Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хоёр орон, ард түмэн бол дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй гэж би боддог. Монголчууд “Орос ах нар” гэдэг. Энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд олон чухал ажил хийнэ гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот ОХУ-ын Москва, Новосибирск, Улан-Үдэ, Санкт-Петербург, Омск хотуудтай найрсаг харилцаагаа өргөжүүлж байна. Мөн саяхан Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд ОХУ-ын олон хот оролцсонд баяртай байна. Энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн анхны Ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн есөн баримтыг Мовсква хотын Засгийн газрын зөвлөх, Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хүрээлэнгээс бидэнд хүлээлгэн өгсөн нь Улаанбаатар хотын архивын чухал барим болсон. ОХУ-д визгүй зорчдог болсноор бид дахин ойртон нягтрах, хамтран ажиллах, эдийн засгаа дэмжих таатай боломж бүрдэж байна гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн олонхи нь “Орос ах” нарын барьсан орон сууцанд амьдардаг. Хамгийн сүүлийнх нь “Москва” хороолол. Тиймээс бид нийслэлийг орон сууцжуулах, хуучин орон сууцыг сэргээн засварлахад Та бүхнийг хамтран ажиллаасай гэж хүсч байна. Мөн Байгал нуур, Сэлэнгэ мөрний асуудалд анхаарлаа хандуулж байна. Туул гол, Орхон голтой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэтэл Туул гол маань бохирдчихоод байна. Тиймээс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна. Бас Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох асуудалд ноён элчин сайдыг анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Бидний хооронд нөхөрсөг байдал тогтож, ажил хэрэгч харилцаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. Элчин сайд И.К.Азизов “Хоёр орны харилцааны сайхан дурсамжуудыг ярьсан танд баярлалаа. Хамтын ажиллагааны олон асуудал хөндлөө. Бид бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно. Бидний зүгээс танд тавих хэд хэдэн санал байна. Юуны өмнө Улан-Үдэ хотын 350 жилийн ойн баярт таныг болон танай төлөөлөгчдийг урья гээд хуучнаар ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгө, өмчийн асуудлыг шийдвэрлэх, мөн Лениний нэрэмжит клубын газар, барилгын асуудлыг шийдвэрлэхэд өөрийн эрх үүргийн дагуу туслалцаа үзүүлэхийг хүсье. Мөн Новосибирск хотын удирдлагууд Улаанбаатар хотод “Худалдааны экспо төв” байгуулах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Элчин сайдын зарим асуудалд хариу өгч, хуучин ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг байгуулан судалж, хариу өгнө хэмээн онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *