Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Дүлий, сохор, мөнгөгүй, цаазаар авахуулах ял авсан хүнд өмгөөлөгч тулгаж өгдөг. Би дүлий биш, цаазаар авах ял сонсоогүй

МАХН-ын дарга Н.Энхбаярт 2016.08.05-ны өдөр Авлигатай тэмцэх газраас сэжигтэн, яллагдагчаас эрхийг хангаж байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэ үеэр “МАХН-ын даргыг АТГ-аас баривчлах гэж байна” гэсэн дуулиан дэгдсэн юм. Уг асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай АТГ-ынхан явсны дараа уулзаж ярилцлаа.


-Таныг намынхаа байрыг хууль бусаар авсан хэргээр шалгаж байна. Энэ ямар учиртай асуудал юм бэ?

-Манай намынхан “Дарга аа, намыг байртай болгож өгөөч ээ. Та үүнийг хөөцөлдөөч” гэж хүссэн. Тодруулбал МАХН-ын нарийн бичгийн дарга байсан Л.Цог “Та намыг байртай болгохоор хөөцөлдөөч. Тэгэхгүй бол бид чинь гудамжинд байгаад байхаар тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй нь” гэсэн. Тэгээд хөөцөлдтөл хотын төвд нэг ямбий байшин байна гэсэн сураг гарсан. Судлаад үзсэн Ничкаров гээд Монголд юу хийгээд байгаа нь ч мэдэгддэггүй хүнийх байсан. Надтай өмнө нь уулзаж Монголд казино байгуулъя гэж явж байсан хүн л дөө. Ерөнхийлөгч байхдаа “Гадаадынхан казино байгуулахыг би дэмжихгүй. Монгол Улсын Засгийн газар казино байгуулж тэндээс орж ирсэн мөнгийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн салбарт зарцуулах маягаар хуулийг гаргавал болно. Дээр нь нэг ч монгол хүн тэнд орж тоглож болохгүй, гадаадынхан л ордог ийм зарчмаар хуульчилбал болно” гэж хэлсэн. Гэтэл тэд дургүйцэж “Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газарт тийм эрх олгох хэрэггүй. Бид Америкт тийм үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хүмүүс” гэж байлаа. Ер нь хаана ч гэсэн жижиг казино ажиллуулдаг хүмүүс ний нуугүй хэлэхэд дандаа л “сайн гарын эрчүүд” байдаг ш дээ. Америкт индианчуудын нэр дээр авсан казиногоо тэдэнтэй хамтарч ажиллуулдаг гэж ярьсан нөхдүүд байсан юм. Би Ерөнхийлөгч байхдаа тэднийг дэмжээгүй. Тийм мэддэг хүмүүс байсан учраас уулзалдаад энэ байрыг чинь бид сонирхож болох уу гэсэн болно гэлээ. Ингээд 500 мянган ам.доллар гэж ярьсан. Компанийн захирал Гизбург гэдэг хүнтэй нь би англиар ярьж энэ асуудалд оролцсон юм. Надад тийм мөнгө байхгүй учраас дүүгийнхээ компанид хандаад “Та нарт 500 мянган ам.доллар байвал энэ хүмүүстэй гэрээ хийгээд яг гэрээн дээрээ бүх юмаа бичээрэй. МАХН руу, над руу дайраад байгаа учраас хожим янз янзын эвгүй байдалд бие биенээ оруулахгүйн тулд яг гэрээн дээрээ бүх юмаа бичнэ шүү. Сүүлд нь гэрээн дээрээ бичээгүй юмыг ашиглаж магадгүй шүү” гэсэн. Ингээд манай дүүгийн компани хэлэлцээр хийгээд 500 мянган ам.доллараар энэ байшинг авсан юм.

-Тэр гэрээ нь одоо байгаа юу?

-Байгаа. 500 мянган ам.долларыг тэр хүмүүст шилжүүлмэгц гэрээ хэрэгжсэн гэж тооцно гэсэн байгаа. Манай дүүгийн компани 500 мянган ам.долларыг шилжүүлсэн. Тэгээд байшингаа МАХН-д түрээслүүлсэн юм. Анх энэ байшинд орохын аргагүй муудсан байлаа. Тиймээс дүүгийн компани 200 гаруй сая төгрөгөөр, сүүлд нь урсгал засвар гээд бараг 300-гаад сая төгрөгөөр энэ байшинг зассан. Гэхдээ энэ чинь 1949 онд анх баригдсан одоо бараг 70-аад жил болж байгаа барилга учраас амархан эвдэрч, мууддаг. Бид намаа энд оруулаад нам маань тав арван төгрөгийн түрээс өгнө гэж ярьсан боловч чадахгүй л явж ирлээ. Яахав сарын дундаж түрээсийн үнэ нэг мкв нь багадаа 20 мянган төгрөг, 700 мкв талбайтай байшин гэвэл үндсэндээ 14-15 сая төгрөг болно. Жилд 200 орчим сая төгрөг гэсэн үг. Одоо таван жил болж байгаа 1-1.2 тэрбум төгрөг түрээсийн төлбөрт өгөх ёстой юм. Өгч чадахгүй байгаа учраас манай дүүгийн компани, том утгаар нь аваад үзвэл манай гэр бүлийнхэн намаасаа мөнгө төгрөг авалгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

-Гэрээнийхээ дагуу хийсэн юм бол яагаад хэрэг үүсгэчихэв ээ?

-Харин намайг зальдчихсан, энэ байшинг хулгайлчихсан юм шиг гүжирдээд байгаа байхгүй юу. Тэр Гизбург, Ничкаров нар 2012 оны сонгуулийн өмнөхөн надтай уулзаад “Энэ байшинг өөр хүмүүс 2-3 сая ам.доллараар авъя гээд байна. Тийм учраас тав арван төгрөг нэмж өгөх талаар дүүдээ хэлж өгөөч. Эсвэл танд нэг сая ам.доллар өгье. Тэгээд энэ байшингаа буцааж авъя” гэсэн. Би “Нэг сая ам.доллар их л мөнгө байна. Гэхдээ том улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд надад сая ам.доллараас илүү намын тогтвортой үйл ажиллагаа хэрэгтэй. Би сая ам.доллар хувьдаа авмааргүй байна. Харин сонгуулийн дараа бүгдээрээ уулзъя. Та нарт ямар санал байна” гэтэл “Та тодорхой мөнгө өгөөч. Эсвэл казиногийн зөвшөөрөл хууль гаргаж шийдэж өгөх юм уу уул уурхайн лиценз өг” гэж байсан. Сонгуулийн дараа би орон шоронд ороод, хэлмэгдээд, эмчлүүлнэ гээд удаан хугацаагаар гадагшаа явсан. Энэ асуудлыг ерөөсөө ярьж чадаагүй. Намайг Солонгост эмчлүүлж байхад нэг хүн ирэхэд нь “Би бол ямар ч бололцоогүй ээ. Манай намын Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагватай энэ асуудлыг яриад зөвлөөд үзэхгүй юу. Казиногийн хууль хэзээ гарах юм, гарахгүй юм уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Дээр нь ашигт малтмалын лицензийг яаж олгодог журмаар нь та нар явж хөөцөлдөнө биз” гэсэн. Тэр үед нөгөө хүмүүс “Авлигатай тэмцэх газрын хүмүүс уулзаад Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг, нэхэмжлэл өг гэж яриад байгаа. Би өгмөөргүй байна. Яагаад гэвэл өгөх юм байхгүй. Гэхдээ тэр хүмүүс шаардаж байна” гэж надад хэлж байлаа. Би ч “Та нар АТГ-ын шаардлагаар тэгж болохгүй. Монголын дотоод улс төрийн хэрэгт та нар хутгалдах хэрэггүй” гэсэн. Харамсалтай нь тэднийг өөр янз янзын юмаар айлгасан, эсвэл ямар нэгэн шалтгаан олсон уу АТГ-т миний эсрэг зальдсан гэдэг нэхэмжлэл өгчихсөн. Яг гэрээтэй холбоотой ажлыг би ерөөсөө хийгээгүй шүү дээ. Тэр гэрээнд нь 500 мянган ам.доллараар зарна. Зармагц гэрээ дуусна гээд биччихсэн байна. Одоо гэтэл надтай холбоотой залилангийн нэхэмжлэл гарсан, арван жилийн ял өгнө гээд байна.

-500 мянган ам.доллараар авсныг зохих үнэлгээнээсээ бага гэж үзээд байна уу. Яг ямар учиртай юм бэ?

-Хүн ойлгохын аргагүй худал учраас ойлгох гээд ч нэмэргүй дээ. 500 мянган ам.доллараар гэрээ хийгээд өгчихсөн гэж байхад илүү мөнгө өгөх байсан, Н.Энхбаяр зальдчихсан гэж байна. Ямар илүү мөнгө өгөх ёстой байсан юм. Өөрсдөө гэрээндээ тусгасан. Тусгасан мөнгийг нь өгчихсөн байгаа биз дээ. Харин 500 мянган ам.доллар өгнө гэчихээд 200-г нь өгчихөөд 300-г нь өгөхгүй удааж байвал гэрээгээр халхавчилж зальдаж байна гэж хэлж болно. Бүгдийг нь өгчихөөд байхад зальдсан гэж байна. Шинэ байшин бол бас ч яахав. Гэтэл энэ чинь ерөөсөө нурчихсан байсан. Шал нь орж болохооргүй цөмөрсөн хоёрхон өрөө нь ажилладаг байлаа. Бид баахан панераар таглаж байж орж байсан юм.

-Таны хүсэлтийн дагуу Монголын хуульчдын холбооноос таныг өмгөөлөх хүсэлтэй дөрвөн өмгөөлөгч гарсан байсан?

-Би өмгөөлөгчтэй энэ ажиллагаанд оролцохгүй бол болохгүй байна. Өмгөөлөгчгүй оролцохоор улаан цайм гүжирдлэг гүтгэлгээ хүчээр тулгаж надад ял өгөх гээд байна гэж Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт тавьсан. Улс төрийн хэрэг учраас өмгөөлөөд нэмэргүй гээд өмгөөлөгч нар надтай ажиллахаас айгаад байгаа юм. Ингээд Монголын хуульчдын холбоонд санал тавьсан. Тэд сайт дээрээ зарлал тавихад дөрвөн хүн ажиллая гэсэн юм шиг байна. Би тэр дөрвөн хүн АТГ-ын өөрсдийнх нь хүмүүс байж магадгүй гэж сэжиглэсэн учраас уулзъя гэсэн. Дөрвөн хүний нэг нь ирэх байлгүй гэтэл өнөөдрийг хүртэл нэг нь ч ирээгүй. Дээр нь би өөрөө танилын журмаар хуулийн хүмүүстэй уулзахад “Та өөрөө өмгөөлөгч олно шүү. Танд хэн ч тулгаж өмгөөлөгч өгөх эрх байхгүй. Тулгаж өгч байгаа, түүнд оролцож байгаа хүмүүсийг цэвэр тэр байгууллагын тагнуул гэж ойлгоорой. Та өөрөө сонгосон өмгөөлөгч л таны өмгөөлөгч шүү” гэж зөвлөж байгаа. Мөн “Өмгөөлөгчгүйгээр ямар ч үйл ажиллагаанд битгий оролцоорой. Яагаад гэвэл өмгөөлөгчгүй оролцсон үйл ажиллагаан дээр дандаа тэр хууль хяналтын байгууллага өөртөө ашигтай юм тулгачихсан байдаг. Нөгөө иргэн хохирсон байдаг шүү” гэсэн. Гэтэл өнөөдөр (өчигдөр) АТГ-аас Б.Соёл-Эрдэнэ гэсэн нэг эмэгтэйг дагуулж орж ирээд “Өмгөөлөгчөөр оролцуулах болсныг мэдэгдье” гэж байна. Энэ байгууллагад ингэж тулгаж мэдэгдэх эрх байхгүй. Танд санал болгож байна энэ өмгөөлөгчийг сонгох уу, үгүй юу гэдгээ бидэнд мэдэгдэхгүй юу гэж болно.

-Та мэдүүлэг өгсөн үү?

-Өгөөгүй. Яаж тийм хууль бус үйл ажиллагаанд мэдүүлэг өгөх юм бэ. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй. Үндсэн хуульд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй. Мөн заавал өмгөөлөгчтэй байх ёстой гэсэн байгаа. Өмгөөлөгчийг би өөрөө сонгох ёстой. Тийм биз дээ. Энэ байгууллага тулгаж өгөх ёсгүй. Дүлий, сохор, мөнгөгүй, цаазаар авахуулах ял авсан хүнд бол тулгаж өгдөг. Би өнөөдөр дүлий биш. Би цаазаар авах ял сонсоогүй.

-Таныг мэдүүлэг өгөхгүй байсаар цаг хугацаа өнгөрөөд байхаар хуулийнхан ийм арга хэмжээ авч байгаа байх?

-Хамгийн гол нь хүний эрх байдаг. Ардчилсан оронд номер нэг асуудал бол хүний эрх. Хүний эрх зөрчигдөхгүй байх ёстой. Бүх дэлхийн ардчилсан оронд нэг алдаатай шийдвэр гаргаж хүний эрхийг зөрчиж байснаас ерөөсөө тэр хүнийг хорихгүй байх нь зөв гэж үздэг. Тэрнээс хууль хяналтын байгууллага ажлаа хийж байна уу, үгүй юу гэдэг дээр санаа зовдоггүй байхгүй юу. Сэтгүүлч, жирийн иргэн хүн эрхээ хасуулж байна уу гэдэг дээр санаа зовдог юм. Хууль хяналтын байгууллага ажиллах, ажиллахгүйн асуудал бол зөвхөн хуулийн хүрээнд хүний эрхийг бүрэн хангасан нөхцөлд явах ёстой. Харин надад тулгаж байгаа нь цэвэр дарангуйлал. Хууль хяналтын байгууллага хүний эрхийг зөрчиж болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *