Нийслэлийн Боловсролын газраас “Цэцэрлэгийн бүртгэлийг сугалааны журмаар зохион байгуулах” тухай мэдэгдэж, бүртгэлийг албан ёсоор наймдугаар сарын 22-ны өдөр эхлүүлсэн билээ. Харин өнөөдөр бүртгэлд хамрагдсан хүүхдүүд “Азын сугалаа”-гаа сугалсан юм.
Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж олон хоногоор дугаарладаг байдлыг арилгах зорилготой гэж энэ шийдвэрийг албаныхан тайлбарлаж байгаа ч эцэг, эхчүүд харин таатай хүлээж аваагүй. Гэсэн ч сонголтгүй болсон эцэг эхчүүдэд сугалаа сугалахаас өөр аргагүй болж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг энэ хичээлийн жилд 2 настай нийт 77 хүүхэд сугалаанд хамруулснаас 25 хүүхэд л цэцэрлэгт орох боломжтой байв. Бүртгүүлсэн дугаар, овог нэрээр нь дуудан бүртгэж сугалааг эхнээс нь сугалуулсан. Бичгийн цаасыг 4 нугалж дотор талд нь шифр бүхий код тамгалж хайрцганд хийсэн. Эцэг эхчүүд дөрвөлжилж нугалсан цаас холигдохгүй, бөөрөнхийлж нугал гэсэн шаардлага тавьсан боловч “Бид тусдаа байгууллага, яаж нугалах нь манай эрх” хэмээн удирдлагууд татгалзав. Ийнхүү иргэдийн нүдэн дээр сугалаа явуулж тусгай шифр бүхий кодтой цаас сугалсан эцэг эхчүүд баярлан, хоосон цаас сугалсан эцэг эхчүүд гэр гэрийн зүг явлаа.