоор шинжиж үзээд эндээс хамгийн чухал нь цаг гэж тооцдог. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Тэр нь тохирвол наад сөрөг үйлдлүүдээ дардаг учиртай” гэв. Тэгэхээр монголчууд маань ямар нэг юманд хэт туйлширдаг нь үүнээс харагдаж байна. Энэ нь ч аливаа бизнесийн үйл ажиллагаанд ч хохирол үзүүлдэг болохыг энэхүү жишээнээс харж болох юм.
Энэ жилийн хямрал болоод, бичин жилийн онцлог ресторануудад ч нөлөөлжээ. Хэд хэдэн газраар ороход тэд бүгд л энэ жил үйлчлүүлэгч бараг байхгүй байгаа талаар ярьж байв. Уг нь бол томоохон ресторанууд хурим найрын хүлээн авалтанд нэг цаг нь сая 500 мянгаас дөрвөн сая хүртэлх төгрөгөөр заалаа түрээслүүлдэг байна. Жишээ нь Зайсанд байрлалтай “Вүүдэн хаус” рестораны хувьд нэг цаг нь нэг сая 500 мянга гэж байхад хамгийн үнэтэй нь “Блүе скай” ресторан цагийн дөрвөнсаяар зөвхөн заалаа түрээсэлж байна. Үүн дээр хоол унд болон бусад үйлчилгээг давхар үзүүлэх юм бол өдрийн 15 сая-с 20 сая төгрөг болдог гэнэ.
О.ӨНӨРЦЭЦЭГ