Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Обамагийн бага охин Америкийн нийгмийг зөөллөж байна

Барак Обамагийн бага охин Саша зуныхаа амралтаар цагийн ажил хийж мөнгө олох болсон нь хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа юм. Өдгөө 15 настай тэрбээр Массачусетс муж улсад байрладаг 350 хүний суудалтай “Marthas Vinegard” зоогийн газарт Наташа гэдэг нэрээр өдрийн 11:30 цагаас эхлэн дөрвөн цаг ажилладаг. Түүний хийдэг ажил нь хоолны газрын зочдод үйлчилж, мөнгөний машинд тасалбар бичиж, ширээ цэвэрлэж, аяга таваг угааж, заалны цэвэрлэгээ хийдэг. Ингэж хөдөлмөрлөж буй зургууд нь хэдүйн нийтэд ил болсон. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама охидоо энгийн амьдралаар хүмүүжүүлэх зарчимтай нь эндээс харагдаж байгаа юм. Обамагийн охид цагаан ордонд тансаг амьдардаг гэх мэдээлэл цуурхал гэдгийг тэдний хоёр охины үйл хөдлөл, амьдралын энгийн хэв маяг харууллаа. Түүний ууган охин Малия мөн л Массачусетс муж улсын Кембриж хот дахь Харвардын их сургуульд 2017 оны намар элсэн суралцах юм билээ. Одоо 17 настай Малия энэ хавар дунд сургуулиа төгссөн юм. Малия Харвардад сурахаасаа өмнө нэг жилийн чөлөө авсан нь бас дуулиан болоод байгаа юм. Учир нь тэрбээр их сургуульд сурахаасаа өмнө нэг жил энгийн орчинд ажиллаж амьдрахыг хүсчээ.

Америкийн Ерөнхийлөгчийн энхрий хоёр охин ийнхүү энгийн амьдралаар амьдарч байгаа нь зөвхөн Америкт бус дэлхийд шинэ жишиг болж байна. Онцлог, онцгой байна. Америкийн боловсролын системд их сургуульд суралцахынх нь өмнө ийм нэг амьдрал таниулах тогтолцоо үйлчилж, түүнийг ухаалаг хүмүүс ашиглаж байгаа нь Обамагийн гэр бүлээс харагдаж байна хэмээн судлаачид бичжээ. Учир нь өсвөр насны, төлөвших насан дээрээ яваа хүүхдүүд зай авалгүйгээр ширээнээс ширээний хооронд, сургуулиас сургуулийн хооронд суралцдаг нь нийгмээс, амьдралаас тасарч, монголчуудын хэлдгээр амьдрал таниагүй онолын хүн болж байна хэмээн америкчууд үзэх болжээ. Ийм учраас их сургуульд суралцахаас нь өмнөх нэг, хоёр жил хүүхдээ нийгэм рүү оруулж, олон нийтийн газар үйлчлэгч, засварчин, хүмүүнлэгийн байгууллагад сайн дурын ажилтан, тэр байтугай тэнгисийн цэрэгт алба хаалгахыг Америкийн томчууд, нэртэй бизнесмэнүүд, банкерууд хүсэх болжээ. Дэлхий нийтийн шинэ хандлагаар бол дээдсийн амьдрал, орчин гэдэг ойлголт аль тэртээх 19, 20 дугаар зууны европчуудын хийрхлээр дуусгавар болсон хэмээн үзэх болсон гэнэ. Энэ үзлийн тодорхой жишээ нь Английн хатан хааны гэр бүлийн эрхэм хүн, ирээдүйд хатан хааны орыг залгах ач хүү Харри нь цэрэгт алба хааж, Афганистаны дайны бүсэд байлдааны нислэг үйлдэж шуугиулсан. Ер нь бол ил гараад байгаа нь энэ мэт жишээ болохоос биш энэ дэлхийн эдийн засаг, улс төрд онцгой үүрэгтэй байгаа олон нэр цуутай хүмүүсийн үр хүүхдүүд борог орчинд ажиллаж, амьдралтай танилцаж байгааг дэлхий тэр бүр мэдэхгүй байгаа юм.

