Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй л дээ

Сүүлийн үеийн УИХ-ын шинэ гишүүдийн дунд сенсаци тарьж байгаа нь С.Жавхлан. Төрийн түшээ болж тангараг өргөх үедээ морь унан ирж олны анхаарлыг татлаа. Гэтэл гадныхан манайхныг хамгийн их дооглодог зүйл нь та нар ажил, сургуульдаа мориор явдаг уу гэх гайхашрал. Монголын талаар төдийлөн сайн ойлголтгүй гадаад хүн манайд ирэхдээ “Намайг онгоцоор нисээд очихоор та нар морьтой тосох уу” гэж асуудаг. Гурван жилийн өмнө Японоос ирэх жуулчин яг ингэж асууж байсныг тод санаж байна. Тэрээр Монголд очоод хаашаа л бол хаашаа морь унаж явна гээд ойлгочихсон байв.Тухайн үед намайг, Монголыг дооглоод байгаа мэт санагдаж билээ. Гэтэл гадныхны хувьд тэр нь тавлаж буй хэрэг огтоос биш юм. Яг л тийм орчин угтаж авна гэж бодсондоо чин үнэнээсээ ингэж асуудаг. Монголчуудыг арвангуравдугаар зууны үеэрээ байгаа, иргэншээгүй нүүдэлчид гэж төсөөлөх нь бий.

Дээрээс нь зориудаар Монгол Улсыг доош нь хийх далд бодлого ч байдаг байх. Гадныхны энэ үзлийг батлах гэсэн мэт УИХ-д сонгогдсон эрхэм түшээ морьтойгоо төрийн ордонд ирлээ. Үндсэрхэг, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэдэг гэхээсээ илүүтэй гадныхны монголчуудыг доош нь хийдэг үзлийг батлах гэсэн мэт харагдаж байлаа. Эрхэм гишүүн өөрийгөө үндсэрхэг үзэл, ёс заншилдаа үнэнч гэж бодож байгаа байх л даа. Гэвч үнэн хэрэг дээрээ дээр өгүүлсэн шиг харагдаж байсныг нуугаад яахав.

Тэгвэл Монгол гэж ямар улс орон бэ. Бид орчин үеийн, дэлхийн жишгээр хөгжиж буй улс. Монголчуудад гаж буруу зан заншил, зуршил байхгүй. Дэлхийн хүн төрөлхтөн юу хийж, хэрхэн аж төрж байгаа билээ. Бид тэдэнтэй л ижил. Дэлхий юуг жигшин зэвүүцэж, юугаар бахдан хөөрч байна, бид ч гэсэн ялгаагүй л байдаг. Түүнээс биш дэлхийн чихийг сортхийлгэсэн элдэв буруу асуудал манайханд байхгүй. Харин бидний нүүдэлчин, морио унадаг гэдэг бол үнэн. Гэхдээ Улаанбаатар хотод морь унаж ажил, сургуульдаа явж байгаа хүн байхгүй. Ахуйн хэрэглээндээ морь мал ашиглах явдал 1950-иад оноор дууссан байх. Ганц нэг морин тэргээр ачаа зөөж, айл нүүлгэдэг байсан бол “Портер” болон амьжиргаа цагаан зэрэг машин орж ирснээс хойш ор мөргүй алга болсон. Одоо бид дэлхийн хүн төрөлхтний хөгжлөөс юугаараа ч дутаагүй. Яахав, шинэ технологи хөгжин гарч ирлээ гэхэд бид хэдхэн сарын дараа л эх орондоо оруулаад ирдэг. Ийм л эрин зуунд монголчууд амьдарч байгаа. Цаашлаад мэдээллийн ямар ч шинэ технологиос хоцорсонгүй. Энэ жишгийг дагаад сошиал ертөнцийг маш сайн ашиглаж байна. Янз бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Твиттер ертөнцөд дуу хоолойгоо хүргэж хувийн бодлоо илэрхийлдэг хүмүүсийг жиргээч гэдэг. Тэдэн дундаас Бат инженер гэж жиргээч “Жавхлан дээлээ тайлаад ном унш. Портууны орлогч стилээр төрд хол явахгүй. Явуулж байгаа юм биш. Улсын эрх ашиг, сөрөг хүчинд нэмэр бол” гэж бичсэн байна лээ.

Энэ үг их үнэн санагдаж байлаа. Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй. Заавал адуу мал гэхийнхээ оронд ардчиллыг улам бүр хөгжүүл, ардчилалд тус бол. Манай эх оронд ардчилал байгаа учраас тэрээр ард түмний дундаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол Монголыг хөгжүүлж байна гэсэн үг. Түүнээс биш элдвийн илүү дутуу зүйлд сатаарах хэрэггүй. Хэн ч сонгогдож болдог иргэний сайхан нийгэм байгуулахад хүчээ зориулах ёстой.

Өнгөн талын хэлбэр хөөсөн зүйл одоо нэг их хэрэг болохгүй. Тэгвэл сайхан харагдана, ингэвэл муухай харагдана, намаа ингэж ч эвгүй харагдууллаа гэж ярих хүмүүс байх юм. Энэ бол угтаа үндсээрээ буруу зүйл шүү дээ. Харагдах байдал, утга учир нь зөв байх ёстой байдаг. Харин С.Жавхлангийн хувьд төрд үгээ зөв хүргэж чадвал монголчуудын жинхэнэ дуу хоолой болох боломжтой. Түүний хэлж, ярьж буйг нь анзаараад байхад эр хүнд байх ёстой тулхтай чанар, уужуу бодол харагддаг. Одоо харин өөрт буй чадвараа ашиглаад ардчиллыг хөгжүүлэхэд тус нэмэр болоорой. Ардчилал зөв утгаараа хөгжиж байж Монголын ард түмэн сайхан амьдарч чадна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байна гэсэн үг. Хэрэв жинхэнэ утгаар нь хөгжүүлэхгүй, ардчилсан нийгмийг цогцлоож чадахгүйгээр нэг хүний атганд орчих юм бол бусдын идэш болоход тун ойрхон болно. Тиймээс эх орныхоо төлөө цохилох зүрхтэй С.Жавхлан нарын төрийн түшээд зөв зүйлийг, зөв хөгжлийг утга учраа болгомоор байгаа юм. Түүнээс биш дүр эсгэсэн нүсэр жүжиглэлт хэрэггүй. Морь унаж дээл өмссөнөөр монгол хүн гэх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Үүгээр үндсэрхэг үзлийг чөдөрлөх учиргүй. Өчигдөрхөн гэхэд л олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Наадмаар голын эрэг дээр амарчихаад буцахдаа хогоо түүгээд аваад явах нь жинхэнэ үндсэрхэг үзэл шүү” гэсэн мессэж хүчээ авсан. Үүнтэй санал нийлэх хэрэгтэй. Хий хоосон дүр эсгэж жүжиглэлтээ хэтрүүлээд байх юм бол УИХ-д шүлснээс өөр зүйлгүй популист л нэмэгдэнэ. Ард түмнээс хамгийн их санал авч сонгогдсон С.Жавхлан ийм байх хэрэггүй юм. Зогсоо зайгүй жүжиглээд, ард түмнээр өрөвдүүлэх гээд, гоё харагдах гэж худлаа дүр эсгээд байвал ард түмэнд туслах биш харин ч хорлосон болно шүү. Тэрнээс гадна элдвийн шуугиантай жүжиг Монгол Улсыг гол асуудлаас нь хөндийрүүлээд байдаг муу талтай. С.Жавхлангийн морийг муулж, ташуурыг нь шүүмжилсээр байтал цаагуур нь Монгол Улсад хорлонтой аливаа үйл явдлыг өрнүүлэхэд маш их дэм тус болдог. Ийм учраас бидэнд популистууд хэрэггүй гэж үздэг юм. Популистууд өнгөн талын шуугианыг дэвэргэдэг учраас монголчууд тэднийг үл тоож хэнд ч хэрэггүй гэж үздэг.Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэх үгийг санаж элдэв зүйлд туйлшралгүй ард түмнийхээ элч болон ажиллаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй л дээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүдийн 97,1 хувийн саналаар Жаргалтулгын Эрдэнэбат гишүүн шинэ Ерөнхий сайд болсон билээ. Мөн Ерөнхий сайдын томилгооноос гадна АТГ-ын даргыг томилсон юм. УИХ-ын чуулганаас хийсэн сурвалжлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар алдарт гуравдугаар нүүрт “Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй л дээ” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Уг нийтлэлд “…С.Жавхлангийн морийг муулж, ташуурыг нь шүүмжилсээр байтал цаагуур нь Монгол Улсад хорлонтой аливаа үйл явдлыг маш их тус дэм болдог. Ийм учраас бидэнд популистууд хэрэггүй гэж үздэг юм…” хэмээн бичжээ.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буланд Баянхонгор аймгийн сургуулийг 1966 онд төгссөн 10а ангийнхан уригдан оролцлоо. Эл ангийнхны дурсамж юуг нь сонирхъё гэвэл нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Болдын Уянга хэмээх бүсгүй Харвардын их сургуулийг геологийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй төгссөн эрдэмтэн юм. Түүний эрдэм боловсрол, авьяас билгийг онцлон “Өдрийн зочин” буландаа гаргалаа. Тавдугаар нүүрээс Б.Уянгын Харвардын их сургуульд хэрхэн боловсрол эзэмшсэн үүх түүхийг уншаарай.

Баяр наадмыг угтан маргааш Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тавина. Жүжгийн гол дүр Нансалмаад ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран дуулахаар болсон юм. Түүний ярилцлагыг 11 дүгээр нүүрт хэвлэлээ.

Амралтын дугаарт тогтмол хүргэдэг “Танин мэдэхүй” буланд дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их, нарны аймгийн хамгийн том гариг Бархасвадийн тухай маш сонирхолтой мэдээллүүдийг нийтэллээ. Харин “Дэлхийн хүн буланд алдарт гүн ухаантан, математикч Пифагорын сонирхолтой түүхийг хэвлэв. МЭӨ 570-490 онд амьдарч асан тэрбээр хүн төрөлхтөнд ямар гайхалтай түүхээ үлдээснийг 15 дугаар нүүрээс уншаарай. Эдгээрээс гадна “Хэлэх эрхийн индэр”, “Миний үзсэн наадам”, “Евро2016”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмогл булангууд гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *