Сумо бөхийн ДАШТ Монголд анх удаа болж өнгөрсөн билээ. Тус тэмцээнд 23 орны баг тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорьсон юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн хүнд жинд Х.Сүнжидмаа алтан медаль хүртэж, хошой аварга болсон. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсад зохион байгуулагдсан сумо бөхийн ДАШТ-д алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Спортоор хичээллэх гэдэг бол хувь хүнээс маш их хариуцлага, тэсвэр хатуужил, асар их хөдөлмөрийн үр дүнд амжилт ирдэг зүйл юм шүү дээ.
-Бэлтгэл сургуулилтыг хэрхэн базааж байв?
-Би Япон улсад сурдаг. Японд бэлтгэл сургуулилтаа байнга л хийдэг. Харин Монголдоо өнгөрсөн сарын 20-нд ирээд 10 хоног Эко цогцолборт бэлтгэл сургуулилтаа хийсэн. Эх орондоо ирээд их сайхан байна. Сэтгэл санаа ч өөдрөг байна. Хэд хоног хөдөө амрахаар явах гэж байна даа.
-Та бөхийн спорттой хэрхэн холбогдсон бэ. Самбо болон жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан гэж сонссон?
– Анх 2000 оноос самбо, жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ нь бөхийн спорттой холбогдох шинэ өнгө төрх болж өгсөн юм. Харин “Монгол охид” нэртэй самбо, жүдогийн клубийг гавьяат дасгалжуулагч, улсын начин С.Эрдэнэбат багш нээхэд анх элсэн орсон. С.Эрдэнэбат, ОУХМ Г.Базарсүрэн багш нарынхаа лекцийг нь сонсч, заавар зөвлөгөө авч бэлтгэл, сургуулилт хийдэг байсан даа. Ингэж спорттой холбогдож, олон тэмцээн уралдаанд оролцдог болсон. Анх 2002 оноос сумо бөхөөр хичээллэж байлаа. Тухайн үед сумогийн УАШТ, Азийн АШТ-д түрүүлж, багаараа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш энэ спортод сонирхолтой болж, амьдралаа холбосон. 2005 онд Япон улсад ДАШТ-ээс хүрэл, багаараа мөнгө, 2010 онд Польш улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс хүрэл, 2012 онд Хонконг улсад ДАШТ болоход мөнгө, 2014 оны ДАШТ-ээс хүрэл, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс алтан медаль авч байлаа. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Өөрт байгаа бүх зүйлээ дайчлан оролцож алтан медалийн эзэн боллоо. Нийтдээ дэлхийн аваргаас 11 медальтай. Хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байлаа.
-Та хаана төрж өссөн бэ. Бага насныхаа тухай яриач?
-Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1979 онд төрсөн. Манай нутгийн зон олон их сайхан хүмүүс байдаг. Нутгийн ард түмэндээ баярлаж талархаж явдаг шүү. Би багадаа их хөдөлмөрч, аливаа зүйлд уйгагүй ханддаг байсан. Аав маань залуу байхдаа барилддаг биерхүү хүн байлаа. Тиймээс би барилдах хүсэл тэмүүлэлтэй болсон байх.
-Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?
-Манай гэр бүлийн хүн барилддаг байсан. Гэхдээ одоо барилдахгүй байгаа. Намайг барилдах хэрэгтэй гэж их заавар зөвлөгөө өгч дэмждэг юм.
-Энэ жилийн сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-д оролцсон бусад орны тамирчид их хүчирхэг байсан уу?
-Би “Монголын сумо бөхийн холбоо”-ны шигшээ багт байгаа. Энэ жилийн сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-нд 23 орны баг тамирчид оролцож, ур чадвараа сорилоо. Монголын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж амжилттай оролцсон. Миний хувьд дэлхийн хошой аварга болж буй анхны эмэгтэй тамирчин боллоо. Монгол залуус 20 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн болон сонирхогчдын сумогоор хичээллэж, дэлхийн тавцанд амжилт гаргаж чадаж байна. Манай улсад энэхүү тэмцээн анх удаа болж байгаатай холбогдуулж Япон улсаас мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд тэргүүтэй сумочид эх орондоо ирсэн. Д.Кёкүшюүзан Батбаяр ах хэлсэн л дээ. “Монгол Улс бол бөхийн эх орон юм” гэж. Японы сумо өнөө цагт даяарчлагдаж, олон улсын статустай болсон. Иймээс 21 жил тасралтгүй үргэлжилж байна. Харин манай улсад уг тэмцээнийг Олон улсын сумо бөхийн холбоо, Монголын сумо бөхийн “Хакухо” сангаас хамтран зохион байгуулж, өргөн цар хүрээг хамарч, үзүүштэй сайхан тэмцээн болсон. Бусад орны тамирчдаас Украйн, Япон улсын тамирчид хүчирхэг байсан. Ер нь бүх л улс орны тамирчид дор бүрнээ хичээж амжилттай оролцсон.
-Монгол хүн бөхийн спортоор хичээллэж амжилт гаргахад юу нөлөөлдөг гэж боддог вэ?
-Монгол хүн байгальтайгаа илүү ойр өсдөг. Багаасаа хурга, ишиг хариулж, байгалийн органик унд цайгаар хооллодог ард түмэн. Мөн хөдөөний аж байдал нь малаа хариулж, түлээгээ хагалж, усанд явах зэрэг шат дараалалтай. Энэ нь биеийн хүчний дасгал болж өгдөг байх. Сэтгэл зүйн хувьд монголчууд их тэсвэртэй. Тухайн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явж, заавал амжилт гаргана даа гэсэн бодол байвал амжилт гаргадаг л ард түмэн. Энэ нь бөхийн спортод томоохон амжилт гаргах нөхцөл болдог байх.
Манай монголчуудад хэд хэдэн дутагдалтай зүйл байдаг. Нэгдүгээрт жаахан залхуу байдал харагддаг. Хоёрдугаарт ааштай ард түмэн. Япончууд бол маш ёс зүйтэй. Япончуудын сахилга бат дэлхийд гайхагддаг. Үүнийг Япон улсад сурч, ажиллаж байгаа хэн бүхэн батална байх. Мөн их зарчимч зан чанартай улс. Тухайлбал, зам хөндлөн гарахдаа яг л ногоон гэрэл, цагаан шугамын дагуу л гарна. Манайхан бол зарим нэг хүмүүс ногоон гэрэл асаагүй байхад зам хөндлөн гарч явах жишээтэй. Тиймээс япончууд бид нараас IQ өндөртэйдээ улс орноо хөгжүүлээд байгаа юм биш. Япон хүмүүсийн энгийн зан чанар нь улс орныг хөгжүүлэхэд түлхэц болдог юм шүү дээ.
Б.УРАНЧИМЭГ