Энэ бүгдээс нэг зүйлийг онцлох ёстой, ялангуяа монголчууд анзаарах ёстой. Америкийн Ерөнхийлөгчийн хүүхдүүд, Английн хатан хааны ач хүү энгийн иргэд бидний дунд мөр зэрэгцэн явах болсон нь ямар учиртай юм бэ? Тэднийг хэн нэг папарацичин гаргаад ирсэн гэж бодож байна уу. Үнэндээ тийм биш юм. Америк, Английн төр бодлогоор үүнийг олон нийтэд хүргэж байгаа юм. Энэхүү улс орны удирдагчдын зүгээс “Бид, бидний үр хүүхэд бүгдээрээ та нарын нэг хэсэг байж, энгийн сайхан амьдралаар амьдарч, хөдөлмөрлөж байгаа шүү” гэсэн үзэл санааг дэлхийд хүргэж байгаа хэрэг. Ийм байхыг ч цаад нийгэм нь шаардсан байж болно. Учир нь Америкийн нийгэмд дээдэс, доодсын ялгааг арилгаж байж нийгмийн санаа сэтгэлийг тайван амгалан байлгах ёстойгоо элит хэсгийнхэн нь дэндүү сайн ойлгох болж. Тэгэхгүй бол болохгүй байгааг дэлхийн өнцөг булан бүрт харж байна. Египетэд хэдэн жилийн өмнө юу болов. Энэ улсын томчууд нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд энгийн иргэдээсээ хэт тасарсан. Нийслэл Каир хотын төв нь тэр чигээрээ дээдсийн орчин болж, олон эхнэрээ дагуулсан томчууд нь ард түмнийхээ дургүйг хүргэх болсон. Дээдэс нь үүнийгээ мэдэрч анзаараагүйгээс болж долоохон хоногийн дотор төвөөсөө гадагш шахагдсан борчууд нь нийслэлээ гарах газаргүй болтол бүсэлж аваад дотогш цөмөрч төв талбай дээрээ хувьсгал хийсэн. Ливид ч ийм л явдал болсон. Томчууд нь хэт тасарч, нийгмийн сэтгэл зүй нь бухимдсан цаг үеийг гадны эрх ашгууд өдөөгөөд л тэр улсыг сүйд хийсэн. Дээдэс, доодсийн ялгарал нийгмийн шинжтэй болохоороо ямар аймшигт хүрдгийг мэдэхийн цаагуур мэдэж буй болохоороо том гүрний удирдагчид ийнхүү энгийчлэгдэж байна. Үр хүүхэд удам судраа энгийн болгож, энгийн амьдрал дунд амьдруулж, ажил хөдөлмөр эрхлүүлж, сурч боловсруулж байна. Ингэж л энгийн амьдралаар амьдруулж байгаагаараа тэд ард түмнийхээ дунд байгаагаа мэдрүүлж, ард түмнээ барьж байна. Учир нь ердөө энэ.

Гэтэл өнөөдөр манайхан яаж байна вэ? Их л цөөхөн нь энгийн байна даа. Бусад нь тасарчээ. Даргын хүүхэд дарга болдог жишиг бүр системийн шинж рүү орлоо. Даргын хүүхэд даргын хүүхэдтэй гэрлэх ёстой гэсэн үзэл суртал хүчээ авлаа. Улс төрийн хоёр том намын ҮЗХ, Бага хуралд нь зөвхөн дарга нарын хүүхдүүд үе улиран сонгогддог тогтолцоо бий боллоо. Ардын намын гал тогоонд чанагдаж, сайн муу бүхэнд нь зүтгэсэн ардын хүүхдүүд өнөөдөр ажилгүй, Америкт сурч байсан бацаанууд аавынх нь нам ялангуут гүйлдэж ирээд том дарга болж байна. Ингэхээрээ тэсэрдэг юм аа. Өнөөдрийн нийгмийн бухимдлын гол хөдөлгүүр бараг энэ. “Наад муу чинь олигарх, оффшорчин” гэж цоллонгуут бараг алахаас наахнуур болох шинж рүүгээ нийгэм орлоо шүү, томчууд аа. Дээдэс, доодос, баян хоосноороо ялгарах зам руу битгий орооч ээ. Гурван сая хүний дунд нийгмийн энэ ялгарал хүчээ авч, түүнийг нь гадна, дотнын ямар нэг хүчин дэвэргэх аваас биенээ дэндүү сайн таньж мэдэх жижигхэн Монгол, цөөхөн хүн ам юу болж хувирах вэ. Ирээдүйд ийм гал дүрэлзэх вий гэхээс их гүрнүүд хүртэл болгоомжилж, урьдчилан харж, ухаалаг зан гаргаж байгааг дээрх жишээнээс харж байгаа биз дээ. Ухаалаг нийгэм гэдэг бол энэ. “Ерөнхийлөгчийн охин хийж байгаа ажил юм чинь хүн бүр л хийх ёстой” гэсэн үзэл санаа Америкийн нийгэмд явж байна. Дэлхийн бүх террористуудын гол “бай” болсон Обама охин үрээ эрсдэлд оруулан байж ард түмнийхээ сэтгэл зүйг зөөллөж байна. Үүн шиг манай томчууд Монголын нийгэмд энэ ажлыг өрнүүлмээр байна. Хүүхдээ банкинд захирал биш Нарантуулын тооцооны төвд теллерээс ажлаа эхэлж байгааг сурталчилмаар байна. Сайдын хүүхэд компанийн захирал биш машины засварчин хийдгийг нийгэмд хүргэмээр байна. УИХ-ын гишүүний хүүхэд төрийн гоё албан тушаалд очих биш улсынхаа дархан хилийг манаж байгааг бахархалтайгаар харуулмаар байна.

УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн хоорондоо зовлонгоо ярьж суухыг хэдэн жилийн өмнө сонссон юм. Мань хоёр хүүхдүүдээ багад нь гадаадад сургаад, залгуулаад их сургуулийг нь гадаадад дүүргээд, бас мастерыг нь хамгаалуулжээ. Ингээд их өндөр боловсролтой хүүхдүүдээ эх орных нь төлөө зүтгүүлэхээр авчиртал Монголд идээшин дасаж чадахгүй байгаа тухай яриа юм л даа. Мэдээж тэд хүүхдүүдээ төрийн аль л гайгүй гэсэн албан тушаалд оруулсан байж таарна. Гэтэл хүүхдүүд нь ядаж эх хэлээрээ албан бичиг хөтлөлт хийж чаддаггүй гэнэ. Харь оронд ирчихсэн юм шиг. Эцэстээ хар багаасаа сурч боловсорсон улс орон руу нь буцаасан гэх. Энд нэг л үнэн бий. Их хурлын энэ хоёр гишүүн насны нар хэвийхэд үр хүүхдээ бараадаж амьдарна. Энэ нь Монголын ёс. Үр хүүхдүүдийнхээ байгаа тэр харь оронд л очих байх даа.

Тэгэхээр дээр дурдсан бүгдийг анхаарч Монголын томчууд үе удмаараа гоё энгийн амьдралаар амьдарч сурмаар байна. Ингэж энэ нийгмийн сэтгэл зүйг зөөллөж, өөриймсөг болгомоор байна. Ер нь орчин үеийн ухаалаг нийгэмд хувь хүн нь эцэг эхийн алдар нэр, албан тушаал, хөрөнгө мөнгөөр гайхуулах бус энгийн амьдралаар амьдардаг болсныг, тийм төлөвшлөөр хүмүүждэг болсныг дэлхийн томчуулын жишээнээс олон улс харж байна. Томчуулын хүүхэд гэдгээрээ дулдуйдах мода Монголоор дуусах цаг болж. Дуусгахгүй бол нийгмийн бухимдлыг дэвэргэх нэгэн гол хөшүүрэг байсаар байх нь. Ажлыг голж шилэлгүй хийж болдог, тэр нь ямар гоё харагддагийн жишээг бид ойрын үед сошиалаар шуугиад авсан хог цэвэрлэж буй менежер охины бичлэгээс харлаа. Үнэндээ тэр охин чинь их гайгүй айлын хүүхэд юм байна лээ. Цэвэрлэгч хийгээд байхааргүй. Гэтэл хамгийн гоё нь “Би менежер хийдэг. Илүү цагаар цэвэрлэгээ хийгээд нэмэгдэл цалин авчихдаг. Нөхөр бид хоёр залуу хүмүүс, амьдралаа босгохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй биз дээ” гэж ярьсан юм. Монгол хүн бүр яг энэ охин шиг ажлыг голж шилэлгүй, эцэг эх нь боломжтой ч тэдэндээ найдалгүй, өөрийнхөөрөө хөдөлмөрлөмөөр байна. Бидний ядуу буурай явах уу, өнгөлөг өөдрөг явах уу гэдгийн гол шинж чанар ерөөсөө энэ. Дээдэс доодос гэсэн ялгамжгүй нийгэмд хүн бүр өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийгээд явах нь л улс орны хөгжил юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Обамагийн бага охин Америкийн нийгмийг зөөллөж байна” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт Хөшигийн хөндийн онгоцны буудлын бүтээн байгуулалтын талаар “Танайд өнжье” булангаар сурвалжилжээ. Үргэлжлэлийг нь 12,13-р нүүрнээс уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Р.Гончигдорж:Эрх нь урдаа байгаад үүргээ мартаж болдоггүй ярилцлага хэвлэгдлээ. Үргэлжлэлийг нь 5-р нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрнээс нийтлэлч П.Хашчулууны “Обамагийн бага охин Америкийн нийгмийг зөөллөж байна” нийтлэлийг сонирхон уншаарай.

Долдугаар нүүрнээс “Монгол банкнаас 345.3 кг алт алдагдсан дуулиан юу болов” нийтлэлийг уншаарай.

11 дүгээр нүүрт “Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгойлж анхаарахаа амлав” нийтлэлийг уншаарай.

15 дугаар нүүрнээс Ц.Түмэнжаргалын “Дууг амилуулахад их ур чадвар шаарддаг” ярилцлагыг сонирхоорой.

17 дугаар нүүрт Л.Хүрэлбаатар:”Хувьцаа худалдаж авах нь бизнес худалдаж авч байгаатай адил” ярилцлага хэвлэгдлээ.

18-р нүүрнээс Павел Милюковын Ховор хөгжмийн зэмсгээр тоглох болсон тухай сонирхолтой ярилцлагыг уншаарай.

Гадаад мэдээний нүүрт “Есдүгээр сарын 11” бүү давтаасай” АНУ-д 15 жилийн өмнө болсон террорист үйл ажиллагааны ойг тохиолдуулан мэдээлэл гарчээ.

П.Цогтнарангийн “Судлаад үзэхэд их романч Ванчинбал, Инжиннаш нарын угсааны үр сад байдаггүй бололтой юм билээ” ярилцлагыг мөн манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *