Ардчилсан нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг
санаачилж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан. Өндөр настан гэлтгүй ажил
хийж даатгал төлж буй хүн бүрийн төрд итгэх итгэлийг бататгасан уг хууль ирэх оны
нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байлаа. Энэ ямар хууль вэ гэвэл насаараа хамт
амьдарсан хоёр хөгшний нэг нь ертөнцийн жам ёсоор өөд болоход үлдэж буй нэгэнд тэтгэврийнх
нь 20 хувийг олгох зохицуулалттай байсан юм. Ахмад буурлуудад тун чиг хэрэгтэй уг
хуулийг өнөөдрийн эрх баригчид хүчингүй болгон зогсоож байна. Зогсоохдоо зүгээр
ч нэг болиулчихсангүй. Хүний санаанд оромгүй байдлаар бузар муухай хэмээн дуудаж
баахан шалтаг тоочлоо. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны хурал
дээр “Үхсэн хүний мөнгийг авч ясыг нь өндөлзүүлж чадахгүй гэж ахмадууд хүсэлт гаргасан”
гэх утгатай үг хэлсэн. Монгол Улсын Сангийн яамыг толгойлж буй сайд хүний ёсны эсрэг
үг хэлснийг сонссон бүхэн жийрхэн хүлээж авсан нь үнэн.
Өвгөдийнхөө өв хөрөнгийг
бузар муухай гэж хэлдэг хүн хаа байдаг юм бэ, Б.Чойжилсүрэн сайд аа. Таны хэлснээр
бол хэн нэг өвгөний нэр дээр байсан малыг нас барсан хойно нь хээр аваачин тууж
явуулах уу. Гэрийг нь жалганд шатааж, үр хүүхэд нь овгоосоо татгалзах болж байна
уу. Үүн шиг худал зүйл байдаггүй юм аа. Хүн төрөлхтөн үе удам дамжин амьдардаг.
Эцгийнхээ овгоор дуудуулж, эд хөрөнгийг нь өвлөж үлддэг юм. Улс төр хийнэ, хийнэ
гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү. Гэтэл Сангийн сайдын дээрх үгийг залгуулаад
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүр ч муухайгаар хэллээ. УИХ-ын чуулган дээр “…ганцаараа
үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие
рүүгээ харчихаад миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу гэж их муухай юм бодно” гэхчлэн
ярив. Насаараа ханилж жаргал зовлонгоо хуваалцсан хөгшчүүл нэгийгээ хурдан үхээсэй,
тэтгэврээ нэмэгдүүлэх юмсан гэж бодоод сууж байх юм гэнээ. Ерөнхий сайдын хэлсэн
үг жирийн ухамсрын түвшинд ингэж л хүрч байна.
Ингэж хэлдэг Ерөнхий сайд байх ч
гэж дээ. Хоёр, гуравхан бор төгрөгнөөс болоод насаараа ханилсан ханиа элдвээр бодож
муухайгаар сэтгэх оюун санаа монголчууд бидэнд байхгүй шүү. Үгүй дээ л муугаар бодлоо
гэхэд улсаас өгөх тэтгэврийг бүрэн авахын тулд нэг нэгийгээ бөөцийлөн асарч хоёулаа
хамтдаа өтлөе хэмээн сэтгэнэ биз дээ. Гэхдээ ахмад буурлуудын минь толгойд тэтгэврийн
хэдхэн төгрөгийн тухай өчүүхэн ядмаг бодол байхгүй. Нялх балчраас минь өдийг хүртэл
өсгөн хүмүүжүүлсэн ахмад буурлуудыгаа Ерөнхий сайд хүнээр ингэж хэлүүлээд суумааргүй
байна. Буян хураасан ижий аав, эмээ өвөөг минь хүний ёсонд баймгүй муухайгаар доромжилсны
төлөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан ч багадна. Амаа мэдэхгүй донгосч буй
Ерөнхий сайдыг зүгээр ч нэг огцруулахгүй хариуцлага тооцъё. Түүнд Монголын мянга
мянган ахмад буурал төдийгүй миний аав ээжийг доромжлох ямар эрх байгаа юм бэ. Ж.Эрдэнэбат
та Монголыг улсын дайтай улс байлгаж ирсэн ахмад буурлуудаас нэн даруй уучлал гуй.