Сангийн сайдын төсөв улайсан гэх урваганал, төв банкны ерөнхийлөгчийн валютын нөөцгүй боллоо гэх гэнэн мэдэгдлийн цаад санааг хөнгөхөөн уншчих боломжтой. Улс төрийн элдэв санааг нь алгасаад харвал доллар олж ирэхгүй бол горьгүй нь гэдгээ тайлбарлах гэж ядаж байгаа хэрэг л дээ. Долларыг өөрсдөдөө дарамтгүй татах хоёр арга бий. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалт, нөгөө нь баялгаа Хятадад овоохон мөнгөөр зарах. Гадаадын хөрөнгө оруулалт лав ойрын хоёр жилдээ сэргэхгүй. Валют олж ирдэг нүүрс, зэсийн үнэ ч эдийн засагт нэмрээ өгөх хэмжээнд цойлтлоо өдий. Тэгэхээр бидэнд өнөөдөр доллар олж ирэх гуравхан гарц байна. Нэг нь “Стэнд бай”, нөгөө нь гадны улсуудын хөнгөлөлттэй зээл, гурав дахь хувилбар нь бонд. Аль нь бидэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт аль хэдийнэ хаалга тогшоод эхэлчихсэн. МАН-ын хувьд бондод ам муутай. ОУВС-гаас “Стэнд бай” авах гэж л улстөржсөн агуулгатай өчнөөн аймаар зохиомол тоог дэлхий даяар цацаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа.
Олон улсын валютын сангаас “Стэнд бай” авах тийм ч хүсэхээр гарц биш. Ерээд онд яадаг байлаа даа. Хандивлагчид цуглаж суугаад “Зах зээлийн замыг сонгоод удаагүй хөөрхий энэ улсад бүгдээрээ тусалъя” гэж ярилцаад мөнгө цуглуулж өгдөг байсан. Тэр үед хөрөнгө оруулагчид биднийг тоодоггүй байсан нь ч нуугаад байх юм биш. Бизнесмэн хүн бизнес хийдэг нөхөртэй л ярихаас хандив гуйдаг ядруухан улстай харилцахгүй нь зах зээлийн бичигдээгүй хууль. Ямар сайндаа л анхны ерөнхийлөгч маань гадаадад айлчлах бүрдээ Таван толгойдоо хөрөнгө оруулалт гуйгаад явахав дээ. “Стэнд бай” бол тэр цагийн явдал. Харин одоо биднийг дэлхий өөрөөр харах болсон. Цагтаа эдийн засгийн 17 хувийн өсөлт маань BBC, CNN-ий мэдээний сэдэв болж, Financial times дараагийн БРИКС бол М-3 гээд нэгээр нь Монголыг нэрлэж байсан. Оюу толгой гэдэг ганцхан төсөл нь дэлхийн уул уурхайн төслийн хамгийн том санхүүжилтыг татаж, Засгийн газар нь 1.5 тэрбумын “Чингис бонд”-ыг хямдхан хүүгээр босгосон Монголд “Стэнд бай” жижигдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хандивлагчдаас хараат, өнөө л тарчиг цаг руугаа ухарч гэж харна, доллар өгсөн ОУВС-гийнхан мөнгөө яаж зарцуулахыг маань нэг бүрчлэн заана гэж ирээд яривал “Стэнд бай” аваад алдах нь их харагдаж байна. Ядруухан улсууд аргагүйдэхээрээ хамрагддаг иймэрхүү хөтөлбөрөөс болж өгвөл бултаж байгаад гэр хорооллын барилгажилт ч юм уу, ямар нэг эмзэг сэдэв асуудал дээр өөрсдөө санал тавибал авч болох юм.
Олон улсын хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр дахь хувилбар ч тийм өгөөжтэй эд биш. Хүү багатай, хугацаа урт, хүсвэл хугацааг нь сунгаж болно энэ тэр гээд яривал давуу тал ихтэй ч гаднын улсууд мөнгөө зүв зүгээр өгчихдөггүй. “Наад мөнгөөрөө хэрэгжүүлэх төсөлдөө манай улсын компанийг ажиллуул, эсвэл манайхаас бүтээгдэхүүнээ худалдаж ав” гэж шаарддаг. Энгийнээр жишээлбэл гурван төгрөгийн өртгөөр бүтсэн бөглөөгөө найман төгрөгөөр ав гээд шахчихдаг. Хүү төлөхөөс гадна ийм өртөг нэмэгддэг учраас хүсэхээр хувилбар биш. Хуучин цагт гэхэд л ЗХУ-аас авсан рубль бүрийг яаж зарцуулахыг зөвлөлтийн засаг шийддэг байсан. Зөвлөлтийн инженерүүдийн төлөвлөсөн зохион бүтээсэн төслүүдийг л санхүүжүүлдэг байв. Энэ цагт ч ялгаагүй, зээл өгсөн улс бүр өөртөө ашигтай ийм шаардлага тавьдаг.
Гурав дахь хувилбар буюу бидний сонгох учиртай хамгийн зөв гарц бол бонд, бонд, бас дахин бонд. Дэлхийн улсуудын ихэнх нь бонд гаргаж мөнгө босгодог. Дэлхий бондоор амьдардаг. Японы өр зээл гэхэд л ДНБ-ээс нь гурав дахин их байдаг. Бондыг нь тооцоод үзвэл өнөөгийн хүчирхэг АНУ лав өрнөөс хэзээ ч гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулах улс орныхоо юуг эхлээд хардаг гээч, бидний айж эмээж шүүмжлээд байгаа бондыг. Гаргалгаа нь ч энгийн. Хар үгээр зүйрлэвэл дэлхийн улсуудын даралтын аппарат нь бонд. Монгол банк, Сангийн яам, Хөгжлийн банк гурав мөнгийг нь авсан хөрөнгө оруулагчдадаа эдийн засгийнхаа тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр нь явуулдаг юм. Даралтын аппараттай зүйрлэсэн нь ийм учиртай. Эдийн засаг нь ямаршуу байгааг сар сараар нь анализ хийгээд харчих боломжтой учраас хөрөнгө оруулагчид бонд авсан улсад нааштай ханддаг юм. Зүй нь зах зээл нь жамаараа өсч өндийж яваа улс сонгуулиас сонгуулийн хооронд биш, бондоос бондын хооронд амьдардаг. Аль засгийн газар нь илүү хямд таатай нөхцөлтэй бонд босгосон бэ гэдгээрээ өрсөлдвөл сая зөв замдаа орно гэж учир мэдэх улс өөр зуураа ярьцгаадаг. Өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж тэс хөндлөн юм ярьж зүтгэвэл бонд босгох боломж нь хумигддаг, ийм алдаа гаргасан засаг дахин сонгогдох боломжгүй болдог орчин бүрдвэл гуравхан сая хүнтэй энэ улсыг өндийлгөж ядах юмгүй. Газар дороо баялагтай улс тэр дороо л сэвхийгээд ирнэ.
Бидэнд бас нэг том эндүүрэл бий. Монгол сонирхолтой учраас хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй, Хятад гэж том зах зээлийн хажууханд гэдэг онцлог маань биднийг моодонд оруулдаг.
Бонд босгоход амин чухал нэг зүйл бий. Тэр нь дэлхийд танигдсан нүүр царайнууд. “Чингис бонд”-ыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар биш төв банкийг цөөнгүй жил удирдсан, Монголын эдийн засагт жижиг байхаас нь томортол нь хутгалдсан О.Чулуунбат агсан, Хөрөнгийн биржийг байгуулахаас нь ажилласан, Монгол банкинд арав гаруй жил зүтгэсэн Н.Золжаргал нар шиг санхүүгийн нүүр царайнууд босгосон юм. Бонд сонирхогчид, олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангийнхан, тэдний хөлсөлж авсан хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний акул компаниудын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй ярилцаж, амжилттай хэлэлцээ хийж, мөнгө олж ирнэ гэдэг хүнд ажил. МАН-д сайн эдийн засагчид бий. Нам энэ тэр гэж жижиг хүрээнд сэтгэлгүйгээр дэлхийд Монголын санхүүгийн нүүр царай болсон эрхмүүдээр хүч сэлбэчихвэл ногоон валют босгоход хэцүү биш. С.Баярын Засгийн газар хямралтай нүүр тулсан ч Хятадын эдийн засаг давгүй байсан учраас нүүрс, зэсээ зарж суугаад давгүй амьдарцгаасан. Харин Н.Алтанхуягийг ажлаа авахад байдал эсрэгээрээ, баялгаа зарж доллар олдог Хятадын эдийн засаг муудчихсан цаг таарсан. Бонд гаргаж мөнгө босгосон тулдаа л тэсч даваад гарсан. Барилга, хөдөө аж ахуй гэх мэт ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа бондын мөнгөөр тэтгэсэн учраас л иргэн Дорж, Дулмаагийнх хоёр идэхгүй хоосон хонохгүй өдий хүрсэн юм. Яг нарийндаа эдийн засаг гэдэг ердөө л ажлын байр. Эдийн засаг хэцүүхэн үед Н.Алтанхуягийн засаг зам гэх мэт суурь дэд бүтцүүдээ бондын мөнгөөр шийдсэн нь багагүй шүүмжлэлд өртсөн. Эдийн засаг өсөх ирэх жилүүдэд ядах юмгүй өөдлөх том суурь мөнөөсөө мөн. Үнэн хэрэгтээ бондын мөнгийг ирээдүйд өгөөжөө өгөх зүйлд зарах гэж л авдаг. Тэрнээс биш өнөөдөр аваад маргааш нь цэвэр ус савлаад зарах үйлдвэрт хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй. Тэд суурь дэд бүтэцдээ зарцуулаарай гэж л мөнгөө өгдөг. Товчхондоо ирээдүйд томрох нь тодорхой улсад итгэж хөрөнгө оруулдаг гээд ойлгочихож болно. О.Чулуунбат агсан 1996 онд төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Манай эдийн засаг аравхан сая ам.доллар шингээж чадахгүй шүү дээ” гэж ярьж байсан бол өдгөө Монгол Улс бонд гаргаж босгосон 1.5 тэрбумыг өлхөн шингээчихдэг том зах зээл болсон. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн маань тогоо улам томорсон. Одоо 3.5 тэрбум ам.долларын бонд босгож тогоогоо улам томруулах хэрэгтэй. Дэлхий тэр чигтээ хямарсан энэ үед бонд босгож өдий дайны мөнгө татаад дахиад суурь дэд бүтэц, мега төслүүддээ зарж ажлын байраа хадгалаад үлдчихвэл ирэх жилүүдийн хямрал тэгтлээ айхаар даваа биш. Эдийн засаг хямарсан үед бидэнд нэг том боломж бий. Эдийн засаг сайн үед 20 сая ам.доллараар худалдаж авч байсан технологи, техникээ арав, магадгүй долоо, наймхан саяар худалдаж авах боломж нь яг одоо бүрдчихээд байна. Хямарсан үед бүтээн байгуул гээд байгаагийн энгийн логик энэ л дээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч муу ажиллаагүй, бонд гаргасан, Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулсан, Таван толгойн станцыг Марубенигийн хүчээр хөдөлгөхөөр болсон, Эрдэнэтийн 49 хувийг Монголд аваад ирсэн. Яаж авсан нь дөч тавьдугаар асуудал, лав л Иванаас аваад Ванд өгөөгүй. Танил бизнесмэнтэйгээ уулзахад “Олон улсын нэг банкнаас зээл авсан юм. Тэд танай хамгийн том татвар төлөгч Эрдэнэтийн 49 хувь Оросынх байх аа, бас төмөр замын чинь тодорхой хувь Оросынх, аль 45 оны гэрээгээ шинэчлээгүй өнөө хүрсэн байх аа гэж асуусан шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэтэл өнөөдөр зээл авах гэж буй олон улсын банкуудынхаа өмнө Эрдэнэт 100 хувь биднийх гэж бардам хэлээд суух боломж бизнесийнхэнд бүрдчихлээ. Цаашид яах нь дараагийн асуудал, ямартай ч Эрдэнэт Монголд ирсэн нь эдийн засагт сүүлийн хорин жилээр хэмжигдэх эерэг мэдээ.
Ж.Эрдэнэбат ямар байх нь хамаагүй, эцсийн дүндээ тэр Монгол Улсын Ерөнхий сайд. Нас залуу, санхүүч мэргэжилтэй, УИХ-д олонх болсон намаас томилсон гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тогтвортой гэдэг утгаар нь энэ засагт хөрөнгө оруулагчид итгэж байгаа. Бонд босгох суурь бэлхнээ байгаа гэсэн үг.
Мэдээж Чингис бондыг босгож байсан үеийнх шиг хямд хүүтэй ногоон олох боломж бидэнд байхгүй. Гэхдээ эдийн засаг хямарсан үед бонд босгож, өрөө төлөөд, үлдсэнээр нь бүтээн байгуулчихвал өөр гарц бий. Эдийн засаг сайжирсан үед олсон мөнгөөрөө өрөө хугацаанаас нь өмнө дарчихаад, хямд хүүтэй дажгүй бонд босгох боломж байгаа. Ойрхоны жишээ гэвэл Казахстан баялгаа зарж айхтар мөнгөжингүүтээ өрөө хугацаанаас нь өмнө торгууль төлөн байж барагдуулж онгирч л байсан. Ер нь дэлхийн улс орнууд ийм замаар урагшилдаг.
Тэгэхээр эдийн засгаа тэлж, ажлын байраа хадгалах ганц зөв гарц нь бонд л байна. Дахиад хэлэхэд ямар ч орны хөгжлийн гол үзүүлэлт, цаг агаар нь хөдөлмөрлөх чадвартай насныхан нь эр, эм ялгалгүй ажилтай байх. 45 мянган хүн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн статистик бий. Ээж аавдаа ад үзэгдэн, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр амьдарч байгаа нөхдийг нэмбэл энэ тоо лав л 100 мянга дөхнө. Тэднийг ажлаар хангах хэцүү биш, бонд гаргаж, хөгжлийн том төслүүд хэрэгжүүлэхэд л шийдэгдэх асуудал.