Categories
мэдээ цаг-үе

И.Тогтуун: Өөртөө итгэлтэй хүүхэд өөдрөг хүн болдог

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч И.Тогтуунтай ярилцлаа.

-Орчин үеийн ээж, аав нарын хувьд “Би хүүхдээ дийлэхээ болилоо” гэдэг асуудал түгээмэл. Орчин үеийн хүүхэдтэй яаж харьцах ёстой юм бэ?

-Дэггүй, үгэнд ордоггүй гэдэг асуудал хүүхдийн танин мэдэхүйн настай холбоотой. Гурваас, таван нас хүртлээ хүүхэд тоглоомоороо дамжуулан танин мэддэг. Юм юмыг таньж үздэг насанд нь “Чимээгүй бай, томоотой бай, суудалдаа сууж байх ёстой” гэж шаардлага тавиад байдаг. Эцэг эхчүүд насны онцлогийг мэддэг байх ёстой. 3-6 нас хүртлээ хүүхэд тоглонгоо сурч байдаг учраас хөдөлгөөнтэй байна. Энд тэнд юм туршиж үзэх нь. Тэнд тавиур дээр байгаа зурагтыг өөр рүүгээ татаж оролдох нь хэвийн үзэгдэл, хөгжлийн үйл явц нь. Нэгдүгээр ангид ороод хүүхэд сургуулийн орчинд өөрийгөө цэгнэж сурдаг. Нийгмийн дунд биеэ авч явахад суралцдаг. Эцэг эхчүүд “Манай хүүхэд дэггүй байснаа сургуульд ороод зүгээр болчихлоо” гэж ярьдаг. Тоглоод дууссан, чи одоо суралцах шат руугаа орж байна гэдгийг нэгдүгээр ангид ойлгуулдаг. Бага ангийн багш нар сургуулийн орчинд ийм байх ёстой гэсэн дүрэм журмыг зааж өгдөг. Тэрнээс өмнө та хүүхдээ хичнээн загнаад, хориглоод үгэндээ оруулж чадахгүй. Эсрэгээрээ та хүүхдээ загнадаг, хорьдог, шүүмжилдэг бол тухайн хүүхэд ямар нэг юм шинээр санаачлахаа больчихдог. 3-5 насандаа хүүхэд ямар нэг юмыг туршиж үздэг, оролддог бол хөлд орж байгаа хүүхэд газар байгаа юм болгоныг амандаа хийх гэдэг. Энэ насандаа юмсыг харж, мэдэрч хөгждөг. 3-6 насандаа тоглож, хүмүүстэй ярилцаж магтуулж байж, “Би мундаг хүүхэд юм байна, намайг хайрладаг хүмүүс эргэн тойронд байдаг юм байна” гэдгийг мэдэрнэ. Эцэг эх хажуунаас нь болихыг шахаж шаардахаар тухайн хүүхэд том болоод идэвхигүй, санаачилга багатай болж төлөвшдөг. Манайд ханддаг өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэхдээ муу, насанд хүрсэн хүмүүсийн бага насыг судлаад үзэхээр “Би гэртээ ганцаараа өссөн”, “Хүүхдүүдтэй тоглож байгаагүй”, “Намайг янз бүрийн юм хийхээр ээж загнадаг байсан” гэдэг. Тухайн хүүхэд мундаг лидер, том бизнесмэн биш юм аа гэхэд өөрийгөө бусдад илэрхийлж, ойлгуулчих дайны хүн болох хэрэгтэй. Үүний тулд сургуулиас өмнөх насанд нь эцэг эхчүүд хүүхдээ дэмждэг, алдаа гаргасан ч засах боломжтой гэж хардаг байх учиртай. Хэтэрхий их шахаж шаардаж, томоотой байлгах гэж оролдох нь ирээдүйд өөртөө итгэлгүй болоход нь нэрмээс болдог.

-Хүүхэд чинь үгэнд орохгүй бол хэсэг хугацаанд орхичих гэдэг?

-Шууд орхиж болохгүй. Залуу эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ ерөөсөө гар хүрч болохгүй, зодож, шийтгэж болохгүй гэж бодоод байдаг. Гэтэл хүүхдийг зодох, шийтгэх нь огт өөр утгатай. Тухайн хүүхэд юуны төлөө шийтгэл амсаад байгаагаа мэдэхгүй тохиолдолд зодуур болж хувирдаг. Ээж яагаад намайг цохиж авав, яагаад миний өөдөөс өндөр дуугаар ярив гэдгийг хүүхэд ойлгож байх ёстой. Зодуур гэдэг тухайн хүүхэд шалтгаангүйгээр бие махбод, сэтгэл зүйн хувьд гэмтэл авч байгааг хэлдэг бол шийтгэл гэдэг нь тухайн хүүхэд буруу үйл хийснийхээ төлөө төлөөс төлж байгааг хэлдэг. Хүүхдээ шийтгэхдээ “Чи ийм зүйлийг буруу хийсэн учраас би ингэж байна” гэдгээ хэлж байх нь хүүхэд таны үгийг илүү авдаг болоход нөлөөлнө. Сул хаях нь оновчтой шийдвэр биш. Зарим тохиолдолд “уяаг нь чангалах”, өөрийг нь буруу гэдгийг мэдрүүлдэг зөв шийтгэл байх учиртай. Багаас нь ярьж хэлээд ойлгуулаад байвал том болсон хойноо ойлголцоход амар байна. Дүүгээ дэгээдээд унагасан учраас хана руу харж зогсох шийтгэл амсаж байгаа гэдгээ мэдэх нь хүүхдэд хариуцлагаа мэдрэхэд тусална. Шийтгэл гэдэг хүнд байх албагүй, буланд зогсох, хувцсаа эвхэх гэх мэтээр насанд нь тохирсон байх ёстой.

-Нийтэч хүүхдүүд байдаг. Гэтэл зожиг, хүн амьтан гэрт нь ороод ирэхээр буланд нуугдчихдаг хүүхэдтэй яаж харьцах вэ?

-Ийм тохиолдолд эцэг эх нь хүүхдээсээ “Яагаад ингэдэг юм бэ” гэж асуугаад үзээрэй. Эцэг эхчүүдийн гаргадаг нэг том алдаа хүүхэдтэйгээ ерөөсөө ярилцдаггүй. Ээж, аавууд “Чи тэг ингэ” гэдгээ ярилцаж байна гэж боддог. Манайд сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн хүүхдүүд “Ээж, аав намайг сонсдоггүй” гэдэг. Ээж, аав нь болохоор “Би хүүхэдтэйгээ аягүй сайн ярьдаг” гэцгээдэг. Та багаас нь хүүхэдтэйгээ маш сайн ярилц. Ярилцана гэдэг сонсохын нэр. Та ганцаараа ярих нь мундаг ярилцаж байгаа хэрэг биш. Асуулт тавих хэрэгтэй. “Чи яагаад ингээд байдаг юм бэ”, “Чамд ямар мэдрэмж төрөөд байдаг юм бэ”, “Муухай санагдаад байдаг юм уу” гэх мэтчилэн асуухад ямар нэг юм хэлнэ. Хүн болгоны хариулт өөр. Ярилцах гэдэг та нэгдүгээрт ярина, хоёрдугаарт тухайн хүүхдээ сонсоно, асуулт асуух үйл явцыг хэлдэг болохоос та ганцаараа ярихыг хэлэхгүй. Хүүхдийн хариулт их сонирхолтой байдаг. “Ээж, аав хоёр дандаа маргалддаг учраас дундуур нь орж юм яръя гэж боддоггүй юм аа”, “Ээж, аав хоёр загнаад байдаг болохоор хүн болгон над руу муухай харах байх гэж бодоод юм ярьдаггүй юм” гэдэг хүүхэд ч байдаг. Хүүхдээс асуулт асуугаад хариулсных нь дараа тухайн хүүхэдтэй яаж ажиллах нь тодорхой болно. Түүнээс биш далдыг хардаг юм шиг ингэ тэг гэж шууд зааварчилгаа өгөх боломжгүй. Тийм ч учраас зөвлөгөө дор хаяж 60 минут үргэлжилдэг. Хүмүүс “Тав, аравхан минут зав гаргаад уулзчихаач” гээд байдаг. Тийм боломж байхгүй.

-Танай төвд хүүхдийн сэтгэл зүйн оношлогоо хийдэг гэж сонссон. Эцэг эхчүүд ямар тохиолдолд сэтгэл зүйчид ханддаг вэ?

-Сэтгэл зүйчид цаг авах гэж ханддаг хүмүүсийн нэлээд хувь нь эцэг эхчүүд байдаг. Насанд хүрэгчид өөрийн хувийн асуудлаасаа илүү хүүхдийн хүмүүжлийн асуудлаар хандах нь элбэг. Эцэг эхчүүдийн хувьд “Манай хүүхэд хөдөлгөөнтэй байна”, “Надтай үг дуугарахгүй байна” гэх юм уу эсвэл “Маш их орилж чарлаад энэ тэрүүгээр гүйгээд байх юм” гэх мэтээр ханддаг. Хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ бусад хүүхэдтэй хэл үгээ олохгүй, зодолдох, нүүр аман дээрээ сорвитой хүрээд ирнэ. Энэ тохиолдолд эцэг эхчүүдийн санаа зовж эхэлдэг. Хүүхдийн зан ааш өөрчлөгдөөд эхлэхээр “Энэ яачихав” гэдэг дохиог эцэг эхчүүд авдаг байх нь л дээ. Тэдэнтэй ярилцахаар ихэнх тохиолдолд эцэг эхийн хүмүүжлийн арга барил, гэр бүлд тохиолдож байгаа асуудлууд, том хүмүүсийн хоорондын харилцаанаас шалтгаалаад хүүхдийн сэтгэл санаанд өөрчлөлт орсон байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хүүхдүүдээ насны ангиллаар хамруулдаг. Бидэнд ирэх боломжтой нас гурван наснаас дээш гэж үздэг. Яагаад гэвэл өөрийгөө илэрхийлээд ганц хоёр өгүүлбэр ярих боломжтой. Хамгийн гол нь бид хүүхэдтэй ажиллахдаа зураг зуруулдаг. Зураг зурахын тулд хүүхэд бал, харандаагаа барих боломжтой байх хэрэгтэй.

-Хүүхдийг зургаар оношлодог гэлээ. Хүүхдийнхээ зургийг анзаарч байх ёстой юу?

– Ер нь тийм. Сонгож байгаа өнгө нь чухал байдаг. Зурж байгаа дүрс нь чухал. Гэхдээ ганцхан зургаар оношлох хэцүү л дээ. Дор хаяж хоёр зураг зурахыг хүсдэг. Өөрийг нь зуруулдаг, хүүхдийн байр байдлыг харж байгаад ерөөсөө байдаггүй оршдоггүй амьтан зурах тест өгдөг. Зурган дээр өөрийгөө тэмдэглэхийг хүсч болно. Зурган тестээр тухайн хүүхдийн дотор байгаа зүйлийг гаргаж ирэх олон арга бий. Гурван настай зарим хүүхэд хэдхэн үг хэлдэг. Ялангуяа эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог. Энэ тохиолдолд учиргүй шахаад, “Чи юм ярь, зураг зур” гэхгүй. Ийм үед эцэг эхтэй нь ярихаас аргагүй. Цэцэрлэгтээ хийж байгаа зураг, наамал, баримлын шавраар хийж байгаа зүйлээс нь ч эцэг эхчүүд хүүхдийнхээ ямархуу байдалд байгааг анзаарч болно. Мэргэжлийн оношлогоо зайлшгүй шаардлагатай. Хар өнгөөр зураад байна гээд байдаг, өөр өнгийн харандаа байхгүй байж болно шүү дээ. Тухайн зураг дээр үндэслээд ярианы сэдэв бий болгодог.

-Ямар ч эцэг эх хүүхдээ ертөнцийг өөдрөг нүдээр хардаг байгаасай гэж хүсдэг. Мэдээж өөрсдөө өөдрөг байх ёстой байх л даа, өөр юу анхаарах вэ?

-Хүүхэд ирээдүйдээ эерэг бие хүн болж төлөвших нь өөртөө итгэх итгэлтэй холбоотой. Өөртөө итгэх итгэл хэзээ бий болдог гэхээр бага насанд, цэцэрлэгийн насанд бий болдог. Үнэндээ төрсөн цагаас нь эхлээд, гурав,дөрвөн нас хүртлээ эцэг эхээсээ хайр халамжийг мэдэрч чадсан. Уйлсан үед нь хэн нэг нь асарч хамгаалж байдаг, өмдөндөө шээчихлээ гэхэд солиод өгдөг, өлсөхөд нь хоол хийж өгдөг, унаж бүдрэхэд нь “Миний хүү зүгээр зүгээр” гээд өргөөд босгочихдог хүн хажууд нь байгаа тохиолдолд хүүхэд өөртөө итгэлтэй, эерэг байх магадлал өндөр байдаг. Яагаад гэхээр намайг хүмүүс хайрладаг, дэмждэг, би алдаа гаргасан ч ээж аав, ах эгч маань “Энэ чинь буруу шүү, энэ чинь зөв шүү” гэж хэлээд өгдөг гэдэг итгэл хүүхдэд төрнө. Өөрийгөө хамгаалагдсан, хайрлагдсан гэдэг мэдрэмжтэй, зааж зөвлөх хүнтэй байх нь тухайн хүн өөртөө хэр зэрэг итгэлтэй байхыг шийддэг. Өөртөө итгэлтэй байх нь нийгэмших үед, нэгдүгээр ангид орох үедээ бусад хүүхдүүдтэй харилцаанд ороход нь нөлөөлдөг. Би ангийнхаа хүүхдийг тэгсэн чинь намайг ингэсэн гээд тоочоод ярьдаг. Ийм үед нь “Чиний л буруу байна шүү дээ” гээд няцаагаад эхэлбэл “Намайг хайрлах хэн ч байхгүй”, “Намайг дандаа буруутгадаг” гэдэг сөрөг харилцаа руу оруулдаг. Эерэг байна гэдэг өөртөө итгэх итгэлтэй нь холбоотой.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *