Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ганга нуур 30 мянган малын “цэвэрлэх байгууламж“ болжээ

Дорнод зүгийн талын чимэг болсон Ганга нуур ширгэж байна гэх чимээ энэ зун тасарсангүй. Аагим халуунд нуурын ус бараг л юу ч үгүй болтлоо ширгэж байгаа тухай зүүн аймгаас ирсэн хүн бүр толгой сэгсрэн ярилаа. Хэт халснаас болж нуурын ус ууршаад дэгдчихсэн гэж ярих нэгэн байхад учир мэдэх хүмүүс малын баас шээс Ганга нуурыг мөхөөж байна гэв. Нутгийн олон угтаа Ганга нуурыг хөвөө хязгааргүй их далай лугаа адил сэтгэн хайрлан хүндэтгэдэг. Гэсэн ч нуурын ус урьд өмнөх үеэсээ хэд дахин багасаж юу юугүй алга болохын даваан дээр байна. Шалтгаан нь өнгөрөгч зун хэт их халсандаа ч байгаа юм биш. Нуураа бараадан амьдардаг нутгийн айлуудын малтай л холбоотой. Хун шувууд өдөржин шөнөжин гангананхан байдаг Гангын эрэгт өнөө жил 30 гаруй мянган мал зуссан байна лээ. Хөрсөн дээрээ 40 хэм хүрч халахад адуу мал сүрэг сүргээрээ багшралдан нуур руу тэмүүлэх нь ойлгомжтой. Ялаагаа үргээн өдөржин налайн зогсоо мал мэдээж хэрэг усан дотор бааж шээж таараа. Нэг адуу өдөрт таван кг хомоол унагадаг гэж бодвол нуур өдөр бүр 150 тонн малын баас шингээх гэж үйл тамаа цайдаг байж таарах нь. Дээрээс нь 90 гаруй тонн шээс нуур руу ордог гэж тооцоолъё. Ийм байхад нуур ширгэхгүй байхын аргагүй. Яаж харин ийм олон жил тэсч, тэмцэж чадсан юм бол гэмээр. Дээрээс нь урьд өмнө хорин нэгэн булаг шанд Ганга нуураа тэжээн тэтгэдэг байсан бол өнөө жил хоёрхон нь үлдэж. Дагшин булгийн ус тал бүрээс нь цутгаж халгин цалгин мэлтэлзэж байдаг байсан Ганга нуур дээрх хоёр шалтгааны улмаас лаг шавар болтлоо өтгөрч хүн бүү хэл мал орохын эцэсгүй болжээ. Ингэж Монгол орны аль л сайхан нуур цөөрмийг 70 сая эвэртэй нинжа сүйтгээд дуусах нь. Энэ тухай манай сонин өнгөрсөн хавар “Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга” гэж бичиж байлаа. Бид оргүйгээс ингэж бичээгүй. Олон газраар, Монгол орны бүх л аймаг, сумдаар томилолтоор явах үедээ олон нуур, цөөрөм хэрхэн алга болж буйг харсан болохоор бичдэг юм. Аль ч нутгийн нуур, цөөрөм ор мөргүй ширгэж алга болсон нь голдуу мал сүрэгтэй холбоотой. Нутгийн иргэд ч энэ тухай ярьдаг. Манай нутгийн тэдний мал өдөржин нуурын усанд зогсчихдог. Тийм үед нуурын уснаас умдаалах бүү хэл хажуугаар нь явахаар хомоол үнэртдэг гэж ярьдаг юм. Ингэж Монголын аль үзэсгэлэнтэй булаг шанд, нуур цөөрөм олон сая малын баасыг шингээх “цэвэрлэх байгууламж” болж байна. Хотын бид зуны амралтаараа ойр зуурхан амралтаар явахдаа ийм байдлыг нүдээр харж мэдэрдэг дээ. Аль сайхан байгальтай, мод ус жигдэрсэн тийм л газар хэдэн мал очоод шавчихсан байдаг. Хөөж туугаад ч нэмэргүй. Майхан барих бүү хэл суух ч газаргүй болтол бааж шээсэн байдаг болохоор цэвэрхэнийг нь бодон хайрга чулуу бараадан явахаас өөр аргагүй болно. Тийм сайхан байгальтай газар хоёр, гуравхан айл зуссаны дараа жил улаан халцгай болоод үлдэх нь бий. Жижигхэн гол горхи тэр олон малын хөлд сүйтгэгдэн мөхөхийн наахна үлдээд байх юм. Зарим нь ч тэнд булаг, горхи байсан гэх ул мөргүй болтлоо юу ч үгүй хатаж хоцорно. Ингэж гол горхи, нуур цөөрөм ширгэж алга болоход мал сүрэг хамгийн их нөлөөлж байна. Дээрээс нь Монгол орон төдийгүй дэлхий жилээс жил ирэх тусам улам бүр хуурайшиж буй. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ гэвэл нуур руу мал сүргийг хөлөөр нь оруулж амаар нь уулгахыг л болиулмаар байгаа юм. Нуур усаа хашаалж хамгаалах хэрэгтэй. Гадна талд нь худаг гаргаад өгчихье. Булаг шандын эхийг адуу мал даваад гарчихааргүй хашаа хороогоор хамгаалмаар байна. Ингэвэл ядаж л газрын гүнээс оргилон ундарч буй эхийг нь юу ч үгүй гишгэлээд байхгүй. Харин ойролцоо нь гүний худаг заавал ч үгүй гаргаад өгчих. Булаг шанд оргилж буй газрын ойролцоох гүнд усны ундарга байж л таараа. Иймэрхүү ажлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааныхан нэн даруй зохион байгуулмаар байгаа юм. Томоохон нуур цөөрмөөс шуудуу татаад малаа услаад байж болно шүү дээ. Ямар огт ус уулгахаа больё гэж байгаа биш. Хамгийн гол нь сүрэг сүргээр нь нуурын ус руу оруулж өдөржин баалгаж шээлгэдгийг л болиулчихмаар байгаа юм. Том том хөндий, шилд мал бэлчээрлэх газрыг тусгайлан зааж өгөөд тэнд нь худаг гаргаад өгчихвөл болоод явчихна. Хэрэв нуур цөөрөмтэй ойрхон зусаад мал сүргээ өдөржин усанд байлгадаг бол өндөр хэмжээний татвар оногдуулж болно. Тэгэхгүй бол Монголын аль сайхан гол горхи ор мөргүй ширгээд алга болох нь. Энэ янзаар байвал ариун Гангын ус юу ч үгүй болох нь. Хоёр, гуравхан жилийн дараа үр хүүхдээ дагуулан Дарьганга нутагт очоод “Энд мянган хун чуулдаг Ганга нуур байлаа” гээд цэлийсэн хоосон тал ширтээд дурсан суух энүүхэнд болчихжээ. Алдарт Ганга битгий хэл бараг хүн мэдэхгүй шахам хэчнээн нуур цөөрөм энд тэнд ширгэж байгааг тааж хэлэхийн арга алга.

Намар намарт мянган хун цуглуулчихаад хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлэн холын холоос даллан дууддаг Ганга нуурын намар энэ жил дэндүү уйтай байгаа даа. Өдийд уг нь алс нутаг руу үрсээ дагуулан нисэхээр бэлтгэлээ базааж хол ойр нисэх хун шувуудад дарагдан хөлтэйхэн байгаа дуулддаг сан. Байгалийн гайхам сайхан энэхүү үзэгдлийг харах гэж дотоодын төдийгүй гадаадын жуулчид нуурын эрэг бараадан багшралддаг байлаа. Гэтэл энэ жил гуравхан хун дэгдээхийгээ дагуулаад уйтайхан намаржиж буй сурагтай. Уг нь дунд сургуулийн сурагч байхдаа “Ганга нуурын усаар үсээ угаасан бүсгүй хүн жаргадаг” хэмээн уншиж билээ. Тэр цагаас хойш сэтгэлдээ Ганга нуурын усыг төсөөлөн очих өдрийг хүлээсэн дээ. Харин нуурын ус намайг очихоос урьтаж малын хөлд дарагдан юу ч үгүй ширгэж алга болчих гээд байх шиг ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *