Categories
мэдээ улс-төр

Яамдын орон тоог 109-өөр цөөлнө гэв

Шинэ засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “засгийн газрын анхны хуралдаанаар нийтдээ долоон асуудал хэлэлцлээ. Онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймагт үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, 328 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр байгалийн гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс 70 иж бүрэн гэр, гамшигт нэрвэгдсэн 700 иргэн хоол хүнсээр хангах, туслах ажил үргэлжилсэн. Нөхцөл байдал одоогоор нааштай болсон. Харин газар дээр авч хэрэгжүүлэх ажил байгаа юм байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан нөөц хөрөнгөөр зохицуулна” гэж онцолсон юм.

Мөн хуралдаанаар засгийн газрын бүтэц 13 яамтай байхаар хуульчлагдсаны дагуу яамдын орон тооны нөөцийн асуудлыг хэлэлцсэн байна. Уг асуудлын тухайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Өмнө нь шийдлийн Засгийн газар 15 яам 1490 хүнтэй ажиллаж байсан бол өнөөдрийн Засгийн газар 13 яам 1381 орон тоотой ажиллахаар болж, 109 орон тооны хэмнэлттэй байхаар шийдвэрлэлээ. Шинээр агентлагийн орон тооны хэмжээ хязгаарыг баталсан. Хуваарь шинэчлэх батлах тухай тогтоол гаргасан” гэсэн мэдээлэл өгч байна. Мөн тэрбээр “Ахмадуудын тэтгэврийн зээлийг бууруулах асуудал олон жил яригдсан. Энэ Засгийн газрын үед ажил хэрэг болно.“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой ажлын хэсэг байгуулаад энэ долоо хоногоос ажилдаа орж байна” гэж мэдэгдсэн юм.

Э.Мөнх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *