Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төсөл хэрэгжүүлнэ

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Дархан-Уул аймгийн долоодугаар цэцэрлэгийн дэргэд 2-6 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан анги болон сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Төслийн хамтын ажиллагааны хэлэлцээрт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи болон Дархан-Уул аймгийн Засаг дарга М.Насанбат нар гарын үсэг зурлаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 56 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг гэсэн тоон судалгаа бий. Эдгээр хүүхдүүд тусгай арчилгаа, сувилгаа шаарддаг ба сургуулийн өмнөх тусгай боловсрол олгоход шаардлагатай ямар нэгэн анги танхимын хүрэлцээ муутай байдаг тул ТИКА-гаас боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Тус сэргээн заслын төв нь ашиглалтанд орсоноор 2-6 насны 30 хүүхэд хамрагдах боломжтой юм.

ТИКА-гийн зүгээс барилга угсралтын ажилд 35.318 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө барилга угсралтын ажлыг дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги болон сэргээн заслын төвийг хүний нөөцөөр хангаж, урсгал зардалыг хариуцах ба аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд сэргээн заслын төвөөр үйлчлүүлэх боломжтой болох ажээ.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *