Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: УИХ-ын дарга, намын дарга хоёр нэг гарт байна гэдэг их хортой

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиар АН, МАНхоёр ойролцоо суудал авах болов уу гэсэн таамаг нэлээд байсан. Гэтэл МАНүнэмлэхүй олонхи боллоо. Та үүнийг юутай холбоотой гэж харж байна вэ?

-Ер нь сүүлийн хэдэн сонгуулиар дандаа л энэ хоёр намд 10-аад хүний зөрүүтэй ойролцоо санал өгөөд байлаа шүү дээ. Улс төрийн энэ хоёр гол хүчин бол Монголыг цаашдаа ч авч явна. Бусад намуудыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Тэд сонгуульд орно, ард түмэн саналаа өгнө. Гэхдээ шийдвэрлэх түвшинд очихгүй гэж би ойлгодог юм. Энэ удаа ард түмэн МАН-д үнэмлэхүй суудал өглөө. 2002 оноос хойш ийм зүйл болоогүй. Гол төлөв тэнцүү болоод хамтарч засаг барьдаг юм явлаа шүү дээ. Харин тэнцүү байх нь бас оновчтой хэлбэр биш юм байна гэдгийг ард түмэн ч ойлгосон байх. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй аль алинд нь 30 гаруй суудал өгөхөөр аль нэг нь буруудсан ч, зөвдсөн ч өөрийнхөө бодлогыг хүчтэй явуулж чадахгүй. Нэг нэгэндээ хоригддог шалтгаанаас болоод найзан дундаа л засаг байдаг болсон шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд АН өөр хүчинтэй хамтарч засгийн эрх барилаа. Тэр нь бас тийм шийдвэрлэх хүчин байсангүй. МАН хэсэг зуур хамтарлаа. Үүнээс улс орон, ард түмэн хождоггүй юм байна. Тэгэхээр ард түмэн, сонгогч олон бол бас ухаантай юм аа. Ер нь нэг талд нь өгөөд үзье гэдэг ийм шийдэлд энэ жил хүрлээ л дээ. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид их ажил хийсэн боловч ард түмнээ гэсэн бодлого нь нэлээд орхигдчихсон. Зам, барилга, бүтээн байгуулалтын нэлээд ажлууд хийсэн ч гэсэн тэр нь ард түмний амьдралд шууд нөлөөлдөггүй. Ямар ч засаг бүтээн байгуулалтын ажил, ард түмний амьдрал хоёрыг дээшлүүлэхийг тэнцүү зэрэгцүүлж явах нь гол бодлого байх ёстой юм. Энэ бодлогыг өнгөрсөн Засгийн газар жаахан алдагдуулав уу даа. Үүнээс болоод ард түмний амьдрал айхтар сайн байгаагүй дээрээ эрс муудсан. Талх таллаж авч, ургамлын тосоо граммаар нь авдаг. Би ард түмний дотор байгаа хүн. Дэлгүүр хоршоо, захаар явж байхад үнэхээр мэдрэгдээд байгаа юм. Сонгуульд нэр дэвшигчдийн хувийн нэр хүнд байсан л байх. Гэхдээ л ард түмэн нэг намд нь өгөөд хийдэг юмаа хийг гэсэн итгэлийг хүлээлгэчихэв үү дээ гэж ойлгож байгаа. Тэр ээлж нь энэ намд таарлаа. Ард түмэн дэндүү их итгэл, найдвар хүлээлгэсэн. Тийм учраас энэ нам ажлынхаа анхны гараанаас эхлээд алдах эрх байхгүй. Намын удирдлагаасаа эхлээд маш дайчин шуурхай ажиллах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр бол бас муугүй болсон. Тиймээс одоо Засгийн газраа бүрдүүлэх ажлаа ч маш шуурхай явуулж өнөө хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа бараг орчихсон байх ёстой.

-Гэвч одоо хүртэл Засгийн газрын сайдууд бүрэн бүрдээгүй байна. Мөн МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг хүлээлт иргэдийн дунд байсан?

-Сайдуудыг томилох ажил ер нь удаж байна. Одоо сөрөг хүчин гэж бараг алга. Санасан юмаа хийх бололцоог ард түмэн өгчихлөө. Тэгэхээр Засгийн газраа бүрдүүлэхээс эхлээд маш шуурхай ажиллах ёстой байсан. Гэтэл 65-уулаа УИХ-д байгаа хэрнээ ажил их сунжирч байна. Ямраар бол ямраар засаг бүрдүүлэх боломж бий. Нөгөө талдаа чиний асуусан мэргэжлийн Засгийн газрын тухай асуудал байна. Сонгогчдын саналын нэлээд хувь нь түүнд ноогдсон байх гэж би боддог. Би ч хувьдаа баяртай байсан. Харин мэргэжлийн Засгийн газар гэдгийг ялгаа заагтай ойлгох ёстой. Ганцхан сайд нь мэргэжлийн хүн байна гэсэн үг бас хараахан биш байх. Тухайн яамны аппарат бүхэлдээ мэргэжлийн байх ёстой. Өнөөдөр энэ алдагдсан. Миний сайн мэдэх Хөдөө аж ахуйн яаманд гэхэд л мэргэжлийн бус олон дарга байна. Ер нь сайд бол улс төрийн ажилтан хүн л дээ. Сайд заавал нарийн мэргэжлийн хүн байх нь өөр асуудал гэж би ойлгож байгаа. Жишээ нь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бий болж байна шүү дээ. Сайд нь агрономич эсвэл зоотехникч байх ёстой юм уу. Тэгвэл нөгөө хоёр салбар нь яах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэхэд спортын хүн тавих уу. Боловсролын хүн тавьбал нөгөө гурван салбар нь яах вэ. Ер нь бол сайд нарийн мэргэжлийн гэхээсээ маш сайн менежер, зохион байгуулагч, хүнтэй ажиллах арга дүйг эзэмшсэн, удирдах ухааны аргад суралцсан хүн байх хэрэгтэй. Энэ талаас харах нь арай илүү болов уу. Хэлтэс, газрын даргаас эхлээд салбараа мэддэг улсуудаас яам бүрдэх хэрэгтэй. Тэднийг сайн менежер удирдаад чиг зүгийг нь олоод явуулдаг байвал энэ мэргэжлийн Засгийн газар. Харин эрчим хүч, эрүүл мэнд гээд яах аргагүй мэргэжлийн хүнийг тавих яамд байна. Эрүүл мэндийн сайдад эмч мэргэжлийн хүн байхгүйгээс их хохирлоо. Харамсалтай нь эмч, өндөр боловсролтой, яаманд дэд сайдаар ажиллаж байсан үндсэндээ болзлыг нь хангасан ганц эмэгтэйг хоморгонд оруулаад хасаад хаячих юм. Эрчим хүчний сайд бол гарцаагүй мэргэжлийн хүн байх ёстой.

-МАН сөрөг хүчин байхдаа давхар дээлийг эсэргүүцдэг байсан. Тиймээс чиг үүргийн дөрвөн яаманд л УИХ-ын гишүүн очих байх гэсэн хүлээлт байсан. Харин өнөөгийн харагдаж байгаагаар Засгийн газрын гишүүдийн тал нь давхар дээлтэй болчихлоо?

-Эхлээд чиг үүргийн гээд дөрвөн яам ярьж байсан. Түүн дээрээ Хөдөлмөр, нийгмийн халамж, Батлан хамгаалах яамыг нэмчихлээ. Цаашдаа аягүй бол нөгөө дөрвөөсөө авч магадгүй. Үүн дээр манай МАН сөрөг хүчин байхдаа нэлээд хатуу байр суурьтай байсан л даа. Гэхдээ давхар дээлийг бүгдийг нь тайлна. Бүх сайд дан дээлтэй байх ёстой гэж яриагүй. Өнгөрсөн Засгийн газрын 16 яам бараг бүгдээрээ давхар дээлтэй байсан. Үүнийг цөөл, аль болох чиглэлийн яамдаа давхар дээлтэй байлгая, бусад нь УИХ-ын гишүүн биш сайн менежер байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоо чиглэлийн яамаа нэмээд давхар дээлтэй сайдын тоо олон болчихлоо. Би үүнийг буруу л гэж бодож байгаа. Сөрөг хүчин байхдаа баримталж байсан бодлогоо барих ёстой. Ард түмний бодож байсантай зөрөөд эхэлж байна. Нэгэнт ярьсан бол хэлсэн амандаа хатуу л байх ёстой. Би 60 шахам жил энэ намд хоёргүй сэтгэлээр зүтгэж сайныг нь сайнаар, мууг нь муугаар хэлж яваа хүн. Тийм болохоор энэ намыг сайн байгаасай. Ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд нэр төртэй байгаасай гэсэндээ үүнийг хэлж байгаа юм. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шүү дээ. Эхлэхээсээ жаахан будлиад ард түмний дунд бухимдал үүсгэх хэрэггүй. Тэр дөрвөн сайдыг оруулж ирээд ямар их бухимдал үүсгэв дээ. Намын удирдлага ард түмнийхээ ярьж, хэлж байгааг мэдрэх мэдрэмж жаахан муу эхэлж байна уу даа. Энэ их муу шүү. Намын удирдлага ард түмэн, гишүүд, ахмад гишүүдийн ярьж байгааг их анхааралтай сонсож тэрнээс дүгнэлт хийж их мэдрэмжтэй хандах ёстой. Учир дутагдалтай эхэлж байна. Цөөхөн хэдэн хүний хүрээнд ажиллавал ажил явахгүй. Амласан юм чинь биелэхгүй шүү. Тиймээс сонсож дүгнэлт хийж ажиллах ёстой гэж хэлэх байна. Дөрвөн сайдын хувьд айхтар сөрөг хүчинтэй байсан бол байнгын хороон дээр унагаад байгаа гэж бодохсон. Гэтэл тийм юм алга. Хэзээ бол хэзээ зэрэг баталчих бололцоо байлаа. Удирдах ухааны сайн менежерүүдийг сонгож чадаж байна уу гэдэг дээр надад хэлэх юм алга. Урьд өмнөх практикаас харж байхад нэг хүн томилогдчихоод манай баг гээд баахан юм дагуулаад яаман дээр очдог. Тэд нь юу ч мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс байдаг. Ингээд яам бужигнаад эхэлнэ. Энд л өмнөх Засгийн газрууд алдаж байсан. Энэ алдааг давтахгүй байх хэрэгтэй. Сайд ганцаараа л оч. Тэгээд мэргэжлийнхээ хүмүүсийг бүрдүүлээд л яв.

-Та Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамыг жишээлээд мэргэжлийн сайдтай байх ёстой гэлээ. Гэтэл тэр мэргэжлийн гээд байгаа хүмүүс нь гол төлөв тухайн салбартаа бизнестэй байх юм аа. Тиймээс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гээд буцааж байна?

-Харьцангуй л ойлголт. Бүр салбартаа нөлөөлөх салбарын талыг эзэлдэг тийм компанитай хүн тавьчихсан бол өөр л байх. Жишээ нь, Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилж л байсан шүү дээ. Мах боловсруулах үйлдвэр, чихэр боовны үйлдвэртэй. Авлигатай тэмцэх газар юу хийж байсан юм. АТГ-ын нүд тэр үед сохорчихсон байсан юм уу. Яагаад ингэж алагчилж хандаж байгаа юм. Монгол Улсын хүнсний хоёр том салбарыг эзэмшсэн хүнийг тэр салбар дээр нь сайдаар тавиад АТГ амаа үдүүлээд сууж байсан нь ямар учиртай вэ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн хүн нэг жижиг юм хүүхдэдээ өгч л дээ. Зүгээр өөлөх шалтгаан л гэж бодож байна. Ж.Цолмонг би мэдэхгүй л дээ. Ер нь бичиж, ярьж байгаа байдлыг нь харахад Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, өндөр боловсролтой, яамандаа ажилласан ийм хүнийг хоморгонд оруулаад үл ялих шалтгаанаар хасч байгаа нь буруу л гэж бодож байна. Тэгээд огт зүг чиггүй улсууд орж ирж байгаа бололтой байгаа нь хаашаа байна даа. Эрчим хүч ч яг мэргэжлийн байх ёстой. Улс орны гал голомтыг асааж явах хүн тэрийг эзэмшдэг нарийн мэргэжилтэй байх хэрэгтэй. Жишээ нь, А.Тлейхан гээд УИХ-ын гишүүн байсан хүн байж байна. Эрчим хүчнийхээ яаманд мундаг нэртэй хүн байсан. Их хуралд ч сайн ажилласан. Энэ мэтийн мэргэжлийн хүнийг нүд нь хардаггүй юм уу. Хөдөө аж ахуйн яаманд ч П.Баянмөнх гээд дэд сайд хийж байсан мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаас нь эхлээд ажилласан залуу байгаа. Манай хөдөө аж ахуйн улсууд түүнийг сайдаар тавьчихад яадаг юм гээд яриад л байдаг. Мэргэжил, мэдлэг, чадвар байна. Салбараа мэднэ. Юу нь дутаад байдаг юм. Энэ мэтчилэн юм байна л даа. Хүнс хөдөө аж ахуй дээр чиг зүгтэй хүнийг тавих хэрэгтэй. Д.Тэрбишдагваас хойш хөдөө аж ахуйд өөдтэй сайн менежер очсонгүй. Хөдөө аж ахуй бол үндсэндээ сүүлийн жилүүдэд хаягдаж үнсэнд хаясан шалз шиг болсон шүү. Энэ чинь удирдлагаасаа л хамаарч байгаа.

-Та мэргэжлийн сайн менежер байна гээд ярьж байна. Гэхдээ иргэдийн дунд намдаа хэр зүтгэсэн, хандив өгсөн, бүлэг фракцдаа нэртэй нь сайдын суудлаар шагнуулж байна гэсэн хардлага үүсчихлээ шүү дээ?

-Би яг харж байсан биш мэдэхгүй юм. Ер нь олны үг ортой гэж ардын айхтар үг байдаг шүү. Энэ гурван сая хүн бүгд харж, мэдэрч байгаа. Тийм учраас ортой байхыг үгүйсгэх арга байхгүй. Ард түмнээ сонсдог бол тэдний хэлж ярьж байгааг мэдэрч л дүгнэлт хийх ёстой. Хэдхэн хүн хуйвалдаад бужигнуулаад энэ яриаг үүсгээд байгаа юм биш гэдгийг намын удирдлага мэдрэх ёстой. Тэр мэдрэмж л дутаад байна. Олон түмэн шуугиад байна гэдэг чинь л нэг юм хэлээд байгаа биз дээ. Яагаад ингээд байгааг намын удирдах зөвлөл, намын дарга хүн чинь бодож тунгааж, мэргэжлийн улсуудаар судлуулах хэрэгтэй. Тэрийг хайхрахгүй зүгээр намын хэдэн дээд хүнийхээр юм уу эсвэл өөрөө санаснаараа явж болохгүй. Ингэвэл ажил бүтэхгүй, ард түмний итгэл алдагдана. Үүнийг намын дарга голдоо ортол ойлгох хэрэгтэй.

-Өнөөдөр эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Ирэх оноос бондын эргэн төлөлтийн асуудал үүснэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх гээд халамжийн зүйлс орсон байгаа. Эдийн засгийн нөхцөл муу үед амлалтаа биелүүлэхэд ямар байх бол. Таны хувьд хэрхэн харж байна?

-МАН-ын мөрийн хөтөлбөр муугүй болсон. Энэ бол зүгээр нэг ард түмнээс санал авахын тулд хийгээгүй харин гүйцэлдүүлнэ гэж хийсэн мөрийн хөтөлбөр мөн. Монгол Улсаа сайжруулъя гэвэл ард түмнийхээ амьдралыг дээш нь татахаас эхлэх хэрэгтэй. Үүнийг биелүүлэхэд хүндрэл их бий. Одоо хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай. Энэ орон үнэхээр эдийн засгийн уналтад орсон. Үүнийг сэргээх олон боломж байгаа. Гол нь Ерөнхий сайд нь өөрөө эдийн засгийн хүн байна, кабинатаа түргэн бүрдүүлээд ажилдаа маш шуурхай орох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд энэ дөрвөн жилд Засгийн газар улс орныг нэг их өөд нь татаад гялалзуулаад жаргалын орон болгоно гэдэг бол худлаа. Энэ уруугаа явж байгаа процессыг зогсоогоод ард түмнийхээ амьдралд нааштай нийгмийн зарим нэг алхмуудыг хийгээд өр зээлнээсээ салах, хөнгөлөх бодлого явуулаад олон улсын байгууллагуудтай харилцаа холбоогоо гүнзгий тогтоогоод ажиллах юм бол бас ч боломж бий байх. Эдийн засгийнхаа бодлогыг их зөв чиглүүлэх хэрэгтэй. Улс орныг авч явах салбараас эрэмбэ дараагаа зөв тогтоох хэрэгтэй. Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйгаа өөд нь татах бодлогыг авч явуулах хэрэгтэй. Уул уурхай, толгой түрүү гэсээр байгаад хэдэн жилийг алдлаа. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчтай хамтраад арьс ширээ боловсруулдаг ганц, хоёр үйлдвэрийг ч гэсэн бий болгох хэрэгтэй. Би 1986-1990 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан. 1990 онд мал 25 сая хүрсэн. Арьс, шир, ноос, ноолуур бусад дайвар бүтээгдэхүүн гээд бүгдийг нь экспортод гаргаж байлаа. Одоо 75 сая малтай болчихоод тэр 25 сая малтай байхдаа гаргаж байсан бүтээгдэхүүний талыг ч гаргаж чадахгүй байна. Мал аж ахуйн үнэд хүрч байсан бүтээгдэхүүн нойл цэгтээ ороод өнөөдөр арьс, ноос 100 төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Төр энэ салбарыг орхисон гэсэн үг. Үүнийг одоо засаг гартаа авах хэрэгтэй. Уул уурхайгаа зөв чиглүүлж ганц нэг юман дээр ажиллах байх. Тэгээд хөнгөн үйлдвэр, хүнс гарт нь байж байна. Тийм учраас хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрээ зэрэг өөд нь татаж явуулбал болох юм. Засаг өнөө маргаашгүй малчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх, ноос ноолуурыг үнэ хүргэх, боловсруулах ажлыг гартаа авах хэрэгтэй. Тэгвэл бас ажил жаахан сайжрах эхлэл эндээс тавигдана.

-УИХ-ын дарга, намын дарга хавсарсан албан тушаалыг та шүүмжилдэг байсан. Одоо дахиад л давтагдаж байх шиг?

-Би түрүүчийн УИХ-ын дарга З.Энхболдыг их шүүмжилж байсан шүү дээ. УИХ-ын дарга, намын дарга хоёр нэг гарт байж болохгүй. Энэ бол буруу. Тэр Ч.Сайханбилэг бэлгэдлийн Ерөнхий сайд байсан. Намын даргын харцаар хөдөлдөг Засгийн газар байлаа шүү дээ. Намын дарга унагана, унагалцана. Сайдыг нь огцруулна. Засгийн газар Таван толгойг ашиглах талаар дутагдалтай ч гэсэн төсөл оруулаад л ирсэн шүү дээ. Тэрийг нь Женкотой нийлж унагаад юу ч биш болгоод хаясан. УИХ-ын дарга, намын дарга хоёр нэг гарт байна гэдэг нэгдүгээрт, энэ талаасаа их хортой. Нөгөө талдаа УИХ гэдэг байгууллага чинь улсын дээд эрхийг барих байгууллага гээд Үндсэн хуульдаа заачихсан байгууллага. Олон намаас бүрддэг. Түрүүчийн их хуралд таван нам байлаа. Одоо ч гурван нам байж байна. Энэ намуудаас бүрдсэн парламент байхад нэг намын дарга нь УИХ-ын даргын албыг барьж болохгүй. Тэр хүн нам руугаа ил ч, далд ч заавал явна аа даа. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал. Тиймээс нэгдүгээрт, М.Энхболд Ерөнхий сайдаа хийгээд явбал их сайн байна. Их хурлын даргыг М.Энхболд хийж чадахгүй гэж байгаа юм биш. Өлхөн хийнэ. Намын даргаа хавсарч байгаа чинь буруу. Хүний намын хүнийг хавсраад байхад нь шүүмжилчихээд өөрийн намын хүнийг болно гэх ёс зүйн эрх надад байхгүй. Энэ бол маш буруу эхлэл болж байгаа. Би өөрт нь мессэж бичсэн, шадар улсуудад нь ярьсан. Яахав, оготнын дуу тэнгэрт гараагүй. Үүнийг бол салгах л хэрэгтэй. Хуульчлаад тогтоогоогүй ч гэсэн манай намын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байж болно гэчихсэн байгаа шүү дээ. Үүнээс эхлээд ард түмний дунд хэл ам үүсч байна шүү дээ. Шинэ Ерөнхий сайд сайн залуу. Эвдрээгүй, хэл аманд холбогдоогүй хүн. Би Сэлэнгийн намын хороон даргаар олон жил ажилласан болохоор сайн мэднэ. Удам угсааг нь ч мэднэ. Гэхдээ намын дарга тэнд байгаа цагт хүссэн ч, хүсээгүй ч тэр хүний бие даасан байдал ямар нэг хэмжээгээр алдагдана. Би уулзахдаа “За хүү минь, чи Засгийн газраа, танхимаа сайн бүрдүүлээрэй. Засгийн газрын бие даасан байдлыг хангаж ажиллаарай” гэсэн, толгой дохиж л байна лээ. Намын эрх мэдэл тэр дээр байгаа цагт яалт ч үгүй л байх даа. Амьдрал харуулна даа. Би энэ намыг үнэмлэхүй олонхи болсонд маш их баяртай байгаа. МАН их потенциалтай нам. Кадр ч сайтай. Бүх сайныгаа дайчилж чадаж байна уу гэдэг өөр асуудал л даа. Тэгээд ажиллаж чадах юм бол энэ улс орны эдийн засгийн хүндрэлийг зогсоогоод ямар ч байсан сайны эхлэл суурийг тавих бололцоо энэ намд бий. Тиймээс боловсон хүчнийхээ бодлогыг их зөв ухаарч, ард түмнийхээ санал, намын гишүүдийнхээ саналд тулгуурлаж л цаашид ажлаа явуулаасай гэж ялангуяа намын даргаас эрхэмлэн хүсэх байна.

-МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд ийм шийдвэр гаргачихав уу даа?

-Мэдэхгүй. Тааж мэддэг тангад лам биш шүү дээ. Ард түмний яриан дунд байдаг л юм билээ. Залуу хүний дотор юу ч байж болно. Хэрэв тийм бодол байгаа бол алдаа гаргахгүй л байх хэрэгтэй. УИХ-ын даргаа гартаа авч байгаа нь өөрт нь их л хор болно. Ард түмний зүгээс сайн юм яагаад ч авчрахгүй. Өөрөө одоо алдаагүй л ажиллах хэрэгтэй. Боловсон хүчний бодлого дээр жишээ нь сайд нарыг тодруулахдаа хоёр, хоёр хүн удирдах зөвлөлдөө оруулаад өрсөлдүүлээд явж яагаад болохгүй гэж. Энэ чинь ардчиллын зарчим. Өрсөлдүүлэх зарчим бол манай намд тэр болгон байхгүй байна шүү дээ. Ард түмний хүсээд байгаа нэг, удирдах зөвлөлийн хүсээд байгаа нэг хүнийг зэрэгцүүлээд оруул л даа. Тэгээд удирдах зөвлөл дээр салгаад өгөг. Намын бүлэг дээр 65 хүн салгаад өгөх хэрэгтэй. 65 гишүүнийхээ саналыг тусгах хэрэгтэй. Удирдах зөвлөлийн 25 хүний санал бас хангалтгүй шүү. Боловсон хүчний бодлого дээр би эхлэхээсээ жаахан учир дутагдалтай байна л гэж бодож байна. Манай намын удирдлага үүнийгээ даамжруулалгүй засах хэрэгтэй. Танай сониноор дамжуулаад намаа “гөвөх” гэж бодсон санаа надад огт алга. Намаа сайн байгаасай, ийм хүнд үед ард түмнийхээ итгэлийг даагаад улс орноо хөгжүүлэх бодлогод жинтэй хувь нэмэр оруулах бодлогыг засаг төр бүрдүүлэхээсээ эхлээд явуулаасай гэсэндээ л хэлж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *