Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихээр болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэрээр Японд болсон “Их-7”-гийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа очиж, хэд хэдэн газраар айлчилсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна гэх таамаглалыг олны дунд төрүүлээд байна. Тэрээр энэ үеэрээ Чосон гүрний үеийн байшин барилгуудаас бүрдэх Өмнөд Солонгосын Гёнсан тосгонд зочилжээ. Уламжлалт соёлыг хамгаалах ажил хариуцсан албаны хүмүүстэй тэрээр тус тосгонд уулзаж, санаа бодлоо солилцсон байна. XVI зууны үеийн соёлын өвийг хадгалсан тус тосгоныг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлнэ гэдгээ тэрээр энэ үеэр хэлсэн байна. Ийнхүү гэнэт БНСУ-д зочилж, соёлыг хамгаалах талаар дуугарч эхэлсэн нь түүний ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох төлөвлөгөөний эхлэл болсон.

Түүнчлэн БНСУ-ын эрх баригч Сэйнүри нам ирэх оны арванхоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бан Ги Мүнийг нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл ч тархаад байгаа юм. Үүнд нам болон Бан Ги Мүний зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Учир нь, түүний НҮБ-ын тэргүүний албан тушаалыг хаших хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусах юм. Тэрээр “Ямартай ч би эхлээд НҮБ-ын тэргүүний үүргээ ёс төртэйгөөр гүйцээнэ. Үүний дараа БНСУ-ын жирийн нэг иргэн болж, эх орондоо очиж амьдарна” хэмээн өмнөх ярилцлагадаа дурджээ.

Бан Ги Мүн үүний өмнө буюу 2007 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан билээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *