Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдаа үргээсэн жудаггүй монгол зан

Ноднин зун аагим халуунаас зугтсан нийслэлчүүд Хөвсгөл рүү бултаараа жолоо мушгицгаасан. Ганц нийслэлийнхэн ч биш хөдөө орон нутгийнхан ч гэсэн “Дөнгөж ашиглалтад орсон асфальтан замын дарданг хэлэх үү” гэсэн шигээ хоймор нутаг руу ёстой нэг цувж өгсөн. Хөвсгөлийнхөн дажгүй мөнгө хийгээд авсан байх. Мөрөн, Хатгалын дэлгүүрүүдийн лангуу хоосорч, далай дагасан жуулчны баазууд лав овоо мөнгөжсөн. Энэ жил ч их мөнгө олно гэсэн хүлээлттэйгээр зуныг догдлон угтсан хөвсгөлчүүдийн хувьд их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг юм болов. Аялагчид Хөвсгөл рүү биш Байгал нуур руу цував.

Шалтгаан нь тодорхой. Өнгөрсөн зун Хөвсгөлийг зоригсод гомдол, шүүмжлэл, бухимдалтайгаар гэртээ харьцгаасан учраас тэр. Хатгалын дэлгүүр гэхэд 1000 төгрөгөөр зардаг цайны хийцийг 3000 төгрөг, килограмм нь 5000 гаруйхан төгрөг байсан хонины махыг 8-13 мянган төгрөг болгон хөөргөж аялагчдыг бухимдуулаад авсан юм.

Нутгийн иргэд, жуулчны баазууд нь бүр ч жудаггүй. Тэр хавийнхан сүү, мах, жимс ногоо энэ тэрхэн дээрээ хүртэл ахиу мөнгө авах гэж улайрцгаасныг өнгөрсөн зун Хөвсгөлд очсон хүмүүс толгой сэгсрэн ярьцгаасан. Жуулчны баазууд өдрийн 60 мянган төгрөг байсан гэрээ аялагчид багтахаа байхаар нь бүр 120 мянган төгрөг болгож хаданд гаргачих жишээний. Уг нь жуулчны баазууд аймгийнхаа төрийн байгууллагатай гэр, байшингийнхаа хоногийн зардлыг 30 мянган төгрөг гэж гэрээ хийдэг юм билээ. Түрүү жилийн наадмын өдрүүдэд Хөвсгөлд хонон өнжин бороо шивэрсэн. Балчир үрс, хөгшид буурайгаа аваад аялсан аялагчдад гэр олдохгүй, сүүлдээ бүр жуулчны баазуудын хашаанд майхнаа барьж хонохдоо тулж байв. Хашаанд нь майхнаа хатгая гэж гуйхаар жуулчны баазын эзэд багагүй мөнгө нэхэж гэдийснийг ярих хүн өчнөөн бий. Баазынх нь хашаанд майхнаа барьж нэг шөнийг барах төдийд 30 мянган төгрөг. Гэр, байшингийн хоногийн зардал хашааныхаа газарт майхан хатгуулах төдийд л үйлчилсэн.

Жуулчны баазуудын хоолны үнэ тэр өдрүүдэд ёстой галзуурсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12-15 мянган төгрөгөөр үнэлж мөнгө цагаан, нүд улаан гээч л болсон. Тансаг рестораны цуйван зардаг үнийг арав хүрэхгүй гэртэй, жирийн нэг жижигхэн жуулчны бааз хэлж байх жишээний. “Авахгүй гээд яах юм. Хонож өнжөөд явах нь л тодорхой” гэсэн сэтгэлгүй хандлага нь энэ жил хөвсгөлийнхөнд том цохилт болсныг амтай болгон ярьж байна. Хоймор нутгийнхан уг нь “Нийслэлийнхэн АСЕМ-аар өчнөөн хоног амарна, тэгэхээр өнгөрсөн жилийнхээс ч олон хүн зөндөө хоногоор тухлахаар ирнэ. Мөнгийг ч олж өгнө дөө” хэмээн догдолж байв.

Танил маань Хатгалд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг юм. Мань эр өнөө зун өчнөөн хүн ирнэ гээд мөнгө зээлж байгаад бараагаа татсан ч олигтой ашиг олоогүй, харин ч өрөнд орсон дуулдсан. Танил шиг минь яг ийм хандлагаар бараа татсан дэлгүүрийн эзэд лав толгойгоо барьж суугаа.

Аялагчид Байгал нуурыг Хөвсгөлөөс илүү үзэхээс аргагүй. Тэндхийн жуулчны баазууд мэдээж зэрэглэлээсээ хамаараад адилгүй үнэтэй. Гэхдээ жуулчид ихэслээ гээд үнээ нэмдэг жудаггүй авир баазынх нь эздэд байхгүй. Манай жуулчны баазуудын үнэ өдөр өдрөөр, хорь, гучин мянган төгрөгөөр нэмэгддэг гэвэл тэд ойлгохгүй. Байгал нуурын эрэг дагуух жирийн амралтын газарт өрөө авахад хоногийн 500 рубль. Монгол мөнгөөр 16 мянган төгрөг. Тансаг зэрэглэлийн, баячууд тухалдаг баазад нэг хоновол 2000 рубль төлнө. 64 мянган төгрөг гэсэн үг. Хөвсгөлийн жирийн л нэг жуулчны баазын муухан гэрийн хоногийн хөлс өнгөрсөн зун доод талдаа 60 мянган төгрөг байсан. Дээшээ хэд хүрэхийг аялагчид биш, бурхан бүр биш, жуулчны баазын эзэн л мэдэж байсан. Харин Байгал нуур бол өөр. Жуулчид хямдхан баазад хоногловол хэдэн төгрөгтэй очихоо, үнэтэйг нь сонговол хэдийг төлөхөө мэдэж очдог.

Байгал нуурын эрэг дагуух тансаг жуулчны бааз Хөвсгөлийн жирийн нэг жуулчны баазын муухан гэрт хонох зардалтай тэнцүү гээд бод доо. Тун сонин харьцуулалт. Монголчууд энэ зун Хөвсгөлд биш Байгал нуурын оросуудад мөнгөө өгсөн хамгийн том шалтгаан энэ. Байгал нуурыг зорьсон хүмүүс нуур дагасан жуулчны баазуудын ресторан, зоогийн газарт хооллохдоо 6000 төгрөгийн цуйван 13 мянган төгрөг болно гэж болгоомжлох шаардлага гарахгүй. Эрхүү талаа дагаад явбал үнэтэй тансаг ресторан голдуу бий, хойд талаар нь явбал хямдхан хооллох боломжтой гэдгийг монголчууд андахгүй. Манайхны явдаг маршрут дагуух газруудын таваг хоолны мөнгө дунджаар 5000 төгрөг.

Хөвсгөлд өнгөрсөн зун очсон хүмүүс жижигхэн моторт завиар далайгаар хорь хүрэхгүй минут аялахдаа 25000 төгрөг төлж байсан. Нэг хүний 25000 төгрөгийн хөлстэйгөөр завь ажиллуулсан нөхөд ч дажгүй орлого хийсэн нь тодорхой. Харин Байгал нуурт усан онгоцоор дор хаяж гурван цаг аялдаг, үнэ нь ч боломжийн. Нэг хүний 45 мянган төгрөг. Байгал нуурын үзэсгэлэнг аралтай юутай хүйтэй нь гурван цагийн турш таашаан харсны төлбөр гэхэд хамаагүй хямдхан үнэлгээ. Хөвсгөл, Байгал нууруудыг үйлчилгээний хувьд энэ мэтээр харьцуулбал тэнгэр газар шиг зөрөөтэй зураг харагдана. Хөвсгөлийг биш Байгал нуурыг сонгосон бас нэг шалтгаан энэ.

Ян сарьдаг, хөвч тайга, хэдэн мянганы түүх хүүрнэсэн буган хөшөө, эртний хиргэсүүр, дэлхийн арван долоон эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөл нуур маань сэтгэл, хараа булаахаар сайхаан сайхан. Гэхдээ Байгал нуур ч дутуугүй сайхан. Мэдээж Хөвсгөлд аялал жуулчлал сайн хөгжсөн бол монголчууд эх орондоо аялахыг илүүд үзэх байсан. Аялагчид тав тух, үнэ хөлс, сэтгэл ханамжийн баталгаа зуун хувь учраас л Хөвсгөлөө биш Байгал нуурыг сонгосон хэрэг. Манайд Хөвсгөл шиг аялал жуулчлалын брэнд болсон байгалийн үзэсгэлэнт газрууд өчнөөн бий. Их Монголын нийслэл сүндэрлэн байсан Хархорин, үлэг гүрвэлийн мөр өнөө ч хадгалагдаж үлдсэн говь нутаг, хараа алдам Дорнын тал гэж ирээд яривал дотоодын байтугай гадны жуулчдыг хуйлруулам газрууд олон. Биенээ муулах шахам өрсөлдөж жуулчнаа булаацалддаг аяллын 600 компаниасаа дажгүй гэгддэг хорь, гучийг нь нэгтгэж Монголын аяллын брэндүүдийн талаар ам нэгтэй дуугардаг болгох, Америк шиг аялагчдын захиалгыг жилийн өмнө авчихдаг тогтолцоог нэвтрүүлэх, гадаад сурталчилгаагаа сайн хийх, аялал жуулчлалын гол бүсүүддээ ядаж л Өмнөд Монгол шиг түүхээ харуулсан аятайхан цогцолбор, музей барих энэ тэр гээд яривал аялал жуулчлал хариуцсан яамнаас санаачлах ажил цөөнгүй бий. Наад зах нь л гадны аяллын компани орж ирээд ажиллахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, өнөөдүүл нь зунжин ажиллаж мөнгө хийгээд татвар төлөлгүй гараад явчихдаг зовлон аялал жуулчлалын салбарт бий. Уг нь аялал жуулчлалын хуулиа шинэчлээд шийдчих асуудал л даа. Аялал жуулчлалын салбараа өргөмөл хүүхэд шиг хаячихсан төрийн бодлогын талаар иймэрхүү жишээ яривал өчнөөн юм бий.

Гэхдээ хамгийн түрүүнд анхаарах учиртай зүйл маань мөнгө өгдөг, амьдралыг нь залгуулдаг аялагчдаа үргээдэг жудаггүй монгол зан. Өнөө жил мөнгө олж байвал мах, сүүгээ хэдээр зарсан ч яах вэ, гэр байшингаа яаж үнэлэх нь миний дур гэж хэнэггүйрхвэл яадгийг жуулчдаа мөрөөссөн Хөвсгөлийн өнөө зуны дүр зураг харууллаа. Төр зөв бодлого хэрэгжүүлэхгүй байна, аялал жуулчлалын салбараа хаячихлаа, төрөөс ингэх тэгэх ёстой гэж суухын оронд ядаж л монгол жудгаа гээмээргүй байна. Илүү мөнгө нэхдэгээ болих нь эцсийн бүлэгт төрд биш жуулчид ирдэг нутгийн иргэдийн амьдралд л нэмрээ өгнө. Жил жилийн зун олох мөнгөө өсгөх ганц бодитой арга өнөөхөндөө энэ л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *