Categories
мэдээ цаг-үе

“Хар авдарт ном, хазгар өвгөнд эрдэм бий”…

“Өдрийн сонин”-ы №159(5424) дугаараас авч нийтлэв.

42 жил сумын сургуульд багшилж, 40 гаруй ном бичиж, орчуулж хэвлүүлсэн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ядамын Дүгэртэй ярилцлаа. Энэ хүн бидэнд орос хэлний хичээл ордог байлаа. Багш маань олон жилийн өмнөх янзаараа “дэгж” явна. Биднийг сурагч байхад л сургуулийн өвгөн багш байсан (юутай ч бидэнд тэгж харагддаг)багш маань өнөө ч хэвээрээ үлджээ. Я.Дүгэр багш тэтгэвэрт гарсан хойноо ном бичиж, МЗЭ-ийн гишүүн болж, “Уран зохиолын төлөө” шагналыг нь хүртжээ. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны гишүүнээр “уригдаж”, “Мөнгөн сар” медалийг нь хүртэж Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, АН-ын АХ-ны тэргүүлэгч болсон гэх мэтээр нийгмийн идэвхтэй амьдарчээ. Оны шилдэг номоор хоёр бүтээл нь шалгарсан гэнэ.

– Багш аа, Төв аймгийн Угтаалцайдам суманд танаар орос хэл заалгаж, элсэлтийн шалгалтаар орос хэлний онооныхоо буянаар сэтгүүлчийн ангийн хуваарийг авснаа ажлынхандаа сайрхаж байлаа. Ингэхэд та хэдэн жил “Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарив”?

-“Нарт ертөнцөд ганцхан нандин сайхан алба”-ыг нийтдээ 42 жил хашиж, Хөвсгөлийн яруу найрагч, нэг багшийн бичсэнээр “Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж, түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж, түмний хүүхдийн төлөө тархиараа зул өргөж” дээ, би гэдэг хүн. Эргээд бодоход, энэ бол маш урт хугацаа, бас ховор заяа юм. Маш урт хугацаа гэдгийг одоо л ойлгож байна. Багш, хичээлийн эрхлэгч, захирал хийлээ. Мөн жижүүр, цэвэрлэгч, угаагч, барилгачин, будагчин, сийлбэрчин, засварчин, хэлмэрч, орчуулагч… байлаа. “Цаг үеийн шаардлагаар” гэх үү дээ… Мэдээж, сэхээтэн хүн тул ухуулагч, суртал нэвтрүүлэгч… Оюутнуудын дипломын ажил, эчнээгийхний хичээл гээд албатай юм шиг ирнэ шүү дээ. Багш бол хэцүү ажил. Өнөөгийн багш нар жаргаж байна даа. Тэд ядахнаа субботник, дайчилгаа, лекц, дугуйлан, сонин уншлага, …хурал дээр нөхөр…-ын хэлсэн үгийн тэмдэглэл хөтлөх, хоолны мах, цайны сүүний дараалалд зогсох энээ тэрээ гэхийн зовлонгүй… Компьютер байхад конспект, үзүүлэн бол гарын үзүүрийн ажил.

– Нээрээ ч тийм байх даа. Дараалалд ч бас тэгж их зогссон юм уу?

-Дараалалд бусдын л адил зогсоно шүү дээ. Социализмын үеийн Монголд хүн жилд элдэв дараалалд 450-500 цаг зогсдог байсан гэж судалгаа байдаг юм. Ямар сайндаа Төв аймгийн дарга байсан Жамсран гэдэг буянтан 1960-аад оны сүүлээр Зуунмод хотод “Багш нарын дэлгүүр” гэж гаргаж байх вэ дээ. Энэ тухай би хэзээ сүүлд Ж.Соёлжав багшаас дуулж, тэр даргад баярласан. Өөр тийм жишээ үзэж дуулаагүй. Харин ч муусайн багш нарт дээр доргүй томорч, “Би бол учир мэдэхгүй ажилчин хүн, харин та сэхээтэн хүн байж…” гэж “даналзана” шүү дээ… Увс аймгийн намын хорооны дарга байсан Бизъяа, хүүхдээ угжих гэж таван ямаатай болсон манай Бөхмөрөн сумын нэг багшийг 1980-аад оны сүүлээр аймгийн багш нарын бага хурал дээр “боловсролын дайсан” мэтээр загнаж, “Таван ямаатай энэ мэтийн ялзарсан этгээдүүд манай аймагт багшлах эрхгүй” гэхчилэн цамнаж байсан байдаг.

-Амаргүй үе байжээ бас одоо сонсоход сонин түүх байна. Та ер нь хачин хачин юм ярьдаг янзаараа шүү?

-Амнаасаа болж адлагдахыг алийг нь тэр гэхэв. Бусдыг өмөөрөмтгий гэх үү. “Өдрийн сонин” “Багш” булан нээснийг уншаад үнэхээр баярласан. 1990-ээд оны эхээр өмсөх гутал, барих цүнхгүй, тэр ч байтугай картын бараагаа ч авч дийлэхгүй болсон багш нарын тухай сонинуудад бичиж, арга ядсан багш нараас зарим нэг нь ажлаасаа гарч наймаанд мордсон. Тэд хожсон…

-Та хүүхдүүдтэй тоглочихдог, бас хөөрхөн шоглочихдог байж билээ. Заримдаа сурагчдын дэвтрийг авч, гаднаас нь үнэртээд, чи хуулсан байна гэх юм уу, аль эсвэл чи төд алдаж гэдэгсэн?

-Тийм юм байсаан. Оюун дүгнэлтэрхүү юм уу даа. Бүү мэд. Гэхдээ алдсан тохиолдол гараагүй.

-Харин та өөрийгөө ямар багш байсан гэж боддог вэ?

-Би хүүхэд бүрт асар их боломж байгаад итгэдэг байсаан. Гэхдээ багш, шавийн харилцаа гэдэг бол тун ч ярвигтай зүйл. Зарим хүүхэд багшийн “ам руу орчих” шахдаг, гэтэл зарим нь бараг хаалт тавьчихсан байдаг. Авах, гээхийн заяа төөрөг, ивээл жил, ивээл ааш байдаг шиг, энд мэдээж, харш нь ч байдаг байх. Үнэхээр агуу толгойтой, авьяастай мөртлөө зугтах нь ч байдаг. Тийм хүнд ямар “дарж байж сахил хүртээлтэй” биш. Хүүхдэд ч, надад ч баярлах гомдох үе байсан нь мэдээж. Харин авах хүнд өгөх юм надад байсаан. Мэдлэг, сэтгэл. “Төлбөргүй дамжаа хичээллүүлнэ, тестээр шалгаж, 80-аас дээш оноо авсан хүүхдийг шагнана” гэсэн зарлал хүртэл гаргаж байлаа.

Бас Эрхүүгийн номын сангаас “Частотный словарь русского языка” гэдэг ховор номыг гуйж аваад, 96 хуудастай гурван дэвтэрт хоёр шөнө үүр цайтал сууж хуулж авсныг минь нэг нь аваад буцааж өгөөгүй. Өнөөгийнх шиг канон байсан биш. Канон яагаад байгаагүйг чи мэдэх үү?

-Үгүй ээ, ямар учиртай юм бэ?

-Дэлхий дахинд канон байтугай нь бий болчихсон цаг. Гэтэл олшруулагч төхөөрөмжөөр мэдээ материал олшруулаад “Улсын нууц задалчихна” гэж тэр шүү дээ. Нууцгүй юм байгаагүй: дараалал, аж байдал хүртэл “улсын нууц”… Албаны бичгийн машин бүрийн үсгийн хэв НАХЯ-нд байна. Өргөдөл, гомдол, нэргүй захидал бичсэн хүн тэгж баригдаж байсан. Бат-Үүл ч 1990 онд ажлынхаа газрын бичгийн машинаар ухуулах хуудас биччихээд дорхноо баригдсан… Хадуурчихлаа, уучлаарай. Энэтхэгт урилгаар нэг жил ажилласан Оросын шатрын нэг мастер “Тэнд канон булан бүрт л байдаг” гэж ярьсан байсан. 1970-аад онд. Тухайн үедээ би тэр нь юу болохыг ойлгоо ч үгүй. Хөөе, 1990 оноос өмнө “00”-ийн цаас, скоч, ажлын цагаан бээлий, гэрийн шаахай ч байгаагүй…

-Ингэхэд та яагаад орос хэлний багш болсон юм бэ?

-Би бараг 40 хүрсэн хойноо Эрхүүгийн орос хэлний багш нарын нэг жилийн курст явсан юм. Дээд сургуулийн багш нар ч суудаг дамжаа л даа. Ховор завшаан. Бид 31-үүл очсон. Дамжаанд яг л төгсөх ангийн оюутан шиг хагас ба бүтэн жилээр 7-8 шалгалттай. Гэтэл өвлийн шалгалтаас нэлээд өмнө декан маань бүх багш нартайгаа орж ирээд, “Нөхөр Дүгэрийг бүх шалгалтаас чөлөөллөө. Энэ бол манай курсын хувьд анхны тохиолдол…” гэсэн.

-Яаж тэдэнд “тоогдов”?

– Дүрэм, үгийн сан, ялангуяа өгүүлбэр зүйд би угаас гайгүй байсаан. Декан маань Оросын түүх соёлоор лекц уншдаг доктор, профессор, нээх их сайхан буурал эмэгтэй байсан. Очсон даруйд шахам хичээл дээр 19 дүгээр зууны Оросын хөгжмийн урлагийн түүхийг ярьж байснаа “хамгийн томоохон төлөөлөгч нь Михаил Иванович…” гээд дуугүй болж биднээс хариу хүссэн. Хэн ч дуугарсангүй. Би тэр хүн бол М.И.Глинка гэж мэднэ. Тэгээд “…Топтыгин, Калинин, Глинка” гэсэн. Багш их баярлаж, гайхсан. Би орос ардын зарим үлгэрт баавгайг М. И. Топтыгин гэдэг, нөгөөх нь “Бүх Оросын ахлагч” хэмээгддэг асан М. И. Калинин, энэ гурав бол Оросын хамгийн том гурван Михаил Иванович гэж тайлбарласан.

-Сэтгэгдэл төрүүлжээ дээ?

-Тэр багш гайхаж, баярласнаа нуугаагүй.

-Баян-Өлгийд байхдаа та казах сургуулийн наймдугаар ангийн орос хэлний сурах бичиг бичиж, Алма-Атад хоёр удаа хэвлүүлсэн юм байна?

-Би тэгэхэд тэнд байсан юм. Би 1954 онд Увсын Бөхмөрөнд бага сургууль төгсч, Өлгийд 10 жилийг төгссөн хүн шүү дээ. Казах сургуулийн боловсролын агуулгыг шинэчлэх ажил 1975 онд өрнөсөн юм. Казахстанаас мэргэжилтэн Шакир Аманов гэдэг хүн урилгаар ирсэн. Тэр л намайг зохиогчдын бүрэлдэхүүнд оруулсан. Аймгийн орос хэлний багш нарын бүлгийн ахлагч болгосон. Сүүл сүүлдээ наймдугаар ангийн сурах бичиг тунаж үлдсэн. Надтай нийлээд гурван хүнд бүтээлийн чөлөө өгч, шавдууллаа. Аймгийн номын санд гурван сар суугаад нөгөө хоёр маань больсон. Аймгийн намын хороо, Гэгээрлийн хэлтэс, Сурганы сектор дээр бөөн хэрүүл, банга… Нийслэлээс, бүр Казахстанаас хүн урих тухай яриа болсон. Тэгээд би бичнэ гэсэн. Дарга нар их баярлаж, чамд хэдий хугацаа хэрэгтэй вэ гэхээр нь “Гурван сар” гэсэн. “За хичээгээрэй, чамд АБТА цол, Хөдөлмөрийн хүндэт медаль өгнө” гэсэн. Тэр ч яахав, зүгээр л бичсэн. Номын эхийг секторын ЭША Х.Шаймардан Алма-Ата руу авч одсон хойно би оюутан дүү нарынхаа улмаас хотод ойртож, Төв аймаг руу гэнэт шилжчихсэн. Намар нь номын хувь гэж шуудангаар гурван ном надад ирүүлж, баяр хүргээд, Ардын боловсролын яамнаас мөнгөө аваарай гэсэн. Овоо мөнгө өгсөн. Өлгийнхөн л замыг нь зассан хэрэг.

-Та “коммунист суртлыг шүүмжилж, идэвхтэй амьдралыг сурталчилсан” 20-иод ном бичиж, орчуулжээ. Яагаад та энэ сэдвийг онцолж сонгов. Ер нь юунаас болж та гэнэт ном бичих болов?

– Ном бичих болсны хувьд гэвэл хэн ч өмнүүр зүтгэж булаацалдахгүй юм даа… Монголчууд коммунизм гэгч нийгмийн өвчин, гаж суртал, буруу дадал зуршлаасаа хичнээн түргэн илааршиж сална, улс орон төдий чинээ түргэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Хэвлүүлж дийлэхгүй байгаа хэд хэдэн ч ном бий. Чөлөөт нийгэмд ямар ч шинэ технологи хаанаас ч оруулаад ирж болно. Тэгж ч байна. Харин “социалист” биш, “шинэ” биш монгол хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Би энд, урьд “социалист ухамсартай хүн”, “шинэ хүн” болгон хүмүүжүүлэх, “социалист аж төрөх ёс”, бүр “социалист овсгоонд” “сургах”-д бүхий л талаар анхаардаг байсныг хэлж байна. Тэр бол “өвчлүүлэх” оролдлого гэж болно. Харин бидэнд одоо жирийн л монгол хүн хэрэгтэй. Жишээ нь, Богд хааны үед, ядарсан нэг нь, би энэ Богдоос болж ядуу явна гэх үү? Боловсрол, гэгээрэл бол хөгжлийн баталгаа шүү дээ. Саяхан, өнгөрсөн сарын 12-нд шиг билээ, зурагтаар судлаачид, дэлхийн I ба II дайныг өдөөсөн гэгддэг “манай дайсан” Баруун Германд түүхийн алдааг давтахгүйн үүднээс, дайны дараа ард түмнээ гэгээрүүлэхэд төр засаг нь асар их анхаарсны учир, үр дүнг нь жишээгээр хэлж харагдсан. Ер нь Баруун Герман сүйрлээс гарч, хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт жагсах болсон. Гэтэл “манай” социалист Герман хөгжлөөрөө хол хоцорсон (35 хавьд), хамгийн гачлантай нь хүмүүс нь их эвдэрсэнд энэ хоёр улс 1990 онд нэгдэх үеэр халаглаж байсан. Ховч матаач, хоёр нүүрлэдэг, ажил оромддог, идэвх санаачилгагүй, хумсалдаг, аливаа өмчид хайр гамгүй, бүх юманд үзэл суртлын үүднээс ханддаг болтлоо “өвчилсөн”… Тэгэхээр социализмын тогоонд тэднээс бараг хоёр дахин удаан чанагдсан бид ямар болсон нь тодорхой. Ачтан, атаатнаа ялгахгүй болох, “манай тал” тул “маш зөв” гэх, өөрсдөөсөө бусдыг үгүйсгэх, үтэр түргэн дарахыг шамдах гэдэг бол нөгөө л өвчин… Хамтран ажиллах, зөвшилцөх, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Зүүн Германд нийгмийн ухааны багш нарт нөхвөр олгоод ажлаас нь халсан гээд бод доо. ОХУ-д “социалист ухамсраас салгах” маш том төслүүд хэрэгжсэн.

-Та яагаад шатрын ном бичих болов. Шатрын 20 гаруй ном хэвлүүлжээ?

-Би шатарт тааруу, ойлгодог төдий хүн. Орос сэтгүүл 2-3-ыг захиалдаг байлаа. Анхалж орчуулсан ном минь алдарт шатарчин Эм. Ласкерийн “Шатрын сурах бичиг”. Энэ номыг орчуулснаа Энэтхэгийн шиг санагдаж байна, нэг мастер ард түмэндээ өргөн барьсан асар том бэлэг минь гэж ярьсныг 1960-аад оны эхээр орос сэтгүүлээс уншсан юм. Тэр номыг би мэдэхгүй явлаа. Гэтэл 1999 онд байх, зах дээр нэг хүн хар даг болсон ч хуудас бүтэн орос ном тавьчихсан суусан. Авсан. Үзсэн. Биширсэн. Тэгээд мал тооллогын бүртгэлийн далбагар цаасан дээр гараар бичиж орчуулсан. 1000 шахам хуудас юм болсон. Хөдөө компьютер байсан биш. Их будилсаан. Тэг тэгсээр 2002 онд нэг юм хэвлүүлсэн. Шавь, “Акума”-гийн Жамянсүрэнгийн Баттулга, Сунравын Ундармаа, мөн дүү нар, хүүхдүүд тусалсан. “Муу нохойн санаа алсын оононд” гэдгээр Дэлхийн оюутан шатарчдын тэмцээнээс (УБ. 2002.09.02-07) өмнө амжуулахыг хичээсэн. Спортын төв ордонд болсон тэмцээний нээлт дээр аваачиж, тавьсан.

-Шатарчид яаж хүлээж авав?

-ОУ-ын шатрын томоохон тэмцээн тул манай шатрын томчууд, сонирхогчид тэнд цугларсан байсан. Намайг хэн ч танихгүй, “Энэ юун хүн билээ” гэж гайхсан. Би ч тэднийг танихгүй шахам. Зарим нь баяр хүргээд, номноос адис авч, гарын үсэг нэхэж байсан. Хоёр дахь өдөр нь бүр ч олон хүн сонирхож эхэллээ. Бие биедээ мэдээлсэн бололтой юм билээ. Нэг залуу “Энэ бол том үйл явдал. Та яасан азтай, бас мундаг хүн бэ? Би барьж авах гэж халгасаар өдий хүрсэн эд дээ. Надад номоороо адис хүртээгээд өгөөч” гэж байсан.

-Хамтран ажиллах санал танд ирж байв уу?

-Ж.Лхагваа, П.Жигжидсүрэн нараас тийм санал ирсэн. Хамтарч ажилласан. “Монголын шатрын түүх”, “Шатрын бодлого дасгалууд”… гээд нэлээд ном гарсан. Өөр хүмүүс ч санал тавьдаг.

-Мартсанаас, Баян-Өлгийн дарга нарын 1976 онд танд амласан АБТА цол, нөгөө хүндэт медаль юу болсон бэ?

-Ном хэвлэгдэх үеэр би шилжчихсэн байсан болохоор тэд “санаагүй”, би ч нэхээгүй. Залуу, хэнэггүй, тэнэг ч байж дээ. Сануулсан бол өгөх л байсан биз. Тулхтай сайхан хүмүүссэн. 1981 онд амралтаараа очиход их сайхан үг хэлж байсан. АБТА-ны хувьд гэвэл тэтгэвэрт гардаг жил минь шинэ захирал Раах гэж хүн ирсэн. Армид хурандаа явсан, захирал байсан, математикийн багш… Намайг бага зэрэг мэднэ. Ирээд хэд хоносон байх, нэг өдөр хичээл дээр хаалгаар шагайн дуудаж “Та АБТА биш юм уу?” гэсэн. Би тийм гэсэн. Тэр “Яана аа! Ичмээр юм” гээд эргэсэн. Тэгээд долоо хоногийн дараа би АБТА болсон доо. Урьд сургууль бүрийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт нь “Багш нараас бүтээлтэй хүн бий эсэх” гэдэг асуулт байсан юм. Би уг нь АБЯ-ны захиалгаар бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн “ховор этгээд” л дээ. Бас өөрөө аймаг, сумын аварга болж, шавь нараа удаа дараа аймгийн аварга болгож, улсад ч байр эзлүүлж явлаа. Шинэ санаачилга ухаантай юм гаргаж, цөөхөн жил захирал хийсэн ч энэ зуур сургууль маань аймагт сурлагаараа тэргүүлж, “улсын шалгалтын дүнгийн харьцуулсан үзүүлэлтээр улсад тэргүүлсэн” гэдэг үг ч дуулж явлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *