Categories
гадаад мэдээ

Узбекистаны Ерөнхийлөгч эмчлүүлж байна

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бие өвдөж эмнэлэгт хэвтсэн байна. Энэ тухай Узбекистаны Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

1991 оноос хойш Узбекистан улсыг тасралтгүй 25 жил удирдаж буй 78 настай Ислам Каримов ямар өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэнийг мэдээлсэнгүй. Албан ёсны мэдэгдлийн дараа зарим эмч Ерөнхийлөгчийг эмнэлгийн үзлэгт оруулж эмчилгээ хийхэд нэлээд хугацаа шаардагдах тухай өгүүлжээ.

Ислам Каримов хамгийн сүүлд энэ сарын 17-д улсын телевизээд гарч, БНСУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзсан байна. Түүнээс хойш зурагтаар харагдаагүй гэнэ. Тэрээр есдүгээр сарын 1-нд Узбекистаны Тусгаар тогтнолын баяраар ард түмний өмнө гарч ирэхээр төлөвлөж байжээ.

Төв Азийн дарангуйлагч удирдагчдын нэг гэгддэг Ислам Каримовын орыг хэн залгамжлах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Каримовын залгамжлагч болж магадгүй хэмээн яригддаг том охин Гулнара Каримова сүүлийн жилүүдэд авлигын хэрэгт холбогдон гэрийн хорионд орж, шалгагдаж байгаа. Сүүлийн үед Узбекистаны төрийн тэргүүний бага охин Лола Каримова “залгамжлагчаар” нэрлэгдэж эхэлсэн. Узбекистанаас ЮНЕСКО-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажилладаг Лола нэгэн ярилцлагадаа том эгч Гулнаратай 12 жилийн турш огт харилцаагүй гэдгээ ярьж байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Ислам Каримов энэ сарын 26-нд зүрхний шигдээсээр гэнэт унасан гэнэ. Тухайн өдөр Риогийн олимпод гавьяа байгуулж медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч үдэшлэг зохион байгуулах үеэр Ислам Каримов архи нэлээд уусан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зелимхан Хайдаровын хориглосныг үл тоож архи уусан тэрээр үдэшлэгийн дараа ухаан алдаж унажээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Герман болон Израилаас эмч нар ирсэн. Одоогоор Ислам Каримовын биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Ислам Каримов 1989 оноос хойш Узбекистаныг удирдаж байгаа. ЗХУ задарч унасны дараа 1991 онд тус улс тусгаар тогтнолоо зарлахад Ерөнхийлөгчийн сонгуульд 90 хувийн саналаар ялалт байгуулсан. Түүнээс хойш төрийн эрхийг бүх нийтийн санал хураалтаар сунгаж яваа. 30 сая хүн амтай Узбекистанд ардчилсан сонгууль явагдаж байгаагүй, сөрөг хүчин ч байхгүй, чөлөөт хэвлэлүүд бүгд хаагдсан. Одоо И.Каримовыг хэн залгамжлах нь сонин байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *