Categories
мэдээ нийгэм

Т.Дамдинсүрэн: Шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ийн оюутан байсан бөгөөд ээжтэйгээ амьдардаг байсан аж.

Тэрээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд хэрэг болсон өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж улмаар талийгаач П-ийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б-нь өөрийн данснаас хоёр сая төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ. Энэ үед талийгаач П нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн “Тоёото приус” маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн VI хороо бичил хорооллын орчим автомашины гараашийн мухарт түр зогсоогоод талийгаач П “дүү гэрээс ломбардны бичиг аваад гараад ирнэ” гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ. Улмаар хүүгийн цогцсыг орон сууцны арк орчимд орхиод, “Өргөө” кинотеатрын хажуугийн замаар машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь замын цагдаа зогсоосон байдаг.

Анхан шатны шүүхээс хурлын талаар прокурорын байгууллагаас мэдээлэл гаргаж хохирогчийн ээжийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй хэмээн мэдэгдсэн байдаг. Шүүгч, сэтгэц эмгэг судлалын шинжээч нар шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад баталж мэдүүлсэн учир ийнхүү цагаатгасан гэжээ.

Тэгвэл шүүхийг хууль бус шийдвэр гаргаж, гэмт этгээдийг цагаатгасан хэмээн талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр 11.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэжигтэн Б-г эхний шинжилгээндээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан хэмээн тогтоож байсан бол хоёр дахь шинжилгээндээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан хэмээн тодорхойлсон гэвч, цочирдсон хүн хүүг маань 26 удаа хутгалж, онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, гар хурууг нь хүртэл тасдах учиргүй хэмээж байгаа юм. Мөн шүүх хурал талийгаачийн ээжид мэдэгдээгүй хуралдах гэж байсан. Долоодугаар сарын 1-нд зарлагдсан байсан шүүх хурал эмч ирээгүйн улмаас долоо хоногоор хойшлогдсон, түүнчлэн хэрэгт гарсан хутга хэнийх гэдгийг нь тогтоогоогүй гэх нь шүүхийг хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа ажээ. Харин Өмгөөлөгч Д.Ганбат шүүхэд ашигласан бүх бичиг баримт эрх зүйн баталгаатай, бид үнэн зөв шийдвэр гартал давж заалдана хэмээн мэдэгдлээ.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *