-ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод долоон сар болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур гэрээс нь баривчилж, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан. Тавдугаар сард Б.Булганы биеийн байдал муудаж, УИХ-ын нэр бүхий гишүүд очиж, хэрхэн хоригдож байгаатай нь танилцсан. Ингээд Цагдан хорих 461 дүгээр ангид авчирч, эмнэлэгт хэвтүүлж байв. ШШГЕГ-ын цагдан хорих эмнэлгийн эмч нар өнгөрсөн сарын сүүлчээр түүний биеийн байдлыг сайжирсан гэж үзсэн учир эргүүлэн Төв аймгийн Цагдан хорих ангид шилжүүлжээ. Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хэвээр байгаа гэнэ. Өмгөөлөгч нь хоёр удаа уулзсан гэнэ. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа ч зогсож, хэрэг “гацаанд” орсон байдалтай байгаа аж.
С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ ЭРДЭНЭТЭЭС БАРИГДСАН ГУРВАН ХҮНИЙ ТУХАЙД
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг баривчилсан талаар албан бус мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр гарсан. Мөн УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн малчин, тогоочоор ажиллаж байсан хоёр залуу, нэг эмэгтэйг уг хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Орхон аймгаас баривчилсан байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн гэх мэдээлэл ч хэд хэдэн удаа гарсан. Мөн 17 жилийн өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барьсан, удахгүй олон нийтэд зарлана гэж ч байв. Гэвч нууцлалын өндөр зэрэглэлтэй хэрэг учир холбогдох албан тушаалтнууд нэг ч удаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Эрдэнэт хотоос Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэх гурван хүнийг баривчилсан байдаг. Тэдний ар гэрийнхэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх гурван хүнийг С.Зоригийг хөнөөсөн хэмээн цагдаагийнханд гэрчилсэн хүнийг Амгаланбаатар гэдэг аж. Тэрбээр Эрдэнэт хотод бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, 25 жил хорих ялаар шийтгүүлсэн нэгэн гэнэ. 1998 он буюу С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдах үед 16 настай байжээ. Хэрэгт сэжиглэн шалгагдаж байгаа Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг нар 1998 онд дөнгөж 18, 20 настай байсан юм байна.
МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа Ажлын хэсгийнхэн Б.Булган болон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гурван хүнийг цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Хуульд зааснаар сэжигтнийг зургаан сарын хугацаанд цагдан хорьж, батлан даалтад гаргах ёстой байдаг аж. Гэвч нууцлалын зэрэглэлтэй хэрэг учир цагдан хорих хугацааг сунгасаар байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа гэх мэдээлэл байна. Содномдаржаа, Чимгээ, Ганхуягийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ батлан даалтад гаргах хүсэлтийг Прокурорын ерөнхий газар, Шүүхэд удаа дараа гаргажээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.
БУЛГАНЫ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ МЭДЭХ ХҮН АЛГА
Б.Булган болон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хэвээрээ байгаа гэх мэдээлэл байна. Б.Булганыг Төв аймагт хоригдож байх хугацаанд УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар эргэж очсон байдаг. Тэднийг Булгантай уулзуулахгүй гэхэд Ц.Оюунгэрэл хорих ангийн шалан дээр уулзатлаа сууна гэж байж уулзаж байсныг хүмүүс мартаагүй байх. Тэндээс гарч ирсний дараа тэрбээр “Б.Булганы эрх зөрчигдөж байна” хэмээн твиттерээр жиргэж байв. Мөн “Булганыг Төв аймгийн хорих ангийн бүрэн камержуулсан өрөөнд байлгадаг. Ариун цэврийн хэрэгсэл, солих хувцас, унших, ном, өргөдөл бичих цаас огт өгдөггүй юм байна” хэмээн ярьсан билээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ ч үзүүлэхгүй, бие засахдаа хүртэл хянагч нарын хараа хяналт дор байдаг. Энэ нь Б.БулганыҮндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байгааг Ц.Оюунгэрэл гишүүн онцолж байсан. Б.Булганы ээж Д.Байгаль Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УЕПГ, Улсын дээд шүүх, ХЭҮК-ынхонд хандаж өргөдөл өгсөн. Хүний эрхийн үндэсний комиссынхон Б.Булганыг цагдан хорьж байх хугацаанд эрх нь зөрчигдөж байгаа хэд хэдэн зүйл илэрсэн. Тухай бүрт нь засч залруулсан гэх утга бүхий мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдээлж байсан юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар түүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хэлэх хүн байсангүй. Учир нь ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нартай нь уулзуулахгүй байгаа юм байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажиллагаа иймэрхүү маягтай үргэлжилж байна. Зарим нэг эх сурвалж сонгуулийн дараа хэрэг нь прокурорт шилжихээр байсан. Гэвч тодорхой бус шалтгааны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа “гацаанд” орсон гэж байна лээ.
Г.Батзориг