УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан нам энэ сонгуулиар төсөөлж байсан үр дүндээ хүрсэнгүй. Ингэж гарахад ямар хүчин зүйл гол нөлөө үзүүлчихэв ээ?
-Хүмүүсийн хэлэх дуртай жижүүрийн ганц нэг үг байдаг даа. Энэ ялагдал бол ирэх ялалтын эхлэл гэж. Би тийм үгэнд дургүй. Ялагдал л бол ялагдал. Ялалт байгуулахын тулд урьд нь заавал ялагдсан байх албагүй. Би тэгж ялагдлынхаа гэм бурууг цайруулах гэж оролдоход дургүй. Энэ бол өөрөө өөрийгөө хуурсан хэрэг. Ялагдал гэдэг бол хариуцлага. Бид энэ хариуцлагаа хүлээнэ. Бид өрсөлдөгчөөсөө муу ажилласан, эсвэл бидэнд сул тал байсан болоод л ялагдсан. Тэгж л харж байна.
-Цаашид үүсэх нөхцөл байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Нөхцөл байдал яаж өрнөх нь тодорхойгүй байна. Олон хүн эрх баригчдаас их зүйлийг хүлээж байгаа байх. Миний хувьд ч гэсэн Монголын ард түмний нэгэн адил эрх баригчдаас сайн сайхан зүйлийг хүлээж байна. Мөн цөөнхийг төлөөлж байгаагийн хувьд хяналт тавих үүргийг давхар хүлээж байна. Ардчилсан нам эрх барьж үзсэн, бас сөрөг хүчин ч байж үзсэн. Бид сөрөг хүчин яаж хяналт тавьж ажилладгийг мэднэ. Хүний цөөн гэлгүйгээр хүчтэй, ажил хэрэгч сөрөг хүчин байж чадна. Гэхдээ би хувьдаа эрх баригчдыг үргэлж шүүмжилж, харлуулахын эсрэг байна. Бид өөрсдөө энэ зовлонг туулаад гарсан учраас эрх баригчдад ямар байдгийг мэднэ. Цаана нь хийх ажил их, иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас сайн ажиллуулахыг хүсч байна. Үнэхээр зөв зүйтэй зүйл санаачлаад хийгээд явбал дэмжинэ, бүр хамтран ажиллана. Харин буруу юм хийгээд эхэлбэл сөрөг хүчнийхээ хяналтыг тавьж, засч залруулахын төлөө тэмцэнэ.
-Ардчилсан нам Сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт оруулаагүй бол сөрөг хүчний гишүүдийн тоо үүнээс ч олон байж болохыг үгүйсгэхгүй байгаа. Үүнтэй та санал нийлж байгаа юу?
-Мажоритар буюу нэг мандаттай жижиг тойргийн сул тал тэр л дээ. Сонгогчдын тодорхой хувийн санал хаягддаг тэр жишээ л энэ.
-Эрх баригчид үүнийг тооцоогүй гэж үү?
-Жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. Нэгэнт Цэц ийм шийдвэр гаргасан учраас бидэнд сөрөх эрх байгаагүй. Бид Цэцийн шийдвэрийг л биелүүлсэн. Гэхдээ Ардчилсан нам бол амьдрах чавартай нам. Олон ч ялалт, ялагдлын амтыг үзсэн нам. Ёстой л хал үзэж халуун чулуу долоосон нам гэж хэлнэ. Бид эрх мэдэл албан тушаал дээр тогтдог нам биш шүү дээ. Үзэл бодол дээрээ тулгуурласан нам. Монголын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн нам. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа юм шүү. 1989 оноос өмнө Монгол Улс тусгаар тогтносон улс болж чадаагүй. 300-гаад жил Манжийн дарлалд байсан. Эх орноо гэсэн сэтгэлтэй хаад, ноёдыг нь Бээжинд аваачиж цаазалдаг байсан. Ингээд зогсоогүй. 1921 оноос хойш тоолох юм бол зургаан Ерөнхий сайдыг маань Москвад аваачиж цаазалсан гашуун түүх бий. Ганц энэ ч биш. Маш олон хүнийг харийн шоронд аваачиж тамлаж, зовоосон. Түүх соёлыг маань гуйвууллаа, бичиг соёлыг маань устгалаа. 1990 онд үүлэн чөлөөний нар шиг туссан тэр боломжийг бид алдаагүй. Монголчууд нийтээрээ маш ухаалаг байж тусгаар тогтнолоо олж авсан. Тийм учраас ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж ам бардам хэлнэ. Энэ үнэт зүйлийг хадгалж хамгаалах улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Цаашид ч хадгалж, хамгаалсаар байх болно. Өөр ямар нэгэн улс төрийн хүчин үүнийг өөртөө авч хадгалж, хамгаалж явж чадахгүй. Тэгэх хүсэл ч байхгүй биз. Миний хувьд бид үнэт зүйлээ олон нийтэд ойлгуулж чадсангүй л гэж харж байна. Монголчуудын үнэт зүйл юу юм бэ гэдгийг ард түмэндээ ойлгуулж чадсангүй. Энэ л бидний хамгийн том алдаа.
-Үнэт зүйл гэдгийг тодруулахгүй юу?
-Монголчуудад 1990 оноос хойш олдсон хувь хүний эрх, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал бидний үнэт зүйл. Ялангуяа залуу үедээ бид үүнийг ойлгуулж чадсангүй. Өнөөдөр тэд маань тусгаар тогтносон эх орондоо эрх дураараа амьдарч, хэний ч өөдөөс зоригтой үгээ хэлж чадаж байна. Заримдаа жаахан хэтрүүлж байна л даа. Ялангуяа сошиал ертөнцийг харахаар бидний ирээдүй хаашаа яваад байна вэ гэж гайхширмаар байдаг. Шүүмжлэл байлгүй л яах вэ. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэтэл хэт туйлшраад үг хэлэх эрх, эрх чөлөөгөө буруу ашиглаад байх шиг. Бусдыг шүүмжлэх харлуулах өнгө аяс давамгайлж байна. Цаана нь “Би улс эх орныхоо төлөө юу хийх билээ, ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа билээ” гэдгээ бодохгүй байх шиг. Зүгээр л бусдыг үгүйсгэж шүүмжлэхийг эрх чөлөө гээд ойлгочихож. Монгол Улсын иргэн, залуу хүн миний эрхэмлэж явах ёстой үнэт зүйл минь юу вэ гэдгээ ойлгоогүй, мэдрээгүй л явна. Тийм учраас амьдралын үнэ цэн, ардчиллын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулж чадаагүй нь бидний гол алдаа байсан гэж хэлээд байгаа юм.
-Зарим хүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал сонгогчдын хандлагыг огцом эргүүлчихлээ” гэж дүгнэж байна?
-ОХУ-ын талын компани өөрсдийн эзэмшдэг 49 хувиа монголчуудад заржээ. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болжээ. Монголын компани л авсан юм бол Монгол Улсын л өмч гэж ойлгож байгаа. Магадгүй үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж чадаагүй байх. Үүн дээр нь сөрөг хүчин нь овжин тоглолт хийснийг үгүйсгэхгүй. Иргэдэд эргэлзээ үүссэн үү, үүссэн. Гэхдээ энэ нь ялагдлын нэг л шалтгаан болохоос бүх шалтгаан биш. Ер нь бол миний харж байгаагаар бид улс төрийн стратегиа зөв боловсруулж чадаагүй, хийсэн бүтээснээ олон нийтэд ойлгуулж чадсангүй. Мөн түрүүн хэлсэнчлэн бид одоог хүртэл ардчиллынхаа үнэт зүйлсийг ард түмэндээ ойлгуулж чадаагүй л явна.
-Одоо та бүхэн нэн тэргүүнд юу хийх ёстой вэ?
-Ардчилсан нам үйл ажиллагаагаа яаралтай идэвхжүүлэх ёстой. Унтаа байдлаас нь гаргах хэрэгтэй. Үндсэн дүрмээ өөрчилж, шинэ шатнаас ажлаа эхлүүлэх хэрэгтэй.
-З.Энхболд даргыг Баянгол дүүргээс гараад ирэх болов уу гэж олон хүн харж байсан. Гэтэл чадсангүй. Үүнийг тантай холбож ярих ч хүн байна?
-Хэрэв зөвхөн Баянгол дүүрэг дээр ийм үр дүн гарсан бол тэгж хардаж болох юм. Улс даяараа л ийм гэнэтийн нөхцөл байдал үүслээ шүү дээ.
-АН сонгуульд ялагдсан нэг шалтгаан фракцуудынх нь зөрчил гэж хэлэх хүн олон байна. Намын удирдлагын томилгоон дээр ч энэ зөрчил харагдах болов уу?
-Ер нь тэгээд өндөг шиг өөгүй нэг цул, юугаар ч цохиод хагардаггүй бат бэх улс төрийн хүчин гэж энэ дэлхийд байхгүй. Улс төрийн нам гадна талдаа ч, дотооддоо ч өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэгж байж эрүүл байдаг. Жаахан хачир нэмэхэд огт өрсөлдөөнгүй байвал манай намд “Ардчилсан нам” гэдэг нэр нь ч зохихоо болино. Өрсөлдөөн гэдэг нэг талаар цэвэрлэх үйл явц шүү дээ. Цэвэрших процесс л явж байна гэсэн үг. Хэн илүү ухаан зарж, хэн илүү байж чадсан нь нөлөөгөө тэлж байдаг. Үүнийг хагарал бутрал гэж харж болохгүй. Тэр чинь огт өөр юм. Харин бидэнд Ардчилсан намаа үзэл баримтлал, философитой нам болгох шаардлага бол байна. Нам гэдэг өөрөө институци шүү дээ. Тэгэхээр намыг институци хэмжээнд хөгжүүлж, бодлого гаргадаг, түүнийгээ нийгэмд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэж гаргадаг байх ёстой. Тэгж чадвал нам институцийнхээ үүргийг биелүүлж байна гэж үзнэ.
-Институцийн хэмжээнд ажиллаж чадаж байгаа нам манайд байна уу. Эсрэгээрээ мафижсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Улс төрийн хүчнийг эрх ашгийн нэгдэл болгож болохгүй. Харамсалтай нь, Монголын улс төрийн хүчнүүд ийм л байна. Нэг хэсэг хүмүүсийн эрх ашиг дээр суурилсан бүтэцтэй гэж хэлж болно.
-Үүнийг өөрчлөхийн тулд залуу үедээ халаагаа өгөх цаг нь болсон гэх яриа бас гараад байгаа?
-Залуу гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Насаараа залуу юм уу, эсвэл сэтгэлгээгээрээ залуу хүнийг хэлээд байгаа юм уу. Миний хувьд энэ цаг үед хөгшин, залуугийн асуудлыг урьтал болгомооргүй байна. Намын удирдлагад хэр бэлтгэгдэж боловсорсон, үзэл бодол нь төлөвшсөн хүнийг гаргаж ирэх нь вэ гэдгийг л харна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж үг бий. Гэтэл гэрээ бүү хэл биеэ ч засч чадаагүй хүмүүсийг улс төрийн намын удирдах түвшинд гаргаж ирээд юу хийлгэх юм бэ. Үүнийг тооцохгүй, хэт туйлширч савлаж болохгүй. Асуудлыг хэт туйлшруулах ямар аюултайг сая бид бүгдээрээ л харлаа шүү дээ. Залуучуудаа дэмжих нь зөв өө. Монголын төр олон ч удаа залуу үеэ дэмжиж гаргаж ирсэн. Оносон нь ч бий, бас алдсан нь ч байгаа. Гэхдээ Монголын төр, Монголын улс төр туршилтын талбар биш. Бидэнд элдэв туршилт явуулаад байх цаг хугацаа байхгүй. Улс орны нийгэм эдийн засаг гэдэг алдах эрхгүй үүрэг. Тэр утгаараа хэн нэгнийг гаргаж ирээд туршилт хийлгэж байдаг талбар биш.
-Эрх баригчид шударга сонгууль явуулж, ялагдлаа ч бодитоор хүлээн зөвшөөрсөн нь нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлсэн?
-МАН-ынхан “хар машин”-д хөшөө босгох байх гэж бодож байгаа шүү. Мөн монголын ард түмэнд маш их амлалт өгсөн. Түүнийгээ биелүүлэх байх. Ард түмэн хангалттай суудал өглөө. УИХ-д 65 суудал өглөө шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг тултал нь өгсөн. Ардчилсан нам бол хэзээ ч олонхи болж үзээгүй. Хоёр удаа олуулаа болсон. Ардын нам миний мэдэхээр гурав, дөрвөн удаа үнэмлэхүй ялалт байгууллаа. Ийм том боломж өгч байхад Ардын нам ажил хийх л ёстой. Хэн ч эд нарт саад болохгүй. Бүх зүйлийг хүссэнээрээ хийх “том эрх мэдэл” тэдэнд байна. Ийм нөхцөлд тэд хэн нэгэн өрсөлдөгчөө, эсвэл улс төрийн хүчнийг мөрдөж мөшгих, айлган дарамтлах ямар нэгэн аргаар буруутган хэлмэгдүүлэхэд энэ том эрх мэдлийг ашиглах биш харин сонгогчдын итгэлийг дааж ажлаа сайн хийх нь тэдний эрхэм үүрэг байх ёстой. Миний хувьд тэднээс их зүйл хүлээж байгаагийнхаа адил шаардлагаа ч өндөр тавина.
Учир нь, би Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг өнөөдрийн түвшинд гаргах гэж өнгөрсөн дөрвөн жил өөрийн бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласан. Дараагийн эрх баригчид, ялангуяа хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн хамгааллын салбарт хүрсэн амжилтыг ахиулахын төлөө л ажиллах ёстой гэдгийг хэлье. Энэ салбарт хүрсэн түвшнээс ухарч болохгүй шүү. Орчин цагт аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчин чадлаас гадна хүний хөгжлийг нь хардаг болсон. Манайх ор тас мартаад байсан Хүний хөгжлийн асуудлаа өнгөрсөн дөрвөн жил цоо шинэ түвшинд гаргаж чадсан. Энэ бол хэн нэг Эрдэнэ гэдэг хүний амжилт биш, Монгол Улсын, нийт монголчуудын бий болгосон амжилт. Тийм учраас амжилтаа ахиулаад яваарай. Дөрвөн жилийн өмнө би нэг их наяд гаруй төгрөгийн өртэй салбарыг хүлээж авсан. Өнөөдөр нэг ч төгрөгийн өргүй салбарыг хүлээлгэж өгөх болно. Нийгмийн даатгалын-Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансыг ипотекийн зээлийн хөтөлбөрийн үр дүнд бий болгосон хөрөнгө болох гурван их наяд гаруй төгрөгөөр хөрөнгөжүүлж, мөнгөжүүлснээ мөн хүлээлгэн өгөх болно.
-Ардчилсан намын гишүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Бид бүгдээрээ л монгол хүмүүс. Эрх баригчдаа дэмжээд улс орныхоо сайн сайхан ирээдүйн хөгжлийн төлөө хамтраад ажиллах ёстой. Гэхдээ аливаа буруу бодлого, үйлдлийн эсрэг хатуу зогсч тэмцэх ёстой. Бид эв нэгдэлтэй байж, буруу, хууль бус үйлдлийн эсрэг сөрж чаддаг байх ёстой. Өнөөдөр ялагдлаа гээд гуньж гутраад байх хэрэггүй ээ. Бид ямар ч нөхцөлд амьдрах чадвартай нам гэдгээ олон зүйл дээр харуулсан. Одоо ч харуулж чадна, цаашдаа ч харуулсаар байх болно оо.
Ж.БАЯР