Categories
мэдээ цаг-үе

Охид нь цэцэрлэгийн багш, хөвгүүд нь слесарь, засварчин болж төгссөн сурагчид

Нар хур тэгширсэн намрын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Чингисийн талбай дурсамж, дурдатгал хөврүүлсэн олон сайхан үйл явдлын гэрч болж гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд хосуудын хурим, арваад ангийн 30, 40, 50 жилийн ойн уулзалт болсон юм. Тэдний дундаас далан насны босго шүргэж яваа ч ануухан харагдах, хамгийн өнөр олноороо цугласан нэгэн ангийг бид онцоллоо.

Тэртээ 1964 онд аймгийн төвийн болон Тонхил, Бигэр, Төгрөг, Баян-Уул, Халиун сумын долоон жилийн дунд сургууль төгссөн 100 гаруй хүүхэд Алтай хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуульд цугларч гурван бүлэгт хуваагдан хичээллэж эхэлж байж. Сум сумаас ирсэн охид, хөвгүүд аравдугаар ангиа 1966 онд 96-гуулаа төгсчээ. Бархас багштай, Б.Бүжидмаа даргатай охидын “10А”, О.Ажигцэрэн багштай, П.Банзрагч даргатай хөвгүүдийн “10Б”, Д.Баатар багштай Д.Дүгэрсүрэн даргатай “10В” ангийн нэг үеийн гурван бүлэг нэг анги мэт ижилдэн дасч, бүхий л насаараа нэг ангийн андууд болжээ.

Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээж гавьяаныхаа амралтанд гарсан энэ буурлууд эх орны дөрвөн зүгээс цуглажээ. Өнөөдрийн уулзалтанд ная хол гарсан 10В ангийн багш Д.Баатар, дал хол гарсан 10Б ангийн багш О.Ажигцэрэн нар хүрэлцэн ирж өөрөөрөө биш шавь нараараа бахархаж, хүүхэд шиг хөөрч явлаа. 1965 онд УБИС-ийг төгссөн хорин настай, хонгор зүстэй О.Ажигцэрэн багш 10Б ангийг даан авч ажлын гараагаа эхэлж байж.

Тэрбээр, “Багш мэргэжлийн сайхныг мэдрүүлж өгсөн шавь нараараа бахархахгүй байхын аргагүй. Манай шавь Д.Пүрэвээ есдүгээр ангид байхдаа аймгийн наадмаар улсын начин Бордахыг давж “нэмэх начин” цол авахад манай ангийнхан тун их баярлаж билээ. Шавь нараас минь аравдугаар ангиа дүүргээд их дээд сургуулиудад элсэн орж, докторын зэрэг хамгаалсан хэд хэдэн хүүхэд бий. Ангийн анхны шинжлэх ухааны доктор бол Ц.Санчин. Ангийнхан нь “булган сүүлтэй” гэж дотночилно. Ч.Сүрэнхорлоо, Д.Монхообор, Батчулуун, Я.Зэнээмидэр нар араас нь доктор болцгоожээ. Харин Д.Баатар багш сурагчдыг эр, эмээр нь ялгаж анги болгосонд сэтгэл дундуур явдагаа ярьсан юм. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан Г.Дүгэрсүрэн, яамны газрын дарга Б.Алзахгүй, Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар эдний төгсөлтийнх.

Энэ үеэр охидын ангийн дарга Б.Бүжидмаагаас нэг төгсөлтийн гурван бүлгийн 96 хүүхэд яаж нэг анги болж чадсан талаар сонирхоход “Тухайн үед хөдөөнөөс ирсэн сурагчид бүгд шахуу сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Сургуулийн гал тогоонд хооллож, байранд ч, сургууль дээр ч хамт байгаад байхаар байраараа гэршиж, үеэрээ нэг анги шиг нэг амьтай болцгоочихдог юм билээ. Манай ангийнхан нэг их дүрсгүйтээд байдаггүй, хичээл сурлагадаа идэвх зүтгэлтэй, сахилга бат сайтай хүүхдүүд байсан. Я.Зэнээмидэр гэж нэг өвөрмөц хүү байсан. Хичээлээ хийдэггүй, цонх ширтээд суучихна. Энэ хүүхэд хичээлээ хийдэг бол мөн ч онц сурнаа гэж боддог байлаа. Хичээлээ нэг их давтдаггүй мөртлөө аравдугаар анги төгсөх жилээ математикийн улсын олимпиадад гуравдугаар байр эзэлж, олон улсын олимпиадад оролцохоор явж билээ. Хожим Я.Зэнээмидэр маань Унгар улсад эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан” гэлээ.

Энэ төгсөлтийнхнөөс урлаг спортын онцгой авьяастай хүүхдүүд олон байжээ. Д.Пүрэв есдүгээр ангид байхдаа үндэсний бөхийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртэж, аймгийн аварга шалгаруулах барилдаанд аймгийн начин цол авч байжээ. Мөн аймгийн наадмаар цолоо батлан “нэмэх начин” чимэгтэй бөх болж хожим аймагт хоёр удаа үзүүрлэн аймгийн заан болжээ.

1966 онд Г.Дүгэрсүрэн Үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аваргад амжилттай барилдсан байна. Монголын пионер сурагчдын анхдугаар спарткиадад Эрдэнэ, Д.Доосмоо, Мягмардаш нар хөнгөн атлетик, Я.Зэнээмидэр, Д.Лхамсүрэн теннис, Ц.Санчин, Эрдэнэбилэг, ангийн ихэр Г.Батжаргал, Г.Энхжаргал нар сагсан бөмбөгөөр оролцож байлаа. Эмэгтэйчүүдээс О.Жавзмаа аймгийн идэрчүүдийн шигшээд тоглож улсын аваргаас хүрэл медаль хүртсэн байна. Хожим Д.Доосмоо дугуйн спорт, Г.Даваа уулын спорт, Я.Зэнээмидэр ширээний теннисээр спортын мастерийн болзол хангажээ.

Мөн Монголын зохиолчдын хорооны гишүүн Л.Ширчин, Г.Даваасүрэн нар зохиолч болох гараагаа энэ л ангид байхдаа тавьсан аж. Л.Батчулуун, Л.Бавуудорж нарын уран зургийн авьяас тодорч анги, сургуулийн ханын сонин гаргах, зурах бүхий л ажилд багш нартаа уригдаж явжээ.

1965 оны хавар Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойгоор Улаанбаатар хотноо пионерийн ордонд концерт жүжиг тоглож Гэгээрлийн яам, пионерийн төв зөвлөлөөс өндөр үнэлгээ авч байж. Энэ тоглолтонд Н.Жаргал үлээвэр хөгжим, П.Банзрагч баянхуур, С.Норжмаа, Ё.Хорол, Оюунцэцэг, Д.Мөнхөө нар ардын хөгжмөөр хөгжимдөж, Н.Өнөр ардын бүжиг биелгээ, Б.Норжмаа уран нугаралт хийсэн гэнэ.

Аравдугаар ангиа төгсөх хавар нь Ш.Сүрэнжав, Ш.Эрдэнэбат нарын зохиосон “Арав дахь хавраа үдье” дуу гарч, охид, хөвгүүдгүй амандаа аялцгаадаг байснаа ярив. Харин өнөөдөр тэр үеэ эргэн санаж тавин жилийнхээ ойн баярт зориулж ангийн хөвгүүн Ц.Санчин “Нэг ангийнхан” хэмээх дууны шүлгийг зохиож тэр дуугаа хамтран дуулцгааж энд ирж чадаагүй, бурхан болсон ангийн нөхдөө дурсацгаасан юм.

1965 онд БНМАУ-д анх удаа Үйлдвэр сургалттай анги бий болгох туршилтыг хийж эдний ангийнхныг эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилсан нь тэр ажээ. Ингэж охид нь цэцэрлэгийн багш, хөвгүүд нь барилгын засварчин, автын слесарь мэргэжилтэй төгсөцгөөсөн юм. Энэ талаар Ц.Санчин “Эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж суралцуулсан нь хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлд нөлөөлсөн гэж бид үздэг. Гэсэн ч манай төгсөлтөөс дөрвөн хос төрж, үр хүүхдийнхээ сайн сайханыг үзэж явна. Манай ангиас хочгүй хүүхэд хоёр, гуравхан бий. Ихэнх нь амьтны хочтой байлаа. Одоо ч бид тэр хочоор нь дуудацгаадаг” гэж ярилаа.

Ангийнхнаасаа “баавгай” хоч авсан Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Жанцан сумын эдийн засагчаас ажлын гараагаа эхэлж, сангийн аж ахуйн дарга, аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, аймаг, Улаанбаатар хотын орлогч дарга, сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газрын орлогч, Засгийн газарт ахлах референт, Улсын бага хурлын гишүүн, Монголын анхны парламентын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр бас Дорнод аймгийн “сор” хүргэн өргөмжлөл авснаас гадна “Заазуур”, “Үүрэг”, “Болдоггүй бор” гэх мэт хочийн эзэн гэнэ. Эдний ангийн хамгийн их хочтой нь.

40 гаруй жил багшийн ажил хийсэн Р.Жамьяансэлэнгэ, Б.Өөдөс, Р.Нанжид, С.Мягмардаш, Б.Бүжидмаа, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд насаараа зогссон хүний их эмч Ч.Түмэннасан, Ц.Норжмаа, эмзүйч Н.Өнөр, эмэгтэйчүүдийн эмч Д.Цэрэндаваа, химич Д.Монхообор, Эрчим хүчний салбарт 50 жил зүтгэсэн Ц.Санчир нар төгсөлтийнхөө бахархал гэнэ.

Аравдугаар ангиа Б.Бүжидмаа, Дүгэрсүрэн нар онц дүнтэй төгсөж байсан бол Б.Галбадрах, Н.Жаргал, Ч.Сүрэнхорлоо нар ОХУ-ын их дээд сургуулийг улаан дипломтой төгсөцгөөжээ. Б.Бүжидмаа, Г.Цэеэн-Ойдов нар нь найман хүүхэд төрүүлж өсгөн алдарт эхийн нэг, хоёрдугаар одон авчээ.

Ангийн хамт олноос хамгийн олон сонгуульт ажлыг П.Банзрагч хийж байсан бол хурандаа Н.Жаргал, Д.Могноон, хүндэт эмэгтэй чекист, дэд хурандаа Б.Жавзмаа нар цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ.

Энэ төгсөлтийнхөн таван жил тутам уулзаж, бие биедээ тусалж дэмжин амьдралын урт замыг хамтдаа туулж нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж чадсанаараа өнөөдөр бахархаж явна.

Б.НАРАНЧИМЭГ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *