Categories
мэдээ цаг-үе

Ц.Шинэбаяр: “Большой театр”-ын дуучид сайхан дуулах юм, Монголын дуучид дутахгүй юм байна гэж бодогдсон

“Universe Best Songs-2016” наадмын гранпри шагналын эзэн Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг энэ жил төгссөн, Ардын жүжигчин А.Долгорын шавь ажээ.

-Ялагч болсныхоо дараа Москва хотын “Большой театр”-т тоглолт үзээд ирсэн гэсэн. Их театрт дуулах юмсан гэж олон дуучин хүсдэг. Юу бодогдож байв?

-Мэдээж дуурийн дуучин хүний хувьд мөрөөддөг л дөө. Большой театр гэдэг бол монголчуудын төдийгүй дэлхийн дуурийн дуучдын хувьд мөрөөдлийн театр. Энэ театрт саяхан “Universe best songs” наадмынхаа ачаар, тэр дундаа БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар дуурь үзээд ирлээ. Дээд зэрэглэлийн мэргэжлийн хүмүүсийн дуулалт, жүжиглэлтийг үзсэндээ сэтгэл өндөр байна. Үүнээсээ ч маш их эрч хүч авсан. Дуурь үзэхээр ОХУ-д очиход Монголын Элчин сайдын яамныхан их тусалж дэмжсэн шүү. Намайг яаман дээрээ байрлуулж, хоол унд байраар хангаж өгсөн Элчин сайд Б.Дэлгэрмаад баярласнаа илэрхийлж Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг дуулж өгсөн л дөө. Дуучин ээжийн охин болохоор урлагийн мэдрэмж асар өндөртэй хүн байна лээ, Элчин сайд.

-Манай дуурийн дуучид орос школтой гэдэг. Ер нь хэр ялгарч сонсогдох юм бэ?

-Монголын дуурийн театр дэлхийн хэмжээнд гарч байгаа том театр гэж боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дэлхийн түвшинд дуулж байгаа сайхан залуу дуучид бий. Их театрын дуучдын дуулалт сайхан юм. Монголын дуучид ч дутахгүй юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

-Дуурийн дуулаачийн уралдаан тэмцээнд өөрийгөө сойж байв уу?

-Мэргэжлийн дуулаачдын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан болдог. Энэ жил гуравдугаар сард болсон. Энэ уралдаанд Хоролмаагийн дүрээр оролцож, дэд байр эзэлсэн. Олон театр, чуулгын дуучид дундаас дэд байр эзэлсэндээ баяртай байгаа. Энэ жил амжилт ихтэй байна.

-Яагаад Нансалмаа биш Хоролмаа гэж?

– Нансалмааг Монголын сайхан хүүхний төлөөлөл гэж хүн болгон боддог. Тэгэхээр би ерөнхийдөө бие намхантай, жүжиглэлт дуулалтаараа байж болох юм гэсэн бодолтой энэ дүрийг сонгосон л доо. Гэхдээ л Хоролмаа Нансалмаагаас илүү хүмүүсийн сонирхлыг татдаг шүү дээ. Багш маань сайхан бэлтгэж өгсөн. Хоролмаа бол хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж байгаа эмэгтэйн дүр. Гоё дүр. Яавал надад ашигтай байх вэ гэж боддог. Эрсдлээс айдаггүй, зоримог эмэгтэй.

-Дуурийн дуучин хүн “Universe Best Songs”-д түрүүлсэн нь сонирхолтой санагдсан. Шоу маягийн цэнгээнт нэвтрүүлэг шүү дээ. Ари, романс дуулахад хүмүүст тэр болгон хүрдэг билүү?

-Монголд олон шоунууд гарч байна. Хүмүүсийг эстрад дуунууд байлдан дагуулж байгаа. Гэхдээ л сонгодог урлаг ойлгодог хүмүүс нэмэгдсэн гэж боддог. Энэ жил би СУИС-ийг таван жил сурч дүүргэсэн. Мэргэжлийн дуучин болсон. Энэ утгаараа энэ уралдаанд зоримог орсон л доо. Ер нь яагаад сонгодог урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байж болохгүй гэж. Анх энэ уралдаанд оролцох саналыг А.Долгор багш маань тавьсан юм. А.Долгор багш надад итгээд энэ тэмцээнд орооч гэж байхад би өөртөө итгэхгүй байхдаа яадаг юм гэж бодсон л доо. Өмнөх уралдаанд манай Б. Жавхлантөгс амжилттай оролцож түрүүлж байсан. Эрэгтэй хүн сонгодог дуугаар түрүүлж байхад эмэгтэй хүн яагаад ялагч болж болохгүй билээ гэж бодсон. Шат шатанд маш их бодолтой орсон л доо. Нэгдүгээр шатандаа поп опера дуулсан бол финал дээрээ “Одоо л бүх нөөц бололцоогоо шавхдаг хэрэг” гээд ари дуулах жишээтэй. Энд тэнд явахаар хүмүүс “Хүүе, нөгөө түрүүлдэг охин байна. А.Долгор багшийн шавь байна” гэдэг. “Мундаг байсан шүү, дэмжиж байсан шүү” гэхээр нь маш их энерги авдаг. Одоо бас монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог болчихсон юм байна.

-А.Долгор мундаг дуучин, сайхан эмэгтэй харин хэр багш вэ?

-Миний багш амьдрал дээр ч ажил мэргэжил дээрээ ч гэр оронд нь очсон ч тэр яг л байгаагаараа байдаг. Байгаа байдал нь маш эрхэмсэг гоё санагддаг юм. Эмэгтэй хүн яг л ийм баймаар юм байна гэж багшаасаа үлгэр жишээ аваад хааяа намбалаг байх гэж хичээнэ. Маш сайн багш. Зөвхөн хичээлээс гадна амьдралын маш сайхан зөвлөгөө өгдөг.

-Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Дуучны удамтай. Аавын маань ээж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн байсан. Би ч тэр сайхан нутагт төрж өссөн л дөө. Нутгийн маань энерги нөлөөлдөг болов уу. Эмээ маань уртын дуу сайхан дуулдаг. Найран дээр дуулахаар хүмүүс дахиулдаг байсан гэж ярьдаг. Харамсалтай нь эмээ маань намайг дуучин болохыг харж чадалгүй бурхан болсон. Гэхдээ намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Би багадаа дуулдаг байсан гэсэн. Гурван настай байхдаа “Сүүн далай ээж”-ийг дуулж байсан гэж ээж ярьдаг. Гэхдээ тэмцээн уралдаанд амжилт үзүүлж байгаагүй. Анх уралдаанд амжилт үзүүлсэн нь ноднин СУИС-д дуурийн дуулаачаар сурч байгаа оюутнуудын дунд болсон “Лавай” гээд анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Түүнээсээ улам хүч аваад одоо бол ахиад ямар уралдаан тэмцээн болох нь вэ гээд уяан дээрээ дүүхэлздэг морь шиг л байна шүү дээ. Эмээ маань уртын дуу дуулдаг байсан болохоор уртын дуу бага зэрэг дуулна. Эмээ намайг уртын дуучин болгоно гэж ярьдаг байсан. СУИС-д орохдоо хүмүүсийн зөвлөгөөг дагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон доо.

-Дундговийнхон Н.Норовбанзад гуайгаас авахуулаад олон сайхан дуучидтай?

-Н.Норовбанзад гуай манай Дундговь аймгийн Дэрэн сумынх. Би бол Дэлгэрхангай сумынх. Ардын жүжигчин Г.Хайдав багш байна. “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр нь хүмүүс сайн мэддэг П.Цэвэлсүрэн гуай гээд сонгодог урлагийн төлөөллүүдтэй. Нутгаас маань олон мундаг жүжигчид гавьяатууд төрж байна. Цаашдаа ч нутгийнхаа нэрийг гаргачих юмсан гэж хичээж яваа.

-Италид сурах гэж байгаа гэсэн үү?

-“Movie English” гээд “Univ­ers best songs” наадмын ивээн тэтгэгч хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб бий. Тэр байгууллага ивээн тэтгэж, Италид нэг жил суралцахаар болсон. Энэ бол хэн хүнд тохиолдохгүй аз шүү. Есдүгээр сараас эхлээд долоон сарын хугацаатай хэлний бэлтгэлд тус клубт явах юм. Дараа жил сургуульдаа явна гэсэн төлөвлөгөөтөй байгаа.

-Дуурийн дуулаачдын хувьд итали хэл чухал шүү?

-Итали дуурийн өлгий нутаг гэдэг утгаараа дэлхийн том том дууриуд итали хэл дээр байдаг. Тэр утгаараа зайлшгүй итали хэл сурахгүй бол болохгүй. Тус клубынхандаа маш их баярлаж байгаа шүү.

-Сурч ирээд хаана ажиллах вэ?

-Ажлын санал ирсэн. Одоохондоо сурах шаардлагатай байгаа учраас хараахан хүлээж аваагүй байна. Ямар ч байсан Италид сурч ирээд хаана ажиллахаа шийдэх бодолтой байна.

-СУИС-д суралцахаас өмнө хаана ажиллаж байсан бэ?

-СУИС-д сурахаасаа өмнө Улаанбаатар их сургуульд монгол солонгос хэл судлаач мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр ажиллаж чадаагүй. Урлагт татагдаад байсан л даа. 24 насандаа СУИС-д элссэн. Хөгшин оюутны тоонд ороод цохиж явлаа.

-Гэрийнхнийхээ тухай яриач?

-Гэр бүл гэвэл ээж, аав дүү, охинтойгоо амьдардаг. Ээж аав шиг сайхан амьд бурхан байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. СУИС-д сурч байхдаа охиноо тээж төрүүлсэн л дээ. Ээж, аав маань чөлөө авч болохгүй гээд хүүхдийг маань харж өгсөн. Хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л хичээлдээ дүн өвлөөр явж байлаа. Хичээлдээ сууж байхад гэрээс залгаж “Хурдан ирээч” гэдэггүй. Ээж, аавдаа баярлаж явдаг. Анх манай аав, ээж хоёр дуурь сонирхдоггүй байсан бол одоо сонгодог урлагийг сайн ойлгодог, дэмждэг болсон. Тэр тусмаа миний улаан фэнүүд. Намайг дуулахаар аав маань уйлаад сонсдог. “Аргалд явсан ээж”-ийг дуулаад өгөөч гэдэг. Гэртээ би чинь хааяа тайлан тоглолтоо хийнэ шүү дээ.

-Охин чинь ээжийгээ зурагтаар хараад их баярладаг байх даа?

-Охиноо тээж байхдаа дуугаа дуулж явсан болохоор ч тэр үү сонгодог дуунд дуртай. Ямар сайндаа А.Долгор багшийнхаа цомгийг тавихаар “Долгор эмээ дуулж байна” гэдэг. Уралдаан тэмцээний бүх шатанд намайг очиж дэмжсэн. Сүүлийн гала тоглолтын үеэр манайхан эхнээсээ гурав дахь эгнээнд суусан юм. Жаахан сандарч байсан чинь охины минь дуу гараад “Ээж ээ гараад ирсэн” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэнгүүт охиноо бодоод сандралгүй дуулсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *