Бороо орохоор үерлэдэг Улаанбаатарын гудамжинд ус зайлуулагч байдаггүй гэж хүмүүс шүүмжилдэг ч дарга нар харин “Байгаа” хэмээн зүтгэдэг. Бодвол тэд нэг юм мэдээд л хэлж байгаа байлгүй. Гэхдээ л бороотой өдрүүдэд замын хажуугаар алхаж яваа хүмүүст эрсдэл их тохиолдоно. Хэдэн жилийн өмнө бол замын хажуугаар шавар цацаад өнгөрөх төмөр хүлэгтнүүд олон байлаа. Харин одоо бол цэвдэг сэтгэлтнүүд багассан ч юм шиг санагддаг. Ихэнх тохиолдолд автобуснууд ч, машинтай хүмүүс ч шалбаагны дэргэдүүр тун ч болгоомжтой өнгөрдөг болсон. Манай нийгэм хүмүүнлэг болж байгаа юм болов уу даа. Явган хүмүүс рүү шавар цацсан жолоо баригчдыг торгодог болсон нь ч нөлөөлсөн байх л даа. Хэдэн жилийн өмнө замын хажуугаар алхаж явтал шавхайгаар шүршүүлж билээ. Ажилтай явсан болохоор хувцсаа сольж өмсөхөөр харих ч боломжгүй, шавартайгаа явах ч хэцүү уйлах дөхсөн. Гэтэл гэнэт нэг бодол харван орж ирсэн юм. Ус цацаад өнгөрсөн ганган машинтай залуу надаас илүү өрөвдөлтэй юм байна гэж. Хэрвээ тэр залуу хайранд өлгийдүүлж өссөн бол хэн нэгнийг шаварт булж, бах таваа хангахгүй л байсан даа гэж бодогдох нь тэр. Тэр үнэхээр өрөвдөлтэй залуу байсан ч юм бил үү.