Categories
мэдээ нийгэм

Эмч нар 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгосныг эсэрүүцэв

УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Төсвийн төслийг дагалдаж орж ирсэн хуулийн төсөлд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад авдаг байсан 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг болиулж,1-12 сар болгон өөрчлөх тухай тусгаад байгаа нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулах болсон.

Тэгвэл төрийн албан хаагч тэтгэвэрт гаргахад 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж байгааг эсэргүүцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Одоо сумын эмнэлэг, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Сүрьеэ, халдварт, гэмтлийн эмч гээд нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна

Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт өндөр цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтан байхгүй. Мөн хадгаламжиндаа 100 сая битгий хэл 10 сая төгрөгтэй ч хүн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт байхгүй. 150 ам.метр орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажилтан байхгүй. Харин орон гэргүй эмч, эмнэлгийн ажилтнууд олон бий. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 350-580 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ цалингаар хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа хийх, хаус барих байтугай найман хувийн зээлийн болзлыг ч хангаж чадахгүй байна. Засгийн газар Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн 1.13-ыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайд байхдаа 2015-2016 оны хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх бодлого баримтална гэж гэрээнд заасан. Энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төсвийн тодотголоо эргэж харагүй бол олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн ахмад, эмч, ялангуяа нарийн мэргэжлийн эмч, сувилгаа үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар эрүүл мэндийн салбарт тогтохгүй. Одоо сумын эмнэлэг, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Сүрьеэ, халдварт, гэмтлийн эмч гээд нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна” гэлээ.

Дашрамд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа аж. Улмаар Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг хүргүүлжээ. Хэрэв энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ тэд мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *