Categories
мэдээ цаг-үе

Адьяагийн Баярмагнай: Морины тухай сайхан зүйл яриад явахад эсэргүүцдэг монгол хүн ганц ч байдаггүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, Монголын морин спорт, уяачдын холбооны зөвлөх, адуу судлаач Адьяагийн Баярмагнайтай уулзаж ярилцлаа.

-Намрын сэрүү унах арай л болоогүй, наадмын сонь хуучирч амжаагүй байна. Та энэ зун хаагуур, яаж наадав даа?

-Улсынхаа наадамд соёолонгоо есөөр давхиулж, Төв аймгийнхаа наадамд айрагдуулж, Алтанбулаг суманд очоод энэ зуны хувьд гурван ч газар сайхан наадлаа. Онон уяачийн унага соёолон маань эзнээ сайхан баярлууллаа. Эрийн гурван наадам гэдэг Монголын ард түмний төрт ёсны их баяр шүү дээ. Хувь хүн эрийн гурван наадмыг зохион байгуулна гэж байдаггүй. Монгол төрөөс зохиодог их баяр. Өвөрмонголд өөрийн гэсэн төр улс байхгүй учраас эрийн гурван наадмыг зохионо гэж байхгүй.

-Ургийн баяр, овоо тайлгын наадмууд эрийн гурван наадамд орохгүй нь ээ?

-Наадам хавтгайрч ирж байгаагийн л илрэл. Монголын аль ч үеийн төр эрийн гурван наадмыг анхаарч ирсэн. Эрийн гурван наадмаар далимдуулж дамжуулан төр бодлогоо олон түмэнд таниулж, үргэлж өөртөө татаж ирсэн. Өнгөрөгч зууны дөч тавиад оны үед нэг хэсэг наадам хавтгайрч ирсэн. Улсын наадам хийсний дараа аймаг, сумд наадмаа зөрүүлж хийнэ. Багийн наадам хийхийн цагт цагаан хяруу унаж байдаг байлаа. Гучаад онд бослого тэмцэл гарч, их хэлмэгдүүлэлт хийж төр баахан ширүүлчихсэн. Тиймээс ард түмний сэтгэл санааг төвшитгөх гэж баахан наадам хийхгүй юу. Хурдан морины уралдаан хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас хойш ерээд он хүртэл бөх, сур хоёроосоо хөгжлөөр их хол хоцорчихсон байсан. Бөхийн хувьд үндэсний хэмжээний том барилдаантай, Монгол Улсын шилдэг гэсэн бүх бөхчүүд ирээд барилдчихдаг, сурын хувьд ч ялгаагүй аль л шилдэг мэргэн харваачид нь өрсөлддөг, улсын аварга, мэргэн цолтой байлаа.

-Сур харваа одоо бөх, морь хоёроосоо арай л дорд үзэгдээд байгаа юм биш үү?

-Сурыг өнгөрөгч зууны эхээр “Дэлхийд манайхаас өөр хаана ч ийм эртний бүдүүлэг наадгайгаар нааддаггүй” гээд чуулган дарга нар хуралдаад эрийн гурван наадмаас хасах гэсэн юм билээ. Тэгтэл хориглох гэсэн тэр жил нь урьд өмнөхөөс ч олон хүн өрсөлдөөд сүйд болсон учир хасаагүй байдаг.

-Хэдэн оны наадмаар сурыг хасах гэж байсан юм бол?

-Богд хаант Монгол Улсын үед юм билээ. Сур хэдийгээр нүд үзүүрлэгдэж байсан ч үндэсний спортуудаас хамгийн түрүүнд 1959 онд Зүүнхараад холбоотой болж байсан. Ерээд оны дунд үе гэхэд улсын хэмжээний морин уралдаан гэж байхгүй болсон байсан. Аймгийн наадам гэхэд ойролцоох хэдхэн сумын морьд давхидаг. Улсын наадмын хурдан морины уралдаан гэхээр Төв аймгийн хэдхэн уяачийн наадам болдог, тэр дундаа манай Сэргэлэн сумын морьд дээгүүр давхидаг, ийм л наадам болж хувирсан. Төв аймгийн арван хоёр сумын морь л ирж уралддаг болсон. Улсын наадамд Төв аймгийн хорин долоон сумын тал нь л ирж нааддаг байсан нь нууц биш. Уяачдад алдар цол гэх юм ч байсангүй.

-Уяачдын цолыг хэдийнээс өгч эхэлсэн юм бэ?

-Улсыг батлан хамгаалах нийгэмлэгээс мянга есөн зуун наян есөн онд улсын алдарт уяач цол бий болгоод эхний 71 хүнд өгсөн чинь жар гаруй нь Төв аймгийн харьяат улс байж билээ. Тэр дундаа Алтанбулаг, Сэргэлэнгийн уяачид голдуу байсан.

-Уяачдын амжилтын тэнцвэргүй, ялгавартай байдлыг арилгахын төлөө та багагүй зүтгэв үү?

-Жигдрүүлэх л гэж мачийж явна. Би чинь энэ Буянт-Ухаагийн наадамд долоон наснаас эхлээд өнөөдрийг хүртэл наадаж яваа хүн.

-Та чинь таван наснаасаа морь унасан таван үеийн уяачийн хүү гээ биз дээ?

-Дөрөв, таван наснаасаа морь унаж, хурдны морины нуруунд долоон наснаас дарцагласан хүүхэд. Арваад наснаас хурдны моринд томдсон. Жаран дөрвөн онд МУИС-ийн сэтгүүлчийн анхны ангийг төгсөх жил манай Сэргэлэн сумын морьд улсын наадмын эхний тавд дараалан давхиж байсан. Хөдөө буриад сумдаар томилолтоор явж байхад “Танай сумын морьд яагаад тийм их хурдан байдаг байна. Хулан тахийн удамтай болохоор төрийн наадмыг өнгөлөөд байна уу” гэж гэнэн юм их асууна. Тэр үеэс л улсын наадмыг яавал хэдхэн уяачийн наадмаас өргөжүүлж, улсын хэмжээний бүсийн наадам болгох вэ гэж өдрийн бодол болж явсаар өдий хүрлээ. Уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх гэж их үзлээ. Хүй долоон худагт болж байгаа уралдаанууд чинь одоо ч гэсэн л Улаанбаатарын бизнесмэнүүдийн өрсөлдөөн болоод байна шүү дээ. Далан зургаан онд Хурц сайд л Сүхбаатараас морь машинаар ачиж ирж уралдуулсанаас өөр тохиолдол байхгүй байлаа. Хөлөөрөө хаа байгаа газарт очиж уралддаг адуу гэж дэлхийн хаана ч байхгүй. Энэ бүхнийг л ерээд онд шийдэх гэж зүтгэж явлаа.

А.Баярмагнай зээнцэр А.Түмэлэнгээ алдарт уяач Д.Хишигжаргалын хурдан цагаан азаргыг унуулж байгаа нь.

-Морин спорт, уяачдын холбооны анхны илтгэлийг тавьж байсан гэдэг дээ?

-Холбоог 1994 онд байгуулаад “Аймаг, бүсийн наадамд сүүлийн гурван жилд айрагдсан морьдыг чансаагаар нь эрэмбэлж гурван жилд нэг удаа Их хурд наадмыг явуулж байя. Баруун, зүүн хангай, говийн бүс гэж ангилъя” гэхэд “Яаж бүтдэг юм бэ” гэж байсан нөхөд л өнөөдөр “Их хурдыг би анх санаачилсан” гэж цээжээ ханхалзуулаад явах юм. “Монгол адуу” нийгэмлэгийн дэд дарга Дамдинсүрэнтэй Ерөнхийлөгч П.Очирбат гуай дээр анх орж бүсийн наадмыг зохион байгуулах талаар ярьж танилцуулж байлаа. Завхан аймгийн нутаг Сар хайрханд анхны бүсийн уралдааныг явуулж, Өндөр гэгээний ойн наадмыг бас бүсийн уралдаан болгосон. Ерэн зургаан онд Пунцагбалжирын санаачилгаар Хэнтийн Дэлгэрхаанд нэг сая төгрөгийн байтай том уралдааныг явууллаа. Манай Даваахүү хөдөлмөрийн баатар тэр үед “Манай Магнай ах чинь зөнөх арай л болоогүй байлтай. Газар газрын их хурдыг яаж цуглуулж уралдуулах вэ дээ” гэж намайг дооглож явсан хүн. Одоо болохоор “Их хурдыг би санаачилсан” гэж ярина шүү.

-Та мэргэжлийн сэтгүүлч хүн. Моринд хэдийнээс тэгтлээ яваад орчихов?

-Сэтгүүлч гэдэг бол миний 16-20 насанд дөрвөн жилийн дотор эзэмшсэн мэргэжил. Морийг чинь харин таван настайгаасаа мэдэх зүйл байхгүй юу. Дотоодын дээд сургууль төгссөн хүн бүх насаараа хоёрдугаар эгнээнд байлаа. Сургуулиа төгсөөд Төв аймагтаа дөрвөн жил ажилласан чинь Богд уулын баруун аманд насыг барах шинжтэй. Комсомолын сургуульд явъя гэж үзлээ. Коммунист намын дээдэд явъя гэж гуйлаа. Тэгээд болохгүй болохоор цэрэгт явчихгүй юу. Цэрэгт ирж найман сар болоод “Ардын арми” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллалаа. “Улаан-Од” сонинд ирж жил гаруй ажиллаад хойшоо академид явлаа.

-Таны аав чинь аль хэр уяач хүн байв?

-Намайг хойшоо сурахаар явдаг жил манай нэг сөнгө даага улсын наадамд наймд давхисан. Сөнгө гэж хусран биш мөртлөө унагатай ээжийгээ байнга дагаж явдаг даагыг хэлдэг байхгүй юу. Эхийгээ хөхдөггүй даага л даа. Өмнө нь манай нэг даага айрагдаж байлаа. Манай аав бага насны адуу сойж давхиулдаг хүн байсан юм.

-Дааган Цэндээ уяач гэдэг шиг л хүн байж дээ?

-Хэд хэдэн сөнгө даага нь арав дотор давхиж байсан. Хойно сурч байсан чинь манай нөгөө сөнгө даага хязааландаа улсын наадамд айрагдсаныг сониноос уншаад хөл газар хүрэхгүй баярлаж билээ.

-Наяад оноос улсын наадмын хурдан морины комисст ажилласан хүний хувьд баяр наадмын тухай хуульд санаа оноогоо нэмэрлэсэн биз?

-Баяр наадмын тухай хуулийн талаар намайг бодож явахад зарим нэг хүн “Н.Багабандид Баярмагнай зөвлөөд байна. Баяр наадмын тухай хууль гэж шал хэрэггүй юм” гэж нүд үзүүрлэж л байсан. Гэхдээ Багабанди Ерөнхийлөгчид би зөвлөөгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Болдбаатар гэж залуутай харин ярилцдаг л байсан. Морины тухай сайн сайхан зүйл яриад явахаар ачир дээрээ “Хэрэггүй зүйл” гэдэг монгол хүн байдаггүй юм.

-Хийморио ч боддог, төрийн сүлдээ ч дээдэлдэг болохоор арга ч үгүй биз дээ?

-“Ажнай”-н Бат-Эрдэнэтэй ерэн зургаан онд уулзаад Дэлгэрхааны хаврын бүсийн уралдааныг байл гэхэд л хорин зургаан том хивс өгч байсан гээд бод доо. Тухайн үед өндөр л шагнал байсан. Цолоо хийгээд, холбооныхоо салбарыг бүх аймаг, сумдад байгуулаад авлаа. Энэ бүх санаа нь минийх байсан. Морины соёл үнэхээр сайн хөгжиж эхэлсэн. Бүсийн болон үндэсний хэмжээний уралдаантай боллоо. ЮНЕСКО-д бүртгүүллээ. Уяачдын бай шагнал нэмэгдлээ. Монголын хэдхэн хөх өвгөчүүлийн хувийн сонирхол болж үлдсэн хурдан морины соёл Монголын төр, нийгмийн сэтгэлгээний анхаарлын төвд сүүлийн хорин жилд гараад ирлээ. Их хурлын гишүүд, сайд нар морь уялаа л гэцгээж байна. Энэ шинэ юм биш. Социализмын үед алга болсон ардын өв соёл сэргээд ирэхгүй юу. Хуучны хутагт хувилгаад, ноёд баяд бүгд л хурдан морьтой байсан. Богд хаан гэхэд л хорин түрүү, жаран зургаан айраг авч байсан байдаг. Богд өөрөө морь хөлслөөд погвойтол шогшиж явахгүй шүү дээ. Хурдан морь гэдэг иймэрхүү л байдлаар хөгжиж байсан. Монголын морин спорт, уяачдын холбооны үйл ажил өдрөөс өдөрт сайжирч Азийн болоод дэлхийн морин уяачдын холбооны гишүүн боллоо. Монгол уяачийн морь дэлхийн дэвжээнд түрүүллээ. Гиннессийн номонд бүртгүүллээ. Үнэхээр хийсэн ажил бол их дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *