Categories
мэдээ цаг-үе

Маса Игата: Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаагүйд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна

“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Фронтиер конференс” компанийн гүйцэтгэх захирал Маса Игататай ярилцлаа.

-Энэ жилийн “Инвест Монголиа” өмнөх жилийнхээс ямар онцлогтой болж өнгөрөв?

-“Инвест Монголиа”-д ирсэн оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон байлаа. Ноднин 680 гаруй хүн оролцсон бол энэ жил 850 хол давлаа. Хөрөнгө оруулагчид тийм олноороо ирсэнгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг татах, холбож өгөх байгууллагын хүмүүс цөөнгүй ирлээ. Элчин сайдын яам, элчин сайдын яамдын харьяанд байдаг бизнесийн байгууллагын төлөөлөгчид, гадны хэвлэл мэдээллийнхэн анхаарч оролцлоо. Хөрөнгө оруулагчидтай холбож өгөх байгууллагуудаас ирсэн учраас ирэх жилээс хөрөнгө оруулагчид олноороо оролцоно гэсэн хүлээлт байна.

-Элчин сайд нар хөрөнгө оруулалтын орчинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэгдэл ямархуу байна вэ?

-Энэ жил шинэ хөрөнгө оруулагч ирээгүй. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагынханы хувьд танай улсыг олон жил судалсан, танай улсын талаар тодорхой мэдээлэлтэй хүмүүс. Тэд хөрөнгө оруулалтын орчинд юу болохгүй байгааг дахиад л ярьсан. Яриаг нь нэгтгээд дүгнэхэд шинэ Засгийн газрыг өмнөх Засгийн газрууд шигээ мэргэжлийн засаг байж чадсангүй гэж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ Засгийн газар байгуулагдаж эдийн засаг өснө гэсэн хүлээлт байсан. Шинэ засаг өмнөх шигээ чадвартай хүмүүсийг зөв газар нь томилсонгүй. Тэгэхээр өмнөх жилүүдийн алдаа давтагдана гэсэн үг.

-Тав банк бодлогын хүүг огцом өсгөсөн нь хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөөтэй гэсэн байр суурийг “Инвест Монголиа”-д оролцсон зарим банкир онцолж байсан. Энэ шийдвэр цагаа олсон гэж та бодож байна уу, эсвэл…?

-Нөхцөл байдлыг дүгнээд үзье. Төгрөгийн ханш огцом унаж байсан үед бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж төгрөгийн ханшийг тогтворжуулсан нь байж болох арга. Гэхдээ дарааллаа бодолцох учиртай байсан. Шийдвэр гарахын өмнө Сангийн яам хүмүүсийг цочролд оруулсан хоёр төрлийн мэдэгдэл гаргасан. Тэр мэдээлэл төгрөгийн ханшийг сулрахад хүргэсэн л дээ. Сангийн яамнаас мэдэгдэл гаргахдаа нэг зүйлийг анхаарах байсан юм. Болохгүй байгаа зүйлийг зарлах нь зөв ч бидэнд ийм төлөвлөгөө бий, дөрвөн жилийн дараа ийм үр дүн гарна гэж гарцаа ярих ёстой байсан. Тэгж хэлээгүй учраас ирээдүйн бодлого, дүр төрх, төсөөлөл тодорхойгүй болчихож байгаа юм. Тэр мэдээллийн дараа “Мүүдис” гэх мэт байгууллага Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихсан. Хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарсан.

-Ийм хүнд цагт, сая таны хэлсэн шиг ойлгомжгүй байдал үүссэн үед Таван толгой гэх мэт том төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол гадныханд байна уу. “Инвест Монголиа”-д оролцогчид яаж харж байна?

-Монголын хамгийн том төсөл бол Оюу толгой. Засаг Оюу толгойн өөрт ногдох хувийг зарах нь гэсэн цуу яриа дэгдээд байгаа. Хятадад хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллараар зарж одоо хэрэгтэй мөнгөний асуудлаа шийдэх боломж бий гэж “Инвест Монголиа”-д оролцогчид ярьж байна. Таван толгойн тухайд үнэ цэнээ алдчихаад байгаа. Гэхдээ гадны зарим компанийг “Mоngolian mining corporation”-тэй хамтарсан консорциум маягаар нэгтгэж Тавантолгойг хөдөлгөх хувилбар амьдрал дээр хэрэгжвэл ашигтай төсөл байх бүрэн бололцоотой. Амжилттай хэрэгжих боломжтой том төслүүд гэвэл сэргээгдэх эрчим хүчний салбарт байна. Бүр тодруулж хэлбэл салхи, нарны эрчим хүчний төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа. ”Оюу толгой”, “Таван толгой”-д хөрөнгө оруулах хамгийн боломжтой улс гэвэл одоогоор зөвхөн Хятад л байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж магадгүй гэж таамаглахаар алхмуудыг Засгийн газраас хийгээд эхэлчихсэн. Нөгөө талд бонд гаргах боломж бий гэсэн байр суурийг бизнес эрхлэгчид илэрхийлж байгаа. Ер нь манай улсад гаднаас мөнгө босгох ямар боломж, гарцууд байна вэ?

-Монголын хувьд гаднаас мөнгө татах таван төрлийн боломж бий. “Стэнд бай”, бонд, Хятадын Засгийн газраас тусламж авах, Оюу толгой, төрийн өмчийн хувьчлал. Засгийн газрын өгсөн мэссэж, мэдээллээс болж бондын хүү сүүлийн хоёр сарын турш өслөө. Тэгэхээр дахин бонд гаргавал өндөр өртгөөр гаргах учраас боломжгүй хувилбар. Оюу толгойгоос мөнгө босгох асуудал ч шийдвэрт хүрэхгүй болов уу. Төрийн өмчийг хувьчлах аргаар мөнгө босгох нь одоохондоо ашигтай гарц биш. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд төр өмчөө асар бага мөнгөөр зарах эрсдэлтэй. “Стэнд бай”-д орох юм уу, эсвэл Хятадын Засгийн газартай харилцах хоёр гарц л боломжтой харагдаж байна.

-Хятад гэснээс хөрөнгө оруулалтын орчин нэг улсаас нэлээд хамааралтай болчихвол зах зээл талаасаа ямар эрсдэлтэй вэ?

-Хятадын хувьд зүгээр нэг туслах улс биш. Худалдаачны сэтгэхүйтэй улс. Хэцүү байгаа үеийг нь далимдуулаад эдийн засагт нь том нөлөө үзүүлье гэсэн бодлогоор хандах магадлал өндөр. Өмнө нь хийсэн свопынхоо хэмжээг дахиад өсгөе гэсэн яриа гарч байгаа. Хэрвээ Хятадад ийм хүсэлт тавибал “Тэгье, бид өсгөөд өгье. Гэхдээ та нар бидний төлөө юу хийх вэ” гэж асууна. Хятадуудын юу хүсэхийг би мэдэхгүй. Хэрвээ би Хятадын талын шийдвэр гаргах хүн байсан бол “Манай банкинд танай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өг” л гэж хэлнэ. Ингэж асуух нь ойлгомжтой. Эрхийг нь өгөөд Хятадын банкууд ороод ирвэл Монгол Улс Хятадад худалдагдах аюул ихэснэ.

-Эрсдлээс хамгаалах арга хэрэглээд мөнгө орж ирэх боломжтой улсад хандаж болно, “Bank of China”-г тодорхой босго, шалгууртайгаар оруулаад ирчихэд болохгүй юмгүй гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Хятадын банк Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулна гэвэл Монгол улс төгрөгөөр биш юаниар гүйлгээ хийдэг орон болох эрсдэлтэй. Нөгөө талаас “Манай улс ийм тийм хязгаарлалт хийнэ” гэхгүйгээр гэрээ хийснийхээ дараа хязгаарлалт хийнэ гээд эхэлбэл хөрөнгө оруулалтын орчин талаас Хятадын итгэлийг алдах том аюул бий. Тэгэхээр тавих хязгаарлалтаа хоёр талаас сайн бодох ёстой. Эхлээд хязгаарлалтаа хийгээд, дараа нь гэрээгээ байгуулах учиртай.

-“Стэнд бай”-д хамрагдахад зайлшгүй анхаарах зүйл гэвэл юу байна?

-Нарийн бодлого, судалгаатайгаар энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Өмнө нь 200 сая ам.долларын төсөвтэйгээр хийсэн бол одоо нэг тэрбум долларын төсөвтэйгээр хийнэ гэж ярьж байна. “Стэнд бай” хэрэгжүүлснээр засаглал, ил тод байдал сайжирна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс алдагдал хүлээж, эрх мэдэлгүй , хөрөнгө багатай хэсэг нь илүү хожно.

-Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын юу нь өөдрөг сэтгэгдэл төрүүлдэг бол, аль салбарт илүү боломж байгаа бол гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Монгол баялагтай улс. Байгалийн болон газар тариалангийн баялагтай. Бүх улсад байдаг баялаг биш гэдгээрээ онцлогтой. Япон, Хонгконг, Сингапур ийм баялаггүй. Хүний сэтгэхүй их сонин. Өөрт байхгүйгээ хүсдэг. Жишээ нь Японд зээлийн хүү тэг хувь. Гэтэл Монгол эрсдэлтэй ч гэсэн зээлийн жилийн хүү нь 17 хувь. Тэг хувьтай байснаас эрсдэлтэй ч гэсэн 17 хувьтай байна гэдэг япончуудын сонирхлыг татахаас аргагүй зүйл. Энэ талаасаа танай орон боломж ихтэй улс.

-Манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэрээ хэрэгжсэнээр ойрын ирээдүйд бидэнд ирэх боломж нь юу бол?

-Ноолуурын салбар үлэмж ашигтай. Мэдээж ноолуурын салбарыг дагалдах салбаруудад ч ашгаа өгнө. Бусад улсуудад 11 хувь байгаа татварыг тэг хувь болгосон шүү дээ. Ноолуурын зах зээлийн гол өрсөлдөгч Хятадын хувьд ч 11 хувийн татвар төлж байж Японы зах зээлд гарах бололцоотой.

-Эдийн засаг хямарсан ийм үед Монголын тухайд яг ямар салбар илүү ашигтай ажиллах боломжтой байна вэ?

-Хямралын үед хамгийн ашигтай салбар бол аялал жуулчлал. Гэтэл аялал жуулчлалын салбарт “МИАТ”, “Корейн эйр” гэж хоёр компани монополь тогтоочихсон. Ийм шалтгаанаар онгоцны билетийн үнэ өндөр байна. Монголд бүх үйлчилгээ хямдхан учраас гаднаас ирэх сонирхолтой улс олон байгаа. Тэд онгоцны зорчих тасалбарын үнэ хэт өндрөөс болж сонголтоо өөрчлөөд байна л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *