Categories
мэдээ нийгэм

Юмжаагийн Цэдэнбалын ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцов.

Үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсанд холбогдох 700 гаруй эдлэл, хэрэгслийг дэлгэжээ. Тухайлбал 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсан 150 гаруй эдлэлийг дэлгэсэн байв. Үүнд баярын бичиг, хүндэт жуух, гэрэл зураг, тэмдэглэлийн дэвтэр зэрэг дурсгал байна.

Түүнчлэн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм, ном хэвлэл зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүллээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-нийг хүртэл олонд нээлттэй байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *