Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Оюун: Монгол улс хүрэнээс ногоон руу шилжих хэрэгтэй

Өнөөдөр Туушин зочид буудалд Үндэсний Их Сургууль, МУИС-тай хамтран “Мongolia Update” нээлттэй илтгэлийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь хоёр жил тутамд болдог бөгөөд Монголд анх удаагаа зохион байгуулагдсан юм. Энэхүү арга хэмжээнд эдийн засгийн чиглэлээр Р.Амаржаргал, байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр С.Оюун нар илтгэлээ англи хэлээр тависан юм. Ингээд УИХ-ын гишүүн асан С.Оюунаас илтгэлийнх нь дараа цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

  • Та сая байгаль орчин ногоон хөгжлийн талаар илтгэл тавилаа. Гадныхан хэр сонирхож байна вэ?
  • Гадныхан Монголын байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлуудын талаар маш их сонирхож байна. Австрали өөрөө уул уурхайн орон. Мэдээж улс болгон хөгжих ёстой, урагшлах ёстой. Гэхдээ байгальдаа ээлтэй хөгжих ёстой. Жишээ нь манай говьд гол гол уурхайнууд байгаа. Гэтэл тэнд усны хомсдолтой байгаа. Тэгэхээр байгалиа ч хамгаалаад эдийн засгаа ч хөгжүүлэх арга замыг хайж байна. Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогоо хоёр жилийн өмнө баталсан. Сая Тогтвортой хөгжлийн бодлогоо баталлаа. Зүгээр л бодлого батлаад цаасан дээр үлдээх биш хүрэн биш ногоон замаар явмаар байна. Энэ талаар оролдлогуудыг хийж байна.
  • Монголын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гадныхан хэр оролцож байна вэ?
  • Сэргээгдэх эрчим хүчийг Монгол Улс дэмжиж ажилладаг. Улаанбаатрын агаарын бохирдолтой холбоотойгоор барилгын дулаан алдагдлыг бууруулах янз бүрийн урамшууллуудыг монголын талаар гаргаж ажиллах ёстой. Манай улс сэргээгдэх эрчим хүчээр 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь хангахаар бодлогодоо тусгасан. Өнгөрсөн жил Эрчим хүчний яам Дэлхийн Уур амьсгалын сангаас 30 сая долларын буцалтгүй тусламж авсан. Монголын эдийн засаг хэцүү байгаа энэ үед ногоон чиглэлээр хөгжлөө тодорхойлох юм бол бидэнд гаднаас илүү их зээл тусламж орж ирнэ. Хүү багатай зээл ч гэдэг юмуу хувийн хэвшилдээ ч улсдаа ч зээл олдох боломжтой. Гол нь хүрэнгээр биш ногооноор явах юм бол гадны санхүүгийн механизм манайд үйлчлэх таатай хөрс бүрдэх юм. Бид ямар нэг байшин барьчихаад уурын зуухаар халаагаад хүрэн нүүрс хэрэглээд байх биш ногооноор буюу сэргээгдэх эрчим хүчээр амьдаръя гэж л яриад байгаа юм. Ногоон барилга барихад бидэнд хүү багатай зээл ч юмуу техник эдийн засгийнх нь хувьд буцалтгүй тусламж орж ирэх боломжууд их орж ирэх юм.
  • Ногоон хөгжлийг мэдээж чухалчлах нь зөв. Гэхдээ илүү өртөг өндөртэй биш үү?
  • Хуучин бол ногооноор явбал илүү өртөг өндөртэй гэж боддог байсан бол одоо үед илүү ашигтай болж байна. Хүрэнгээс ногоонруу үсрэнгүй хөгжих чинь дэлхийдээ ч улс орондоо ч хэрэгтэй болж бизнесийн хувьд илүү ашигтай зам болж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мэдээж бид эхлээд гэрийн даалгавар хийж техник технологийн юмнуудыг судлах хэрэгтэй.
  • Австралийн хувьд эдийн засаг нь уул уурхайн салбар дээрээ тогтож явдаг. Тэгэхээр Монголд тэднээс суралцах зүйл их байгаа гэж та бодож байна уу?
  • Австралийн хувьд уул уурхайн дараа орох салбар нь боловсролын салбар байдаг. Боловсролын салбараасаа маш их мөнгө босгодог гэсэн үг. Гадаад оюутнуудыг Австралид маш ихээр авч суралцуулаад түүгээрээ валют олж байна. Бид ч гэсэн уул уурхайгаас орж ирэх жаахан ч гэсэн энэ орлогоо боловсрол, хөдөө аж ахуй зэрэгт эдийн засгаа солонгоруулах замаар оруулбал хөгжинө. Уул уурхай бол хамгийн том салбаруудын нэг нь уул уурхай байсан бол түүнээс ч том салбар нь боловсрол болчихоод байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *