Сүхбаатар аймгийн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 16 дугаар төгсөлтийн хамт олон энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тэд хүүхэд ахуйн гэгээн мөчүүдээрээ аялж инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй сурагч ахуй үе юм гэдгийг хэдэн жилийн дараахь уулзалтууд улам их мэдрүүлж байна хэмээн ярьцгаана. Саяхан л салаа гэзэгтэй жаахан охид, гэрэлтсэн нүдтэй хөвгүүд байсан бол хэдийнэ өвөө, эмээ болжээ гэж бяцхан харуусал тээн байгаа нь илт. Гэсэн ч тэд “Чи яасан өтөлдөггүй юм бэ, Чи минь яг хэвээрээ байна. Чиний бие ёстой чулуу юм, байнга л ийш тийш харайж явах юм, бурхан чамд урт нас хайрлана” гэж бие биеэ хөөргөнө. Саяхан тэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялжээ. Сурч байсан сургууль, анги танхимдаа мөр зэрэгцэн сууцгааж яг л хүүхэд ахуй үедээ очсон юм шиг болсноо ярьсан юм. Тэднийг долдугаар ангид орох хүртэл нь Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийн төвийн 10 жилийн цорын ганц дунд сургууль “Урт цагаан” гэсэн нэртэй байж. Баруун, зүүн үзүүр нь харагдахгүй нарийхан урт сургууль байсан тул ингэж нэрлэсэн гэнэ. Харин наймдугаар ангид ороход нь сургууль нь шинэчлэгдэж хоёр давхар болсон төдийгүй ягаан өнгөтэй болжээ. Тэд хичээлийн ширээнүүдээ эгнүүлэн тавиад одон бөмбөг тоглож, хоёр давхраас ойр орчинтойгоо танилцаж гайхширцгаадаг байснаа дурслаа. Бас хөвгүүд нь тэвэг өшиглөж, хувцсаа урагдтал бөх барилдаж байснаа ч ярьсан юм. Аймгийн төвийн шинэ жилийн баяр, нийтийн бүжиг гээд бүхий л арга хэмжээ тэдний ягаан сургуульд зохиогддог байсан аж.
Тэд “Манай багш нар цаг наргүй ажиллаж, бидэнд их зүйл зааж сургахын төлөө мэрийж байсанд үргэлж талархаж явдаг юм даа. Ер нь тэр үеийн сургуулийн захиргаа, санхүү, ахуйн ажилтнууд, дотуур байрны багш, тогооч, үйлчилгээний ажилтнууд үнэхээр хүүхдийн төлөө “За ” гэж хэлдэг байж дээ. Бидний үеийн төгсөгчдийн тал хувь нь дотуур байранд сурч хүмүүжиж байсан. Дотуур байр бол сурч боловсрох, хүмүүжилтэй болох номын өргөө байсныг одоо дурсахад таатай байна. Тэр л өргөөнд ангийн нөхдийн минь сурагч ахуй насны гэгээн дурсамжууд өнгөрсөн юм даа” хэмээн дурсацгаалаа.
Тус ангийн хамт олон сурлага, хүмүүжил, бие биедээ туслах зан чанараараа бусад төгсөгчдөд үлгэр дуурайл болдог байж. Хүнд ямар ч зүйлд суурь хүмүүжил хамгийн чухал байдаг. Тиймээс ч өнөөдөр манай ангиас олон алдартан төрсөн юм шүү дээ гэнэ.
Тухайлбал, ангийн хөвгүүн Р.Тогоо нь сурагч ахуйн таван онцын эзэн цол тэмдгийг “Академич” нэрээр сольж дэлхийд данстай эрдэмтэн болжээ. Тэрбээр 1975-1984 онд ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд, 1984-1995 онд ОХУ-д Дубна хотод эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995 оноос ШУА-ийн ФТХ-нд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, 2011 онд АНУ-ын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр хичээл номондоо шамдамтгай, аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг, уран зургийн төрөлхийн авьяастай, сургууль болоод ангийнхаа ханын сонин, үзүүлэнг хийчихдэг авьяаслаг хүү байсан аж. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гомбосүрэн хүүхэд ахуйдаа л төрөл бүрийн хөгжим тоглодог, сайхан дуулдаг, жүжиглэдэг, бас ч үгүй чамгүй барилдчихдаг байжээ. Түүнийг анги, хамт олныхоо төлөө амиа ч хайрлахгүй зүтгэдэг нэгэн гэж нөхөд нь ярьсан юм. Тэрбээр дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд л Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд дагалдан жүжигчнээр орж байж. Тэрээр найруулагч, соёлын ордны даргаар дэвшин он удаан жил ажиллаж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрын эзэн болсон байна. Түүний тухай Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов “Хөдөөгийн театрын тайз нь түүнд багадаж байна” хэмээн бичиж байв. Монголын үндэсний олон нийтийн телевизээр ч тэр бас гарсан. “Тэрслүү хүн” хөрөг нэвтрүүлгээр ажил амьдрал, урлагт зүтгэсэн гавьяат үйлсийг нь тод томруун харуулжээ. Ангийн хөвгүүн Д.Доржготов минь Монгол Улсын гавьяат багш болж биднийг ихэд баярлуулсан даа. Бидний хайртай У.Халтар, Я.Хүрэл, Ш.Төмөр, Ш.Чойжоо багш нар минь л энэ гэгээн мөртэй мэргэжилд түүнийг дурлуулсан болов уу. Манай Д.Доржготов ч физик, математикийн онолын мэдлэгээ амьдралд олон туршсан хүн. Түүнийгээ ч шавь нартаа эзэмшүүлсэн гавьатай багш юм шүү. Тэрээр залуу техникчдийн сургуулийг аймагтаа байгуулж шавь нар нь улс, бүсийн тэмцээнээс медаль хүртэж гялалзаж явлаа даа. Зүгээр сууна гэж үгүй. Хүүхэд нь бие засах дохио өгдөг аппарат, ажлаас ирэхэд нь цайг нь буцалгадаг автомат данх гээд л олон сонин зүйл ярьж биднийг алмайруулдаг юм гээд л ангийн нөхөд нь хуучиллаа. Саяхан л гэхэд ангийнхнаа гэртээ урин үдийн зоог барьж цаашид хийх олон туршилт, бүтээлч санаагаа танилцуулжээ. Мөн энэ ангиас Монгол Улсын гавьяат уяач, тээвэрчин төрсөн. Алдарт уяач Ц.Бямбадорж нутгаасаа морьд авчирч уралдана гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Баяндулаан хайрхныхаа унаган үрээг авчирч улсын наадамд гуравт хурдлуулж байжээ. Монгол Улсын алдарт уяач цол хүрттэлээ улс, бүс, аймгийн түүхт ойнуудаар олон айраг, түрүү авсан гэнэ. Түүний тухай ангийн охин, сургуулийн авьяаслаг гоцлол дуучин Г.Бямбадаш ярихдаа “Манай Ц.Бямбадорж дотуур байранд суудаг царайлаг бас томоотой хүү байсан” гэлээ. Харин Ц.Бямбадорж “Би тийм царайлаг байгаагүй ээ гэхдээ муухай ч эр байгаагүй шүү. Томоотой байсан гэдэг бас худлаа байхаа даа” гээд нэгэн дурсамж хуваалцлаа. Би Дарьганга сумынхаа сургуульд сурч байхдаа ангийнхаа нэг охиныг шалихгүй цохичихсон юм. Гэтэл түүнийг Лхасүрэн эрхлэгч мэдчихээд намайг дуудлаа. Тэрээр “Ц.Бямбадоржийн аав Цэнд бид хоёр нэг хонхрын хүмүүс байгаа юм. Муу аавыг нь хөдөөнөөс ирүүлээд яахав. Төлөөлөгч Жамсранг дуудуулж байгаад энэ дүрсгүй нөхрийг сургуулийн аргалын цаана аваачаад буудуулчихъя” гэдэг юм. Би ч айсан гэж жигтэйхэн, уйлаад л байлаа. Тэгэхээр томоотой бор хүү байгаагүй бололтой” гэв.
Энэ ангийн анхны доктор нь С.Батсүрэн гэнэ. Тэрээр бага ангид байхаасаа л сурах бичигт байгаа бүх тоог бодчихоод, ахлах ангийнхаа номон дээрх тоог бодож суудаг байсан гэнэ. Угийн ухаалаг тэрээр 10 дугаар ангиа төгсөх жилээ Польш улсад болсон олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож, сургуулиа алтан медальтай төгсөж байжээ. Мөн доктор С.Дамдинсүрэн нь Монголын шилдэг арван эрдэмтний нэгээр тодорсон байна. Энэ ангиас төрийн яам, аймаг орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагад удирдах алба хашиж байсан олон хүн байдаг. Мөн хилийн цэрэг, цагдаа, хүчний байгууллагад ажилладаг ангийн хөвгүүдээс Ш.Эрдэнэбаяр, О.Борхүү, Р.Аварзэд, Ж.Сүрэнхордорж болон Ч.Жамьяндорж, Ням, Г.Энхтайван, Х.Чимэдцэрэн зэрэг олон офицер төрсөн онцлогтой аж. Салбар байгууллагын тэргүүний ажилтан олон төрсний дотроос бурхны оронд заларсан ч ангийн нөхөд, гэр бүл, эх нялхсын эрүүл мэндийн манаанд тэргүүлэх эгнээнд явсан их эмч Ц.Нацагдоржийгоо санан дурсдагаа ярилаа. Хүүхэд ахуйн цагаахан нөхөрлөлөөр ижилсэн анги хамт олны дундаас хэд хэдэн гэр бүл төрсөн байна.
Энэ ангийг төгсөх жил анх удаа конкурс гэх шинэ элсэлтийн журам баталж байжээ. Анх удаа конкурс өгсөн төгсөлт шүү хэмээн бахархдаг гэнэ. Тэд хэдий тал, тал тийшээ нисэн одоцгоож эрдэм ном, амьдралын их замаа хөөсөн хэдий ч үргэлж ойр, дотно нэг нэгэндээ дэм болсоор өдийг хүрчээ.
Ангийнх нь хүүхдүүдийн зарим нь бараг мартчихсан хөгжөөнтэй, нандин дурсамжаасаа Г.Энхтайван гуай хуваалцлаа. Тэрээр “Ш.Болдбаатар бид хоёр тавдугаар ангидаа аймгийн намын хорооны байранд хамт амьдардаг байлаа. Ш.Болдбаатарынхаа дугуйг унаж хааяа нэг салхи сэвэлзтэл давхина. Басхүү даалгаврыг нь хуулж “онц” авдаг байв. Мөн Монгол Улсын их сургуульд ч хамт суралцаж билээ. Намайг төгсөхөд найз минь дипломын ажлын хавтсыг минь хусны үйсээр сийлбэрлэн хийж өгч байсан шүү. Бас сурагч ахуйгаас их сургуульд хүртэл хамт сурч байсан Д.Буд бид хоёрын нэг хөгтэй явдал байдаг юм. Шинэхэн оюутан болоод удаагүй байтал факультетуудын дунд спортын тэмцээн явагдлаа. Намайг жижиг биетэй болохоор чөлөөт бөхийн 48 кг-д барилд гэж декан үүрэг болгов. Эхний нэг, хоёрдугаар тойрогт бас ч гэж ялчихлаа шүү. Харин гурав дахь барилдаанд спортын мастер Ганбаттай таарахаар нь зугтчихлаа. Харин маргааш нь боксын тэмцээн болов. Манай Д.Буд 48 кг-д хоёр ялчихжээ. Гурав дахь тулаан дээр нэлээн хүнд гартай учраа таарахаар оноолт гарсан юм. Гэтэл мань хүн алга болчихов, бодвол миний зугтсан тактикийг хэрэглэсэн байх. Ингэж бид хоёрын тамирчин болох зам бүдгэрсэн юм даа. Залуу насанд ийм хөгтэй, хоржоонтой дурсамжууд их л болдогсон. Бас нэгэн дурсамж хуучлахад Ш.Болдбаатар бид хоёртой Ц.Содномдаржаа минь нөхөрлөдөг байлаа.Тавдугаар ангид байх жил түүхийн багш нар бидэнд түүхийн эд, өлгийн зүйлс цуглуулах даалгавар өгсөн юм. Гэтэл Ц.Содномдаржаа эмээгийнхээ бурхныг авчирч өгчээ. Харин би маргааш нь тэр тухай багшид хэлж байгаад эмээгийн бурхныг нь авчирч өгөөд баахан чихрээр шагнуулж билээ. Гэтэл өнөөх чихрийг минь манай Ц.Содномдаржаа гудамжинд зогсож байгаад идчихсэн шүү. Бас 8-10 дугаар ангид байхдаа Г.Үржин дотуур байранд суудаг байлаа. Манайхтай их ойрхон болохоор ээжийн минь гарын хоолыг их идсэн дээ. Тэр үед бид хоёр химийн дугуйланд суралцаж бэх, гутлын тос хийж сургуулийнхныхаа хэрэглээг хангадаг байлаа шүү дээ” гэсэн юм.
Тэд урлаг, спортын арга хэмжээнээс хоцордоггүй манлайлагч анги байжээ. Төгсөх жилээ урлагийн үзлэгээр аймгийнхаа Ард түмний гавьяат гэгддэг Ч.Хүрэл ахаараа найруулагч хийлгэн жүжиг тоглож, их сайн болсон учир сумдаар тоглох эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэд “Холдох мөч ойртох дөхсөн ч яриа дуусахгүй, сэтгэл нэг л хөндүүр оргиод байх юм билээ. Бид дараагийн уулзалтаа Дорнод аймагт суугаа нөхдийнхөө урилгаар товлосондоо баяртай байна. Хүндэтгэх шалтгааны улмаас ээлжит уулзалтад оролцож чадаагүй эрхэм нөхөд маань бие биеэ сургууль, багш нар, нутаг усаа хүндэтгэн дараагийн арга хэмжээнд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү аяллаа баримтат бичлэг болгон хадгалсан” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Г.Энхтайван нь “Зүрх сэтгэлийн гэгээ” гэдэг ном ангийнхандаа зориулж хэвлүүлж байжээ. Энэхүү номдоо төгсөлтийнхөө 66 найзын гэр бүл, үр хүүхэд, ажил албыг танилцуулж намтарчилсан байна.
О.АРИУНЦЭЦЭГ