Categories
мэдээ цаг-үе

Морган Фримэн -Шөнө мандсан нар

Монголын кино урлагт асар том өв үлдээсэн Дэндэвийн Чимэд-Осор гэдэг нэгэн сайхан буурал байж билээ. Түүний кино урлагт орж дүрээ үлдээсэн анхных нь бүтээл нь “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөний хөрөг. Тэр уг өвгөний дүрийг бүтээхдээ 33-хан настай байж. Одоо бодохнээ энэ сайхан буурлын бүтээсэн дүрүүд дандаа(гол дүр байна уу туслах дүр байна уу гэдгээс хамааралгүй) сэтгэлд хоногштол нэгийг өгүүлсэн, ухаан нэмсэн ахимаг настны дүрүүд байж үү. Нэг их холоос баахан нуршиж тайлбарлахын учир нь ертөнцийн нөгөө хязгаарт яг манай Чимэд-Осор гуайтай адил шууд “хөгширчихсөн” жүжигчин дэлхийг уяраан амьдарч байна аа гэх гэсэн юм. Түүнийг Морган Фримэн гэдэг. Сарын өмнө IMDb сайтын (кино сонирхогчдын үнэлгээ, үнэлэмжийг бүртгэдэг сайт) гаргасан судалгаагаар дэлхийн шилдэг 250 киног “Шоушенкагийн шоронгоос оргосон нь” гэдэг бүтээл тэргүүлсэн байна лээ. Тэгвэл уг киноны гол дүрийг бүтээсэн Морган Фримэний тухай өнөөдөр өгүүлэх бөлгөө.

Морган Фримэн 1937 оны зургадугаар сарын нэгэнд Теннэси мужийн Мэмфис хотод Морган Портфильд Фримэн хэмээх үсчний гэр бүлд төржээ. Ээж нь цэвэрлэгч, аав нь үсчин мөртлөө тэднийх нэг газраа тогтодоггүй тэнэмэл амьдралтай айл байжээ. Миссисипи, Индиана мужийн хотуудаар хэсэг сэлгүүцсний эцэст Чикагод суурших үед бага Морган сургуульд орох насанд хүрэв. Америкийн кино урлагийн “мөнхийн өвөө” Фримэн уг нь тэгэхэд буюу зургаан настайгаасаа л эхлэн тайзанд гарч анхныхаа дүрүүдийг дархалж байсан гэх юм. Түүний идэр залуу насны амьдралд бусдаас онцгойрохоор зүйл огт үгүй. Дунд сургууль, сайн дурын жүжигчдийн дугуйлан, цэргийн алба гээд байдаг л жирийн намтар. Дараа нь цэргийн нисэх хүчинд таван жил механикч хийх үед 1960-аад он гарч байлаа. Тэр үеэсээ Морган урлагтаа буцаж Сан-Францискогийн “Opera Ring music group”-т бүжиглэдэг байв. 1971 онд анхныхаа кинонд тоглож “урлагийн тогооноос халбагадаад” есөн жил мартагдсан. 1980 онд

“Брубэйкер” хэмээх шоронгийн амьдралын тухай дунд зэргийн кинонд хоригдлын дүрд тоглоод дахиад л мартагдлаа. Долоон жилээс үргэлжилсэн энэ уналтын дараа 1987 онд дэлгэцнээ “Гудамжны залуу” хэмээх кино гарч Фаст Блэк гэдэг эрийн дүрийг бүтээсэн Морган туслах дүрийн “Оскарын” шагналд нэр дэвших нь тэр. Гайхалтай байгаа биз. Тавин насныхаа босгон дээр, урлагт “чанагдаад” гуч орчим жил өнгөрсний дараа л кино урлагийнхан түүнийг анзаарсан байгаа юм. Хэтрүүлж хэлэхэд Морганыг хөгшрөөд үрчлээс суугаад, үс нь одоогийнх шигээ өрвийсэн саарал өнгөтэй болсон хойно л түүнийг “Энэ хүн од юм байна, түүнийг тоглуулбал касс дүүрнэ” гэж дүгнэсэн мэт. Өтөлсөн хойно нь анзаарч од мэт мандах болсон түүнийг “шөнө мандсан нар” гэж найзууд нь магтдаг. Үнэхээр тийм. Түүнээс хойш Морган Фримэн хэзээ ч муу кинонд тоглоогүй.

Америкийн кино урлагт цагаан арьст эрэгтэй жүжигчид нь хар арьст жүжигчдээс хавьгүй олон, илүү авьяслаг нь үнэн. Африк гаралтай Уилл Смит, Самуэль Жэксон, Дэнзель Вашингтон гээд эрчүүд бий л дээ. Гэхдээ тэр хар арьстай эрэгтэй жүжигчдийн дийлэнх нь (хэрвээ бүгдээрээ биш бол шүү) боевик, дайн байлдаантай кинонд тоглодог бие бялдар сайтай, булчин шөрмөс нь зангирсан нөхдүүд байх вий. Харин Морган Фримэны дүрүүд ихэвчлэн ухаантай, амьдралын хал үзсэн, цэцэн цэлмэг нэгэн байдгаараа бусдаас ялгагддаг. Эхний “Оскарт” горьлоод удаагүй байхдаа дараачийн бүтээл болох “Мисс Дэйзигийн хувийн жолооч” кинонд хөгшин жолоочийн дүр бүтээж дахиад л “Оскарт” нэр дэвшсэн. Ер нь тэр цаг үеэс хойш кинонд тоглох бүрдээ сэтгэлд хоногшсон дүр бүтээж тэр жилийнхээ нэр алдартай кино наадмуудын шагналыг тогтмол хамдаг байлаа. Хүмүүс Леонардо де Каприог “шагнал тойрдог азгүй залуу” гээд байдаг. Харин Морган Фримэнийг бол Америкийн кино акедими жинхэнэ утгаараа олон жил “анзаараагүй”. Тэр таван удаа “Оскарт” нэр дэвшсэн мөртлөө ганцхан удаа “Сая долларын бацаан” киноны туслах дүрээр шаргал барималыг атгаж байж билээ. Гэхдээ тэр бусад шиг “харуудыг гадуурхаж байна, арьс өнгөөр ялгарварлалаа” гэхчилэн дэмий үг яриа гаргадаггүй. “Кино урлагийн өнөөдөрт расизм байхгүй, тэр чинь аль эрт уржигдраас эхлээд алга болчихсон. Арьс өнгөөр ялгаварлаж байна гээд байгаа хүмүүс зүгээр л сайн хөдөлмөрлө, залхуурлаа хая” гэж зөвлөдөг хүн шүү дээ. Одоо бага зэрэг хувийнх нь амьдрал руу өнгийе.

Морган Фримэн дөрвөн удаа гэрлэж хоёр хүү, хоёр охины эцэг болсон гэр бүлийн амьдралд “туйлбаргүй нэгэн”. Сууж салсан бүсгүй болгоноо нэг хүүхэдтэй үлдээж байсан ч гэлээ муудаж салдаггүй, эргээд уулзаж учирч санхүүгийн талаар боломжоороо тусалж явдаг гэнэ лээ. Есөн ач зээтэй, тэдгээрийнх нь нэг нь түүнтэй амьдардаг, багахан эдлэн газартай, тэндээ цөөрөм байгуулж загас үржүүлдэг. Ер нь далай тэнгисээр аялах дуртай, франц хоолонд “нугасгүй”, хааяа загасчилдаг, 80 хүрч байгаа ч амьдрал нь буцалж байгаа “залуухан” өвөөгийн тухай өгүүлэхэд ийм байна.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *