Categories
мэдээ цаг-үе

П.Баярцэнгэл: Санаандаа тултал чанартай тоглолт хийхийг хүсдэг, тиймээс яармааргүй байна

“Яг түүн шиг” шоуны ялагч болсон П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та “Яг түүн шиг” шоунд орсноороо хүмүүст өөрийгөө арай өөрөөр таниулсан. Хоёр сар үргэлжилсэн шоуны дараа та чухам юу авч үлдсэн гэж бодож байна?

-Монголыг тэр чигээр нь донсолгосон сайхан шоу болж өнгөрлөө. “Хүмүүс үзэх юмтай боллоо, бид хийх юмтай боллоо” гэдэг шиг л. Бид том зүйлийн төлөө зорьж эхэлж байсан. Ийм хэмжээнд зохион байгуулагдана гэж төсөөлөөгүй юм. “Боловсрол” суваг телевизийнхэн надад санал тавьсан. Ямар азаар тэр үед өөр ажилтай байж таараад зөвшөөрөхгүй гэсэн хариу өгчихөөгүй юм л гэж бодогдож байна. Энэ шоунд оролцож ард түмнийхээ хүсэл, дэмжлэгээр түрүүлсэндээ баяртай яваа. Өөр дүрд хувирах гэхээсээ илүү дуулахад хүндрэлтэй тал байсан. Тухайлбал, Уитни Хьюстон, “Аеросмит” хамтлагийн дуучин Стивен Тайлорын дууг амилуулахад хэцүү байсан. Шоунд бараг хоёр сарын турш ажилласан. Энэ хугацаанд залуу уран бүтээлчийн хувьд жүжиглэлт, дуулалт талаараа маш их дэвшил гарсан, өөрт минь өгөөжтэй шоу болсон. Үзэгчид ч гэсэн намайг ёодолчин гэхээс өөрөөр таньсан гэж бодож байна. Сониноос би өндөр өсгийт дээр давгүй явчихдаг юм билээ.

-Сая нутаг руугаа явж наадамлав уу. Дорнодод зуншлага хэр байв даа?

-Энэ жил бодон бодон байж нутаг руугаа явж наадамлалаа. Нутгийн зуншлага сайхан болж байна. “Яг түүн шиг” шоунд оролцоход манай нутгийнхан маш сайхан дэмжсэн. Харин нутгийнхан наадмын үеэр ирж дуулахыг урьсан. Миний хувьд баярласан сэтгэгдлээ илэрхийлж ямар ч үнэ хөлс авалгүйгээр дуулж өгсөн. Санаандгүй байтал манай аймгийн Засаг дарга “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. Үүнд нь их баярлаж байгаа.

Мөн энэ наадмыг далимдуулаад гэр бүлээрээ сайхан уулзлаа. Би эхээс тавуулаа юм шүү дээ. Би айлын бага, надтай хамт уран бүтээл хийдэг ах маань миний яг дээд талынх. Тэр ахыг маань оюутан болж ирсэн цагаас хойш гэр бүлээрээ нэг ч нийлж уулзаагүй байсан. Энэ жил заавал уулзана гэж зорьсоор нутагтаа халуун ам бүлээрээ сайхан наадлаа. Одоо бүгд үр хүүхэдтэй болоод их л сайхан олуулаа болцгоосон байна.

-Яагаад энэ олон жил гэр бүлээрээ уулзаж амжихгүй явав?

– Манай ах, эгч нар хятад хэлний багш, малчин гээд л тус тусынхаа зам мөрийг хөөгөөд явчихсан болохоор тэр бүр халуун ам бүлээрээ уулзаад байсангүй. Мэдээж хоёр, гурваараа уулздаг ч долуулаа уулзаагүй их удсан байна.

-Танайхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг гэсэн?

-Миний аав хуучнаар Сүхбаатар аймгийн соёлын ордонд дуучин байсан. Соёлын тэргүүний ажилтан Пүрэвжав гэж хүн байдаг. Дуулж байгаад сүүлд агрономийн багш болсон. Манай ээж ч гэсэн их сайхан дуулдаг, маш гоё темпертэй хоолойтой. Биднийг бага байхад тог их тасардаг байж. Тэр үед тавуулаа орон дээрээ зэрэгцэж суугаад том ах, эгч маань гитар дараад тог иртэл дуулаад л суудаг байлаа. Манайхан бүгд авьяастай сайхан дуулдаг хүмүүс бий. Гэхдээ урлагаар явсан нь бага хоёр нь. Миний дээд талын ах болох Отгонцэнгэл бид хоёр л байгаа юм. Ах маань миний уран бүтээлтэй салшгүй холбоотой хүн. “Хэмнэл” гээд студи ажиллуулаад уран бүтээлээ хийгээд явдаг. Урлагийн сургууль төгсөөгүй хэдий ч маш мэдрэмжтэй, сайхан ая зохиодог.

-Та гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв. Нэг нутгийнх билүү?

-Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Арван жилд байхдаа найзууд л байсан. Оюутан болоод гуравдугаар курст орж ирээд л үерхэж эхэлсэн. Одоо хоёр охинтой сайхан амьдарч байна. Миний эхнэр хамгийн ухаантай эмэгтэй. Залуу уран бүтээлчийн хувьд би өөрийгөө амжилттай яваа л гэж хэлнэ. Амжилттай яваагийн минь гол хүчин зүйл, түшиг тулгуур нь миний хань. Бүх л зүйл дээр намайг дэмждэгт нь хамгаас их баярлаж явдаг юм. Анх нийлчихээд халаасны өрөө түрээслэж амьдралаа эхлүүлж байсан. Монголд бор зүрхээрээ байртай болно гэдэг хэцүү байдаг юм билээ. Манайх байртай болоод жил гаруй л хугацаа өнгөрч байна.

-Ингэхэд багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Маш хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байсан. Аав, ээж маань “Энэ том болоод их бүтэхгүй нөхөр гарах нь ээ” гэдэг байлаа. Гэхдээ муу талаасаа гэхээсээ илүү сайн тал руугаа байсан болов уу гэж бодож байна. Сахилгагүй байсан хэдий ч цаг хугацааг их үр бүтээлтэй л өнгөрүүлдэг байсан.

-Шоуны дараа кинонд тоглох ч юмуу санал энэ тэр ирэх юм уу?

-Кинонд тоглох саналууд байгаа. Одоохондоо тоглох эсэхээ шийдээгүй байна. Ямартай ч “номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан” болохоор дүр бүтээвэл мэдээж сайхан санагдана. Ер нь дуулах, жүжиглэхээ хослуулаад л явахыг хүсдэг. Мэдээж намайг дуучин, ёодолчин гэдгээр нь үзэгч, сонсогчид маань мэдэх учраас уран бүтээлээ хүргэсээр байх болно.

-Шинэ уран бүтээлийн олз омог хэр байна. Ёодлоороо уран бүтээл хийхээр төлөвлөсөн юм бий юу?

-Ёодлоор нэг дуу хийсэн, поп чиглэлээр гурван дуу хийж байна. Хэзээ цацах талаараа бодож байгаа. Мөн ёодлыг Монголын язгуур урлагтай холбож болох талаар оролдож байна. Ажиллаж байгаа дуунуудынхаа хөгжмийг хийчихсэн, хоёр дууныхаа хоолойны бичлэгт орчихсон байгаа. Удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барих болно. “Тоглолт хийгээч ээ, яасан их удаж байна” гэсэн санал сүүлийн үед ирж байна. Урлагийн хүмүүс мэдээж мөнгө олох, нэр хүндээ өсгөх гэж тоглолт хийдэг шүү дээ. Миний бодож байгаагаар ашиг орлого гэхээсээ санаандаа тултал нь л чанартай тоглолт хийнэ. Тиймээс яарч хийхийг хүсэхгүй байна. Тайзан дээр гарахдаа урлагийн хүний авч болох хамгийн сайхан мэдрэмжийг дүүртэл нь авсан тийм л тоглолт хийхийг хүсэж, зорьж явна даа.

-Та жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Аливаа зүйлийн наадах, цаадхыг ойлгодог болсон цагаасаа л өөрийгөө урлагийн хүн болох юм байна, урлаг л миний амьдрал юм байна гэж ойлгож эхэлсэн. Ахтайгаа, найзуудтайгаа хамтарч “Чөлөөт цаг” гээд хамтлагтай байлаа. Тэр үедээ 20-иод дуутай, гурав дөрвөн тоглолт хийчихсэн, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг хүүхдүүд байсан.Би Дорнод аймгийн хөгжмийн чиглэлийн 12 дугаар сургуулийг төгссөн юм. “Авьяастны сургууль” гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Тиймээс тодорхой хэмжээнд хөгжмийн талын мэдлэгтэй болоод сургуулиа төгссөн. Мэргэжлээ сонгох үедээ миний ажигласнаар гаднын дуучид дуулахын сацуу, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд бүхий л тал руу хөрвөх чадвартай байсан. Тийм болохыг хүссэн учраас, жүжигчин болчихвол бүх зүйлийн минь суурь болох юм байна гэж бодсон.

-Хүний хамгийн дурсамжтай нас оюутан ахуй үе байдаг. Урлагийн сургуулийн оюутнуудад хөгжөөнтэй, хоржоонтой үеүд бүр л их байдаг болов уу?

-Урлагийн сургуулийн оюутнуудыг нэгдүгээр курсдээ Ардын жүжигчин шиг гэж хошигнодог шүү дээ. Их л сайхан инээд цалгиж, дурсамж хөвөрсөн он жилүүд байсан. Миний хувьд 18-хан настай дөнгөж нэгдүгээр курсын оюутан дуу гаргана гээд л хүсэл тэмүүлэл нь оргилчихсон явж байлаа. Тэр үедээ дуу хийнэ, дуугаа клипжүүлнэ гээд л их амархан юм бодож байлаа шүү дээ. Тэр хүсэл тэмүүллээрээ “Зүүдэндээ би хайртай” гэсэн дуу хийв ээ. Тэр дуу их сайхан болоод л сургуулийнхан, найзууд маань дагаж дуулдаг байлаа. Хүмүүст хүрсэн учраас гуравдугаар курсийн ах нартайгаа нийлээд клип хийнэ гээд л, тэгвэл энэ дуу маань ёстой хит болно ухааны юм бодчихсон. Гэтэл клип нь ч онцгүй болоод, би тэрнийхээ дараа чанаргүй уран бүтээл хийчихсэн болохоор нэг жил шахуу хүүхдүүдээс ичиж явсан. Одоо эргээд харахад их бахархмаар санагддаг юм. Хэрвээ хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүд байсан бол студид очоод бичүүлчих байсан л даа. Тэр үед туршлагагүй ч гэсэн хүсэл зорилгоороо, бор зүрхээрээ зүтгээд хийчихсэн болохоор түүх болоод л үлдсэн.

-Ардын жүжигчин С.Сарантуяа багшийнхаа тухай дурсаач?

-Ардын жүжигчин С.Сарантуяа багштай КУДС-ын жүжигчний ангид 22 охин, 22 хөвгүүнтэй 44 хүүхэд элсэн орж байлаа. Төгсөхдөө олон шалгууртай байдаг учраас гуравхан банди төгссөн. Тэр үед төгсөх шалгалт өгөхдөө шоронгоос гарч ирж байгаа нэг нүдтэй далайн дээрэмчний дүр бүтээсэн юм. Багш маань намайг “Дүр дээрээ сайн ажиллахгүй байна. Хүний сонирхлыг татаж, автуулах хэрэгтэй” гээд л байлаа. Би яавал сонин хачин, этгээд байж чадах вэ. Шоронгоос гарч ирж байгаа далайн дээрэмчин ямар байх бол гэх зэргээр бодоод л байв. Яг шалгуулдаг өдрөө тайзан дээр гараад шүүгч багш нар луугаа харж байгаад гараа алдлаад л “гөлөг гэж” гээд хараачихсан юм. Тэгтэл бүгд сонин болоод л тэнд байсан хүмүүс нирхийтэл инээсэн. Гэхдээ шалгалт дээрээ сайн үнэлгээ авч байсан. Ер нь манай багш их чанга, зарчимч хүн л дээ. Гэхдээ надад их хайртай байсан юм болов уу даа гэж боддог юм. Хамгийн бага загнуулдаг нь би байлаа. Манай багш уурласан үедээ “Муу гурилнууд минь” гэж ирээд загнадаг.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *