Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат:Төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг дэндүү хариуцлагагүй үйлдэл

Төсвийн тодотголын талаар өчигдөр УИХ ээлжит бус чуулган маш богино хугацаанд хуралдсан билээ. Тэгвэл төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат их бухимдангуй байлаа.

Тэрбээр “Төсвийн тодотголтой холбоотой өөрчлөлтүүдийг би дөнгөж өчигдөр авсан. Нөхцөл байдал эвгүй тавигджээ гэж харсан. Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй.

Над руу маш олон иргэд хандаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэдэг аймшигтай юм тавьж байна. 500 мкв байртай хүн жилд 18 сая төгрөг төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Бид асуудалд нухацтай хандах ёстой. АН байр сууриа илэрхийлэх ёстой.

Сангийн сайд улстөржих хэрэггүй, Сангийн сайдын ажлаа хийх ёстой. Ардын намын Сангийн сайдын ажил нэг өөр. Ардчилсан намын Сангийн сайдын ажил нэг өөр байгаагүй. Бид нэг л ижил зовлон туулж байгаа, гоншигнолгүй ажлаа хий. Тэгж ярих юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ч бидэнтэй хамтарч, Засгийн газар барьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн сайд байсан. Гэнэт ийм зүйл руу орсон гэж уулга алдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм байсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *