Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой

Ж.Эрдэнэбат зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд 10:00 цагаас эхэллээ. Чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар Засгийн газар наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг батлах талаар Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүдийн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг эмзэг бүлэг гэлтгүй бүх хүүхдэд олгох танай намын мөрийн хөтөлбөр бий. Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болохгүй юу?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж эхний ээлжинд зорилтод бүлгийнхэнд олгоё. Дараа ээлжинд нийт хүүхдүүдэд нөхөж олгохоор хэлэлцэн шийдвэрлэсэн байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Манай улс 4.3 их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тэн хагастай тэнцэх хэмжээний өрөнд орчихсон. Мөн өмнө нь авсан өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл нэг сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг ярих юм бол хэрээ хэрээний харыг гайхав гэдэг болно. Тэгж ярих юм бол хадгаламж зээлийг хоршог хэдэн мянгаар нь дампууруулаад, нэг хүн гадаадад очиж казино тоглоод явж байсан асуудлыг ерөөсөө ярихгүй юм. Ардчилсан нам ганцаараа дампууруулчихсан юм шиг юм яриад байх юм. Би өөрөө амьд гэрч байна шүү. Яриад байвал ярих асуудал зөндөө бий шүү.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр өр төлбөр төлөх цаг ойртсоор байна. Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барьсан Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Дараагийн хэлэлцэх асуудлаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх илтгэлийг хууль санаачлагч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *