Categories
гадаад мэдээ

Тамирчдаа гэмт халдлагаас хамгаалахаар Хятад улс цагдаагаа Риод илгээжээ

Хятад улс “Рио-2016”-д зөвхөн тамирчдаа илгээсэнгүй, бас цагдаа нараа илгээжээ.

Гэмт хэргийн гаралт өндөр байдаг тул Рио де Жанейрод Хятадын нэг цагдаагийн офицер ажиллахаар хоёр сарын өмнө явсан тухай тус улсын төрийн хэвлэлд мэдээлсэн байна.

Өмнө нь тэд Ром, Милан хотуудад өөрийн жуулчдыг хамгаалахаар цагдаа илгээж байсан бол энэ удаа тамирчдаа тэмцээн уралдаанд орох үед болон хот дотор зорчих үед нь хамгаалах үүрэг хүлээжээ.

Мөн Олимпийн наадмын үеэр Хятадын бусад төлөөлөгчид, жуулчид, сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарал тавьж Рио де Жанейрогийн цагдаагийн газартай нягт хамтарч ажиллахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Риогийн төвд хэсэг Хятад иргэд үнэт зүйлс, гар утсаа дээрэмдүүлсэн явдал гарсан юм.

Мөн хэд хоногийн өмнө хятадын саадтай гүйлтийн тамирчин Ши Донпэний найз сэтгүүлчийн камер, компьютер, микрофоныг зочид буудлын лобби танхимаас хулгайд алдсан хэрэг гарчээ.

Сүүлд хяналтын камернаас харахад нэгэн этгээд тэр хоёр руу ойртож ирээд бөөлжсөн гэнэ. Ши бохирлогдсон цамцаа цэвэрлэхээр ариун цэврийн өрөө орох хооронд сэтгүүлч нөгөө этгээдээс зугтаж байв. Ингээд хэсэг хугацааны дараа тэр хоёрыг эргэн ирэхэд хараа хяналтгүй үлдсэн цүнхийг нь хулгайлсан байжээ.

Рио дахь Хятадын консул олон улсын нисэх онгоцны буудалд үйлчилгээний цэг байгуулан зорчин ирэгсдэд аюулгүй байдлын зөвлөмж тараах ажлыг эхлүүлсэн байна.

Б.МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *