Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 474 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.

Эдгээрээс зам тээврийн ослын дуудлага 330 бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 25 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг Ногоон нуурын гудамж, Хангай хотхоны баруун урд уулзварт “Prius” маркийн авто машинтай явсан жолоочийг “Accen”t маркийн машинтай согтуу жолооч мөргөж гэмтээсэн байна.

Харин орон нутагт Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн замд “Kluger” маркийн авто машины жолооч унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км-ийн зайд “Landcruicer” маркийн машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй, таван настай эрэгтэй газар дээрээ амиа алдаж, нэг хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Замын цагдаагийн газрын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч зургаа, явган зорчигч хоёр өртсөн бол зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *