Categories
мэдээ цаг-үе

Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахаа байв уу

Өдрийн сонины №171(5436) дугаараас авч нийтлэв

Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаяр хоёрын дунд улиг болсон ”жүжиг” тавигддаг болоод удлаа. Тэдний ээлжит “жүжиг”-ийн нэг үзэгдэл энэ зуны аагим халууныг ч ажрахгүй эхлэв бололтой. Н.Энхбаярт АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас энэ долоо хоногийн эхээр өгч гэнэ. Зарлан дуудах хуудсыг АТГ-аас зургаа дахь удаагаа өгч байгаа аж. Н.Энхбаяр очихгүй байгаа тул Авлигатай тэмцэх газрынхан зарлан дуудах хуудсаа өгсөөр байгаа юм байна. АТГ, Н.Энхбаяр хоёрын дунд ердийн зүйл болсон нэг үйл явдал энэ удаа ч ийм л өнгө аястайгаар эхэлж байх шиг байна. Авлигатай тэмцэх газар нь ч гэж яачихсан байгууллага байдаг юм.

Тус газрынхан “Н.Энхбаярыг дуудсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй” гээд сууж байх юм. Авлигатай тэмцэх газрынхан ямар хүнийг нь ингэж хүлээгээд “Зарлан дуудах хуудас” өглөө шүү гээд явдаг болсон юм. Жирийн иргэнд бол зарлан дуудах хуудас өгөөд, хүлээгээд суух байсан болов уу. Тэр битгий хэл АТГ зургаан удаа жирийн иргэнд зарлан дуудах хуудас өгсөн тохиолдол бараг байхгүй л болов уу. Эсвэл Н.Энхбаяр хуульд захирагддаггүй тийм их эрх дархтай хүн үү, эс бөгөөс хуулийг мөрдөж ажиллах ёстой Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахаа байсан юм уу гэж харагдахаар байна.

Н. Энхбаярын анх 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байдаг. Үүнээс хойш мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа гэж тус газрынхан тайлбарлаж байгаа юм. Нэг ёсондоо Н.Энхбаярыг яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулах гэж дуудсан гэнэ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд хандсан байна. Тэрбээр өөрийг нь өмгөөлөх өмгөөлөгч гаргаж өгөхийг тус холбооноос хүсчээ. АТГ-ынхны энэ үйлдлийг Н.Энхбаяр өөрт нь улс төрийн зорилгоор хүчээр хэрэг тулгаж байна хэмээн үзэж мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооноос хүссэн гэнэ.

Н.ЭНХБАЯР: АТГ-ТМЭДҮҮЛЭГӨГЧ БОЛОХ БАЙХ

Н.Энхбаяр намын байрандаа эл асуудлаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээг хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Өмгөөлөгчгүйгээр хуулийн зүйл заалт болгоныг мэдэхгүй учраас мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь эргээд хийгээгүй хэргээ хүлээх хүртэл алдаа дутагдал гарч болзошгүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа угаас хуулийн эсрэг явж байгаа учраас тэгж хандахаас өөр аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиар хүн өөрийгөө өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн байдаг. Тиймээс энэ хоёр эрхээ эдэлж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Энэ байр сууриа давтаж АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй байна. Өмгөөлөгчийн хувьд улс төрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэж албан ёсоор татгалзсан. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гэсэн бичгийг өмнө нь явуулсан байсан. Дахин явууллаа. Мөн АТГ-т, би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болох байх” гэсэн тайлбар хийв.

АТГ: Н.ЭНХБАЯРЫГ ЯЛЛАГДАГЧААР БАЙЦААХ, ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ТАНИЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Авлигатай тэмцэх газрын мэдээллээр бол “Н.Энхбаярт өмнө нь 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22, 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан.

Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй. Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм” гэжээ. Юутай ч Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаяр хоёрын хэн нь илүү эрх дарх эдэлж буйг дээрх мэдээллээс хараад уншигч та дүгнэлтээ хийх биз ээ.

Г.ЯЛГУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *