Categories
мэдээ цаг-үе

Б.Туул: Сургуулиа төгсч ирээд Ю.Цэдэнбал даргад хромон гутал хийж өгч байлаа

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Туул” сургалтын төвийн багш Б.Туултай ярилцлаа.

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Гутлын салбараас урьд нь гавьяат ажилтан төрж байв уу?

-Баярлалаа. Монголд гутлын үйлдвэр байгуулагдаад 83 жил болж байна. Гэвч энэ салбараас урьд нь нэг ч гавьяат төрж байгаагүй. Би анхдагч нь болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч надад гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Чи нөгөө гутал Туул мөн биз” гэж асуусан. Бодвол Ерөнхийлөгчийн гутлыг миний шавь нарын нэг хийж байхдаа багшийнхаа тухай ярьсан байх.

– “Гутал Туул” гэх нэрийн эзэн болтлоо энэ салбарт 30 гаруй жил зүтгэжээ. Ер нь яагаад гутал хийхийг тэгтлээ их хүсэх болов?

-Би 1961-1971 оны хооронд Улаанбаатар хотын Лаборатори нэгдүгээр дунд сургуулийн математикийн ангийг төгссөн юм. Тухайн үед би сурлага сайтай хүүхэд байсан болохоор гадаадын бүх хуваарь миний өмнө нээлттэй байсан л даа. Би айлын ганц охин учраас ээж эмч болгохыг хүссэн. Харин аав “Манайх мал аж ахуйн орон. Тийм болохоор мал аж ахуйтай холбоотой мэргэжил сонго” гэж зөвлөсөн. Тэгээд Москвагийн хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийн “Арьсан эдлэлийн загвар зохион бүтээх инженер” мэргэжлийг сонгосон. Сурч байхдаа гутлын загвар зохион бүтээгч инженерээр мэргэшиж Монголын анхны гутлын инженер болж байлаа. Одоо бодоход аав минь алсын хараатай, их ухаантай хүн байж дээ.

-Төгсөж ирмэгцээ Ю.Цэдэнбал даргын гутлыг хийх хүндхэн даалгавар авч байсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач?

-Намайг 1979 онд сургуулиа төгсөөд ирэхэд Төв хороонд миний талаарх мэдээлэл оччихсон байж. Тэгээд би Ю.Цэдэнбал даргын өрөөнд дуудагдаж хөлийнх нь хэмжээг авах боллоо. Гэтэл Ю.Цэдэнбал даргын хөл боомоороо маш өргөн, тагжгар жижигхэн хөлтэй байсан. Ядаж байхад зүүн хөл нь баруунаасаа 20 мм богино байсан тул явалтыг тэгшлэх хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн юм. Би бүгдийг ёсчлон биелүүлж 100 хувь арьсан, хар хромон гутал хийж өгч байлаа.

-Гутлын салбарт анх удаа докторын зэрэг хамгаалжээ. Ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

– Миний хувьд Москвад гутлын загвар зохион бүтээгч, профессор Юрий Петрович Зипиний шавь болж хоёр жил тэр хүнээс суралцсан. Үүгээрээ бахархаж явдаг.Тэгээд эрдэм шинжилгээний төвд монгол хүний хөл судлалаар доктор хамгаалж, гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байлаа. Мөн арав гаруй жил дээд сургуульд багшилж, гарын сурах бичгээ гаргасан. Дараа нь европ гутлын мэргэжлийн ажилчин бэлтгэх сургалт тасраад байсныг сэргээж европ гутлын “Туул” мэргэжлийн сургалтын төвөө 2008 онд байгуулсан. Нэг үгээр хэлэхэд гутлаараа амьсгалж, гутлаар амьдарч, нэг насаа гуталд зориулж явна.

-Та монгол хүний хөлийн бүтцийг судалж, монгол хүнд тохирох гутал хийх технологийг нэвтрүүлсэн. Бидэнд ямар гутал хамгийн тохиромжтой вэ?

-Миний багш Ю.П.Зипин бол гутал зохиох үндсэн томьёог боловсруулсан хүн. Итали, чех гутлыг дандаа Зипиний томьёогоор хийдэг. Энэ томьёон дээр би монгол хүний хөлийн онцлогийг тусгаж чадсан. Монгол хүний хөлийн анатоми бүтцийг судалж үзэхэд хятад, япон, европ хүнийхээс өөр байсан. Тухайлбал, боомоороо өргөн, яс том хэрнээ богино байдаг. Үүн дээр үндэслээд их дээд сургуульд зориулан анх удаа монгол хүний хөлийн онцлогт тохирсон европ гутлын зохион бүтээлтийн аргачлалыг нэвтрүүлж, “Гутлын загвар зохион бүтээлт” сурах бичгийг гаргасан. Монголчууд хөлийнхөө онцлогт тааруулж гутал өмсдөггүйгээс эвэршилт, хавтгайралт үүсдэг тал бий. Хүний тавхай амьсгалдаг. Хятадууд хүний эрүүл ахуйд тохирохгүй, янз бүрийн цавуу, хуванцар эдлэл, хиймэл материалаар гутал хийдэг. Энэ нь тавхайн амьсгалах бүх орчинг хаадаг эрсдэлтэй. Үүнээс болж мөөгөнцөр, хөлийн янз бүрийн өвчин үүсдэг юм. Харин малын арьс хүний хөлийн тавхайд хамгийн тохиромжтой. Арьсаар хийсэн гутал л өмсөх хэрэгтэй байгаа юм.

-Таныг хорих 409 дүгээр ангид гутлын үйлдвэр байгуулсан гэж сонссон. Яагаад хорих ангид үйлдвэр байгуулъя гэж бодсон юм бэ?

-Хорих ангид хоригдож байгаа хүмүүс үйлдвэрт ажиллаж, норм биелүүлдэг талаар гадаадын кинон дээрээс бид үздэг. Эндээс надад хорих ангийн хүмүүс яагаад өөрсдийнхөө гутлыг өөрсдөө хийж болдоггүй юм гэсэн бодол төрсөн. Миний санааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр анги дэмжиж, улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Тэгээд би хориос дээш жилийн ялтай 30 хүнд сургалт явуулж, үйлдвэрийн ерөнхий инженерээр баруун гарын шавь О.Тэмүүжингээ томилсон юм. Одоо тэнд өдөрт 150 хос гутал хийдэг.

-Та Урлах эрдмийн дээд сургуулийн гутлын ангийг байгуулж, ШУТИС-ийн гутлын ангид багшилж байсан. Мөн “Туул” сургалтын төвийг байгуулсан …?

-Би их сургуульд багшилж байхдаа юу ажсан гэхээр арван долоо, наймтай охид хөвгүүд гутлын загвар зохион бүтээлтийн ангид орж ирэхдээ төлөвшөөгүй байдаг. Тэд дөрвөн жил сурч төгссөн ч гутлын үйлдвэр байгуулдаггүй. Үүнийг хараад надад нэг бүтээлч санаа төрсөн. Бид үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бодол миний дотор буцалж байсан болохоор “Туул” сургалтын төвөө байгуулсан юм. Би гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй, аль хэдийнэ төлөвшчихсөн 27 настай, 45 настай хүмүүст нь өөрийн мэдэх, чадах бүхнээ зааж өгье гэж бодсон. Манай сургалтын төвд тавдугаар ангийн боловсролтой хүн ч ирээд гутал хийж сураад явсан удаа бий. Намайг зорьж ирсэн хүмүүсээс “чи дээд сургууль төгссөн үү” гэж би асуудаггүй. Харин “чи сонирхож байна уу, гутал хийж чадах уу” гэж л асуудаг. Чадна гэвэл “давай” гэж хэлдэг.

– “Туул” сургалтын төв үйл ажиллагаагаа эхлүүлээд найман жил болжээ. Энэ хугацаанд хичнээн хүнийг ажлын байртай болгов?

– Манай сургалтыг төгссөн хүмүүс гутлын загвар зохион бүтээлт, технологи, эсгүүр, уллагаа гээд цогц мэдлэгийг эзэмшиж, гутлын үйлдвэр байгуулах хэмжээнд хүрч чаддаг. Энэ хугацаанд би 300 шахам гутлын инженер, үйлдвэрийн эзнийг төрүүлжээ. Тэд маань мянгаад хүнийг ажлын байртай болгосон байна. “Best shoes”, “Хос аз”, “Бибс коллекшн” гээд гутлын том үйлдвэрүүдийн эзэд нь дандаа миний шавь нар. Миний итали аргаар зохион бүтээдэг европ стилийн гутлын технологийг сурч, гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй хүмүүс намайг зорьж ирдэг. Миний ажлын үр дүнг нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэгчдийг төрүүлээд байгаад оршиж байна. Энэ хөдөлмөрийг минь үнэлж гавьяат ажилтан болгосон болов уу гэж бодож байна.

– Гутлын үйлдвэрүүд түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хятадаас оруулж ирдэг. Бид Хятад руу дутуу боловсруулсан арьсаа гаргадаг. Урд хөрш буцаагаад манайх руу экспортлохдоо маш үнэтэй зардаг. Үүн дээр л улс анхаармаар санагддаг. Үндэсний үйлдвэрлэлээ дотроо дэмжээд арьсыг бүрэн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлбэл гуталчдад, жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд маш их нөөц боломж байна.

– Та нэгэн ярилцлагадаа “Би улсдаа өртэй хүн” гэж хэлсэн байна лээ. Та “өрөө” төлж дууссан уу?

– Би социализмын үед улсын зардлаар энэ сайхан мэргэжлийг үнэгүй эзэмшиж Монголын анхны гутлын инженер болсон. Энэ ч утгаараа хойч үедээ, өнөөгийн залууст монгол хүний дөрөө даах, монгол хүний хөлийн онцлогт тохирсон гутал хийх аргыг өвлүүлж өгөхийг хүсдэг. Хэрвээ би заахгүй бол гэмт хэрэг хийсэнтэй адил гэж дотор хүн минь надад хэлдэг. Миний шавь нар 21 аймагт үйлдвэр байгуулаад амжилттай ажиллаж байна. Би шавь нарынхаа амжилттай явааг харахдаа өөрийгөө зөв зүйл хийжээ гэж мэддэг. Их сургуульд багшлаад явж байсан бол өнөөдөр эрдэмтэн, профессор болоод л дуусах байсан. Шавь нарынхаа амжилтаас дурдвал, “Best shoes” үйлдвэрийн дарга Эрдэнэ “Мишээл экспо -2010” шилдэг загвар цом, “Baby’s collection”-ий захирал Бямбасүрэн “Мишээл экспо 2008, 2009” оны гутлын уллагааны шилдэг технологи цом, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хишигбаяр, Алтанхуяг нар 2010, 2011, 2012 он, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Б.Цэцэгээ нар 2013 онд хийсэн гутлаараа аймгийн шилдэг бүтээгдэхүүн, Баянзүрх дүүргээс “Ээл коллекшн”-ий захирал О.Тэмүүжин “Мишээл экспо 2013” үзэсгэлэнгээс “Дэвшилтэт технологи” цомын эзэн болж байсан.

Ингээд бодохоор би улсдаа “өрөө” төлж чадсан юм байна. Төр засаг минь ч миний хөдөлмөрийг үнэлж энэ хүндтэй шагналаар шагнасан байх.

-Гавьяат ажилтан Б.Туулын цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?

-Монгол хүний хөл судалдаг хүний хувьд, инженер хүний хувьд Тува, Буриад, Өмнөд Монголын Шинжаан, Сайхан талын монголчууд, Туркт амьдарч байгаа монголчууд манайхаас гутал авдаг болчихоосой гэж мөрөөддөг. Шавь нар маань ийм сайн ажиллаж байгаа болохоор энэ цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *