Categories
мэдээ цаг-үе

Атрыг амилуулж баатрыг төрүүлсэн ЦЭЭЛ сум

Майхан уул

Улаанбаатар хотоос баруун тийш хатуу хучилттай замаар 100 км яваад Төв аймгийн Баянхангай сумын Атар сууринд ирнэ. Тус суурингаас баруун хойш салж шороон замаар 60 км давхиад Төв аймгийн Угтаалцайдам сум хүрнэ. Харин уг сумаас цааш 20 км давхиад Төв аймгийн Цээл суманд хүрнэ. Энэ бол манай нутаг. Хуучнаар бол Залуучууд сангийн аж ахуй гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй. Гэхдээ залуу үеийнхэн бол Цээл сумаар нь сайн мэднэ. Цээл сум 1976 онд Угтаалцайдам сумаас тасарч өнөөгийн төрхийг олсон бөгөөд анх атрын шинэ аж ахуй байгуулах зорилгоор өрх тусгаарласан гэсэн үг. Харин 1977 онд албан ёсоор Цээл сум болж Монгол Улсад нэгэн сум нэмэгдсэн түүхтэй. Өдгөө Цээл сум 40 жилтэйгээ золгож байна. Тэгэхээр байгуулагдсан түүхээс харахад л сумын уугуул иргэд нь тариачин ард түмэн болж таарна. Сумын иргэдийг тариаланч, ногоочин, малчин гээд гурван бүлэгт хуваачихаад болно. Газар нутгийн хувьд Орхон, Сэлэнгийн сав газрын ойт хээрийн бүст хамрагдах боловч сумын төвийн баруун хэсэг, хойд талаараа говь нутгийг санагдуулам элсэрхэг. Энэ элсэрхэг бүсээ нутгийнхан “Элсэн цагаан” гэж нэрлэдэг. “Элсэн цагаан” мойл жимс ургадаг монос мод ихтэй. Наймдугаар сар жаахан гаргаад л сумынхан том, жижиг гэлтгүй битон сав бариад л явган алхчихна. Сумын төвөөс баруун тийш ганц гүвээ даваад л мойл жимс сагуулсан моностой хөндий угтана даа. Хүүхэд байхад ангийнхаа охидтой мөн ч их явдаг байж дээ. Орой нар шингэх үед л хар ам, шүдтэй амьтад л ирдэгсэн. Атрын буянаар энэ хөндийд олон сайхан залуус ажил, амьдралын гараагаа эхэлж өдгөө үр хойч нь тариачдын үргэлжлэл болон амьдарч явна. Хөнгөн сийрэг, хүрэн хөрстэй учраас тариа тарихад нэн тохиромжтой нутаг. Ган гачгаас л биш бол газрын хөрснөөс болж ургац хураасангүй гэж би лав сонсоогүй. Цээл суманд тариа тарьдаг иргэн, аж ахуйн нэгж, компани нэлээдгүй бий. Өдгөө аймгийнхаа улаан буудайн гуравны нэгийг бүрдүүлж байна. 2010 онд Цээл сум улаан буудайн ургацын хэмжээгээрээ аймагт тэргүүлж байсан удаатай. Энэ мэтчилэн олон сайхан амжилтыг энд дурдаад барамгүй. За тэгээд хамгийн олон Улсын аварга тариаланч төрсөн сум шүү дээ. Хамгийн анх сумын маань тулгын гурван чулууг тавилцаж сумын сангийн аж ахуйн даргаар ажилласан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун юм. Батчулуун гуай бол манай сумын хувьд домог болүсон хүн. Түүний талаар захын хүнээс очоод асуухад л тийм хүн байсан гээд хэлээд өгнө. Хийсэн ажил, байгуулсан гавьяа нь түүнийг мөнхжүүлсэн юм. Ард түмэн түүний гавьяаг хойч үеийнхэндээ мөнхөд сануулсаар ирсэнтэй холбоотой. Цагтаа Б.Батчулуун дарга эх орныхоо гурил тэжээлийн сан хөмрөгт 550 гаруй мянган тонн дээд зэргийн чанартай улаан буудайг нийлүүлж явжээ. Энэ амжилт нь түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болгосон гэдэг.

Түүний араас улсын ургацын таван удаагийн аварга, гавьяат механикжуулагч Х.Лхагважав, гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, ЗХУ-ын хошой баатар, гавьяат агрономич Д.Дамдинсүрэн, улсын дөрвөн удаагийн аварга Ц.Чулуун, Б.Дамдин нарыг нэрлэж болно. Мөн Б.Борхүү, Х.Шаалай, Б.Жасрай, Д.Цогтгэрэл, Б.Лхамсүрэн нар улсын хошой аваргууд юм. Тэгвэл Б.Базарсад, Э.Төмөрбаатар, Ц.Очир, Ч.Цэндсүрэн, С.Адъяа, Д.Халиунхүү, Ж.Пүрвээ, Ч.Пүрвээ, Ж.Бямбадорж, Ж.Баатар, Л.Доржпагма, Б.Гомбодорж, С.Адъяа, П.Цэнд-Аюуш, Х.Батжаргал нар аймгийн хошой аваргууд юм. Энд мөн нэгэн амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Д. Хэнчбиш, Л.Нэргүй, Б.Баасандорж, Ц.Билэгтсайхан, Д.Баатарцогт, Б.Далайжаргал, Ш.Амарсанаа зэрэг тариаланчид Монгол Улсын ургацын залуу аваргаар тодорч байжээ. Миний өвөө Г.Пунцаг-Осор ч мөн атарчдын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Эдгээр хүмүүс бол Цээл сумын бүхий л цаг үеийн энх цагийн баатрууд юм. Өдгөө ч сумынхаа нэрийг улсад цуурайтуулж буй олон сайхан хөдөлмөрч хүмүүсийн нэрийг энд жагсаавал даанч багтамгүй. Үүнд насаараа үйлдвэрчний эвлэлийн дарга хийсэн Маам гуайг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрээр атарчдын өлгий нутаг сумынхаа тухай хоёр ч цуврал ном гаргасан сэхээтэн хүн. Сум сургалтаараа бусад сумаас ихэд ялгардаг. Бүхий л аймаг, бүсийн олимпиад, тэмцээний тэргүүн байрыг Цээлийн сурагчид хамна. Улсдаа тэргүүлэгч “Монгол контент”-ыг үүсгэн байгуулагч Г.Гантуяа Цээл сумын уугуул, түүн шиг амжилттай яваа бизнесмэн олон бий. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж Цээж бодолтын дэлхийн аварга болсон Т.Мягмарсүрэн Цээлийн уугуул хүү. Түүнчлэн Гардан тулааны олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Галсандорж мөн л энэ нутгаас төрөн гарчээ. Энэ мэтчилэн энд нэр нь дурдагдаагүй олон сайхан мундаг залуус бий. Цээл сумын тухайд тариалангаас гадна хадлан бэлчээрийн газар нутгаараа алдартай. Ойт хээрийн сав газар гэдэг утгаараа үржил шимт ургамал ихтэй аж. Тиймээс Увс, Баян-Өлгий зэрэг олон аймгийн олон ч сумаас отроор малчид ирдэг. Зарим нь бүр идээшин суурьшиж араасаа төрөл саднаа хүртэл авчирдаг. Хааяа нутагтаа очихоор бараг таних хүнгүй болсон ч юм шиг, таньдаг царай цөөхөн харагддаг. Хавар намрын улиралд сумын төв бараг хүнгүй болчихдог. Хүүхэд хөгшчүүл л үлддэг. Учир нь энэ үеэр ид ажил оволздог юм. Тариа, ногоо тарих нь талбайгаа бараадаж, намартаа нэг хэсэг нь хадлан бэлтгэж, тариагаа хурааж, ажилгүй хэсэг нь хэдэн төгрөгөөр будаа шигших зэрэг их ажилд дайчлагдана. Ийм л зураглалаар ард түмэн жилийн дөрвөн улирлыг угтаж, үднэ.

Хаврын улирлаар хамгийн түрүүнд сумын төв өнгөө засна. Хил залгаа сум өвсний сөл ч цухуйгаагүй байхад манай нутаг ногоон ширдэг шиг л сайхан болдогсон. Ёстой нөгөө Цоодолын Хулангийн Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан…шүлгийн мөрүүдийг санагдуулам. Сумын төвийн эргэн тойрон дахь байгалийн тогтоц их содон. Сумын хойморт Майхан гээд уул бий. Түүний араар сумын хойд хаяаг хашаалан байрлах Шахайт гээд уул байна. Харин сумын урд тал дунд багавтар хадтай цохио мэт харагдах боловч ар хоймроос нь нэлээдгүй мацуулчихдаг Талын хайрхан гээд уул байна. Баруун талд Их Хөшигт, Бага Хөшигт гээд хайрхнууд бий. Уулаар хүрээлэгдсэн хэсэгхэн хонхорт сумын төв байрлана. Сумын төвөөс зүүн тийш 30, 40 км-ийн зайд Хүүлэй хан уул баруун урагш сунайн үргэлжилнэ. Энэ уулын ар хормойгоор урсах гол бараадан малчин түмэн зунжин налайж намартаа намаржиж өвлийн түрүүчийн цаснаар өвөлжөө рүүгээ нүүдэгсэн. Одоо ч ийм л байгаа. Голын урсгал даган урагшлахад Бугын ам гэж бий. Уулын амнаас уруудан урсах булагт ам гэж хэлж болно. Хуучин тэр хавьд Бугын бригад байсан юм билээ. Одоо бол хэдэн малчин айл л зусна. Тэгвэл сумын төвөөс хойш 10 хүрэхгүй км зайд Бурхантай нуур бий. Хотынхон зундаа Туулын хөвөө бараадаж амарч зугаалдаг шиг манай сумынхан энэ нуурыг зундаа тойрон бүчиж амардагсан. Хажуудаа бурхны барималтай. Энэ нууранд хүн, малгүй л зуны халуун өдрийг барна даа. Нуурын зүүн хаяанд Хар нуур гэж бас бий. Тэр хэсэг дэрс ихтэй. Хэдэн мянган хонь байлаа ч дэрстэй хөндийд орвол харагдахгүй. Дэрстэй хөндий басхүү нэлээд үргэлжилнэ. Хар нуурт олон жилийн өмнө гаргасан ховооддог, эргүүлдэг худгийн суурь их бий. Энэ хөндийн өмнө харагдах уулыг давахад л сумын төв рүү тонгойгоод ороод ирнэ. Бага байхад манайх С.Лхагва өвөөгийнхтэй Хар нуурын дэрсэн дунд айл гэрээр бууж зуншдаг байлаа. Тэр үед “Халтар царайт” олон ангит кино гардаг байсан юмдаг. Эмээ маань кино гарах дөхөөд ирэхээр морин тэргээ хөллөөд намайг суулгаад л сумын төв рүү жолоо мэдэн шогшуулж өгнө. Томчууд нь морьтой явчихдаг байсан учраас би эмээтэйгээ явдаг байсан нь энэ. Нэг удаа Д.Цэвэлмаа эмээ маань их ууртай байна. Хүүхэд юм хойно хэрэгт дурлаад хонины хашааны хажуугаас эмээ, аав хоёрын яриаг чагналаа. Тэгсэн аав адуугаа олоогүй бололтой. Эмээ “Киногоо үзэж чадахгүй нь” гэж ирээд их л уурлаж билээ. Анх удаа л эмээгээ уурлаж байхыг харсан нь тэр. Эмээ ч уурлаад сумын төв рүү намайг хөтлөөд алхчихлаа. Төд удсангүй ах мотоцикльтой ирж төв рүү дөхүүлж билээ. Хар нуур, Бурхантай нуурын өмнүүр хотын дөрвөн замын уулзвар дундах төв зам шиг тод шороон зам бий. Тэр замаар нутгийнхан баримжаална. Хар нуураас баруун тийш Бурхантай нуур өнгөрөөд Баянбүрд гээд басхүү гол устай нутаг бий. Хурдан морь сумын төвөөс Баянбүрдийг хөндлөн гулд дайраад өнгөрдөгсөн. Миний бие гийнгоо цангинуулж, тоос босгон хурдлах хурдан морьдын тэрхүү уралдаанд мөн ч олон удаа оролцсон доо. Ерөнхийдөө сумын нутаг дэвсгэрт гол ус багатай хэдий ч хүн амьдрахад ихэд тааламжтай сайхан нутаг гэж өвгөд ярьдаг. 2000 оны эхээр сумаас хот бараадсан шилжилт хөдөлгөөн их эрчимтэй өрнөсөн. Хажуу хөрш айлууд бууриа харлуулаад нүүхэд, хашааны хэдэн шон л үлддэг байв. Харин саяхнаас хотоос эргээд сумандаа очиж амьдрах сонирхолтой хүмүүс их болсон шиг санагдсан. Онгорхой цоорхой гудамж ч байхгүй битүү хашаа хатгаад шинэ байшингууд ээлж дараалан босч байна. Төвийн баруун урд залуучуудын хотхон хүртэл байгуулах төлөвлөгөө гаргачихсан аль хэдийнэ хэрэгжээд эхэлж. Хуучин балгас өнгө муутай барилга гээд хаа газрын сумдын төрхийг тэндээс олж харахгүй. Хуучин барилга, байшинг буулгаад шинэчилж байгаа юм байна. Мөн захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт залуу боловсон хүчин түлхүү орж ирсэн нь ихэд таатай. Атар газрын сум орчин цагт хуучин өнгө төрхөө гээж шинэ амьдрал суманд нахиалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *